Агуу Бесик Кудухов авто ослоор нас барлаа

Олимпийн хошой медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга ОХУ-ын нэрт бөх Бесик Кудухов авто ослын улмаас таалал төгслөө. Дэлхийн аварга машинтайгаа Краснодарын автозам дээр явж байгаад осолджээ.

2013 оны босгон дээр спортын ертөнцөд гэнэтийн осол, гэмтлийн мэдээ цөөнгүй сонсогдож иргэдийн харууслыг төрүүлээд байна. Чөлөөт бөхийн спортоор дэлхийд дөрвөн удаа аваргалж, Бээжингийн олимпийн наадмаас хүрэл, Лондоны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан ОХУ-ын нэрт бөх Бесик Кудухов өнгөрсөн шөнө Владизавказаас Краснодар орох зам дээр авто ослоор нас баржээ.

Тэрбээр энэ хорвоод 27-хон наслахдаа чөлөөт бөхийн спортын түүхэнд өөрийнхөө мөрийг дархлан үлдээж чадсан агуу тамирчин байсан юм. 2007 онд анх удаа дэлхийн аварга болохдоо манай бөх, гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатарыг алтан медалийн төлөөх барилдаанд ялж байсан гэдгээр нь монголчууд түүнийг сайн мэддэг юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ