Төрийн ордон дээр аварга бэлгэвч байрлуулъя


Нэг үе нийгмийг бүхэлд нь цочроож байсан ХДХВ, ДОХ одоо энгийн үзэгдэл болох нь ээ. Аливаад дасамтгай монголчуудын хувьд бүр ч амархан үзэгдэл бололтой. Халдвар 100 дөхөхөд л манайхан ерөнхийдөө дассан гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр бүр зуу гараад талийлаа. Өнгөрсөн долоон хоногт хоёроор нэмэгдэж, 134 хүрсэн бол энэ долоон хоногт 137 болов. Даруй гурваар өсчээ. Бүгд эрчүүд, тэр дундаа бэлгийн хэвийн амьдралтай гээд бодохоор сэтгэл зовнихгүй байх арга алга. Айдас, хүйдсийн талаар энд ярих хэрэггүй биз ээ. Яагаад гэвэл бид айхаа байжээ. Тэмбүү, заг хүйтэн, трихомониазын дайны боддог болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Эмч нарт нь ч, энгийн иргэдэд нь ч тэр гэхэд хилсдэхгүй. ДОХ-ын тохиолдол гарах болгонд сониныхоо тэргүүн нүүрт томоос том, тодоос тод тавьдаг байсан хэвлэлийнхэн ч тоохоо больжээ. Хойгуурхан шиг нүүрийнхээ нэгэн буланд бяцхан мэдээ шидвэл их юм болж. Ингэтлээ дасна гэдэг аюултай хэрэг. ДОХ-оор айлгах хэрэггүй гэсэн ДЭМБ-ын бодлого ч нөлөөлсөн байж болох талтай. Айлгахгүй ч гэсэн аягүйцүүлдэг бодлого барьсан бол дээр байсан даа гэх бодол хааяа төрдөг л юм. Гэвч сэтгүүлчид бид бодлого боловсруулагчид биш л дээ. Бодлогыг хүргэгчид бөлгөө. Гэхдээ иргэн хүний хувьд санаа зовох нь мэдээж. Гэр хороолол дахь нэгэн дэн буудлын эзэн танилын маань үг намайг ихэд цочоов. “Манайхаар үйлчлүүлэгчдийн наяас дээш хувь нь бэлгэвч хэрэглэдэггүй” гэсэн билээ. Энэ аймшиг биш гэж үү? Энэ долоон хоногийн эхээр сайн дурын шинжилгээнд хамрагдсан мянга орчим хүнээс дээрх гэрван тохиолдол илэрсэн бөгөөд сэжигтэй гарсан гурван нөхөрт давтан шинжилгээ хийж буйг эх сурвалж ярилаа. Тэднээс лавтай нэгийн зэрэг нэмэгдэх байлгүй. Бид гурван сая хүрэхгүй хүнтэй. Тэгвэл биднээс хавьгүй олон хүнтэй бүхэл бүтэн тив болох Африк бараг живчих шахсаныг мартаж болохгүй. Тайланд хүн амынхаа тал хувийг халдварт алдаад ухаарсан удаатай. Энэ янзаар, өөрөөр хэлбэл, түймэр мэт дэгдвэл бид “унтрааж” чадахгүй. Тэгвэл яах вэ гэж үү? Урьдчилан сэргийлэх, дахин урьдчилан сэргийлэх бөлгөө. Урьдчилан сэргийлнэ гэдэг нь угтаа сургалт, сурталчилгаа юм. Зөвхөн жил бүрийн 12 дугаар сарын нэгэнд ажил зохиосон болоод өнгөрдөг болчимгүй явдлаа боливол таарна. Ядаж л нүдэнд үзэгдэх газар, Төрийн ордон дээр салхинд намирч байдаг хийлсэн аварга бэлгэвч байрлуулъя. Төрийн далбаатай зэрэгцээд салхины аясаар намирч байна биз. Өдөр бүр түүгээр явагсад хараад нэгийг бодож байг л дээ.
Г.Мөнхнасан
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ