Амьд цаасан барын домогтой ярилцахуй

АНУ-д гэр бүлийн хамтаар ажиллаж, амьдарч буй нэгэн авьяас билэгт эрхэмтэй холбогдон ярилцах завшаан тохиосноо оны босгон дээр уншигч танаа толилуулж байна. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Жагир овогт Сандагдоржийн Төрбурам нь Монголын цаасан барын урлагийг үндэслэгч, Монголдоо төдийгүй өрнө дорнын 20 гаруй улсад Монголын соёл урлагийг сурталчлагч гүүр болж яваа нэгэн билээ.

-За танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сайхан өвөлжиж байна уу?

- За чамд ч бас мэнд хүргэе. Ажил, амьдрал сайн, сайхан өвөлжиж байна аа. Манай энд өвөл их оройтож болдог, цаг агаар дулаан гэх үү дээ гэхдээ энэ жил нэлээд хүйтэн, харин агаар их цэвэрхэн байна.

- Та С.Эрдэнэболдын орчин цагийн Нууц товчоо гэж үнэлэгдээд байгаа томоохон хэмжээний туульсийн номны хайчилбарыг хийсэн. Маш их хөдөлмөр, томоохон уран бүтээл болжээ?

- За баярлалаа. Их сайхан, бас хүний хөдөлмөр хүч дайчлуулсан сайн бүтээл гэж би дотроо үнэлж байгаа юм. Мэдээж цаг хугацаа, сайн мууг нь ялгаж салгаж өгөх ч энэ бүтээлийн зураачийн хувьд бас ч үгүй амаргүй том ажил байсан гэж хэлмээр байна. Багаасаа түүхийн хичээлд дуртай уран бүтээлч, Монголынхоо түүх, угсаатны зүйг сонирхон судалдаг хүний хувьд өөрийн ойлгодогоо энэ бүтээлд үлдээж байгаадаа баяртай байна. Түлхүүр 30 гаруй зураг, 300 гаруй чимэг дүрс хийсэн. Их цаг хугацаа шаардагдах ажил л даа.

- Би энэ номыг их сонирхож уншсан юм. Цаг үеэ олсон гайхалтай номыг чимэглэсэн үнэхээр бахархмаар бүтээлүүд байсан?

- Номыг хийж байх үед ихийг нягталж, дүрслэн бодож, ургуулан сэтгэж, үүнийгээ зураглан буулгах гэх мэт олон зүйлс нэгэн дор явсан болохоор бас нэлээд нягт бүтээл болсон гэж найдаж байна. Гэхдээ номын зураг чимэглэл гэдэг бас өөрөө дотроо нарийн ур чадвар, гоо зүйн хэмжүүртэй байдаг л даа. Бусад урлагийн бүтээлчид хэрхэн бүтээлээ хийдэг вэ яг л түүн шиг хайчилбар хийхэд уншина, бодно, судалж нягтална. Одоо интэрнэтээс их мэдээлэл авдаг болж. Гэхдээ өөрөө сайн ялгаж салгаж судлахгүй бол холион бантан шиг зүйл их. Тиймээс зарим нэгэн эргэлзсэн зүйлээ мэргэжлийн хүмүүсээс асуух, тэдний санаа бодлыг сонсох ч газар зөндөө бий. Монголын Нууц Товчоо номонд зураг чимэг хийснээс хойш нэлээд олон жил өнгөрчээ. Тэр цагаас хойш дахин нэг дорвитой бүтээл түүхэн сэдвээр хийхсэн гэж сэтгэлдээ бодож явсан маань энэхүү номонд ажиллахад хөшүүрэг болсон юм.

Дашрамд дурдахад энэ номонд оролцох үүдийг түүх судлаач Ш.Баатар ах нээж өгсөн юм. Тиймээс энэ мөчид бас ахдаа талархаж явдгаа илэрхийлье.

- Та зохиогчийн тухай юу хэлэх вэ, ийм зэргийн бүтээл тэр тусмаа түүхийн бүтээл туурвина гэдэг өдий хэрийн залуу хүнээс гарамгүй, өнөө цагийн бидэнд үнэхээр үлгэр жишээ үзүүлсэн явдал боллоо?

- Тэгэлгүй яахав. Зохиолчийн хувьд бол үнэхээр ийм сайхан залуу, чадвартай сэхээтнүүд олноор төрөөсэй гэж хүсэж явдаг болохоор билэг авьяастай залуу гялсхийн гарч ирээд олон түмний нүдэнд даацтай бүтээлээ туурвиж байгаа нь хэлээд баршгүй бахархалтай.

-Театрт ном үзэх шинэ үзэгдэл болсон. Би номын нээлтийн тухай дурсаж байна л даа. Нээлтийн үеэр таны уран бүтээлийн үзэсгэлэн гарч олон хүний хүндлэлийг хүлээж, өндөр настай ээж тань хүрэлцэн ирж байсан?

-Үзэсгэлэнгийн нээлтийн дараа ээж маань, ах дүү нар маань утасдаж надад баяр хүргэсэн. Бүгд л их сайхан болж гэж ам сайтай байсан. Түүх гэдэг бас тоглоом наадгай биш, туульсын хэмжээнд битгий хэл үг хэлэх ч хэчнээн хэцүү билээ дээ. Хүн хийсэн зүйлдээ биш, хийх зүйлдээ л их санаа зовдог бололтой.

-Туульсийн дараагийн цувралуудыг ч мөн таны бүтээлүүд чимэглэж олны мэлмийг баясгах нь ээ?

-Тиймээ, хамгийн гол нь дараа дараагийн хүмүүсийн иш хөрөг хийх нэлээд санаа бий. Тэр бүр дээр судалгаа хийх ёстой л доо. Заримдаа судалгаанаасаа илүүтэй сэтгэлийн хөдлөлөөр хийх газар байдаг ч аль аль нь эн тэнцүү байж л түүхээс иш авсан сайн бүтээл гардаг гэж боддог юм.

- Танд асар их авьяас оршжээ. Хайчилбаруудаа яаж хийдэг вэ. С.Эрдэнэболдын номноос гадна ямар бүтээлүүд хийж байна.

- Манай аав номын зураач, хайчилбарч хүн юм. Ааваасаа их зүйлийг харж ухаарч, сурсан нь мэдээж. Уран бүтээлчийн хувьд би гэрийн гэмээр боловсролтой. Мэдээж ДУДС миний бүтээлч болох үүдийг нээж өгсөн болохоор би ДУДС-ийнх гэж хэлэх дуртай. Сүүлд Багшийн дээд сургуулиас магистрант авсан. Хайчилбараар 30 гаруй ном хийжээ. Монголын Нууц товчоо, Жангар, Гэсэр ур чадвар хийцээ харуулсан ажлуудын тоонд орох байх. Гэхдээ уран бүтээлийн хувьд огт өөр бүтээл нэрлэнэ л дээ.

-Би нэг уран хайчилбарч хүний ярилцлага уншиж байсан юм. Таныг дурдсан байсан. Төрбурам багшийн хайчилбар монгол хүний гэмээргүй асар сонин сэтгэхүйгээр бүтсэн мэт өнгө аястай байдаг гэсэн байна лээ.Таны хайчилбарууд өвөрмөц сэтгэлгээний үндэс углуурга дундаас урган гардаг байх?

- Би ер нь дэндүү хар хүрээндээ хайрцаглагдаад байх шиг. Бас дэндүү Монгол сэтгэлгээ болон нэг л хэлбэр дүрсэнд баригдаад байдгаа дандаа мэдэрдэг юм. Тиймээс задарч өөрийг хийх гэж тэмүүлдэгтэй холбоотойгоор хүмүүс заримдаа миний хийснийг огт өөр монгол хүний сэтгэхүйгүй юм шиг гэж хэлээд байх шиг байдаг.

Манай үндэсний өв соёл болсон Монгол цаасан барын урлаг UNESCO-д бүртгэгдсэн үү?

-Одоохондоо бүртгэгдсэн юм алга, хятадууд бас хайчилбарыг өөрийнхөө гэдэг. Мэдээж зөвхөн уран бүтээлч хүн өөрийнхөө бүтээснийг бүртгүүлэхэд болох л байх. Монгол гэдэг утгаар болж л таарна. Даанч хөөцөлдөх, сурталчлах боломж бага юм даа. Би ч өөрөө бас жаахан ч үгүй хойш суух дуртай хүн бололтой. Хүмүүс их шаргуу байх юм. Тэр тусмаа юм хийдэггүй хүмүүс тиймэрхүү зүйлдээ сайн бололтой. Бид ч хийх гээд зовж суух юм даа.

- Америкт нэлээд хэдэн жил болсон байх эх нутагтаа хэзээ ирэх вэ. Үзэсгэлэнгээ гаргаж харийнханд гайхуулж байна уу? Ер нь сэдвээсээ хазайгаад таны ахуй, нийгмийн тухай хуучлах уу?

- Энд ирээд олон үзэсгэлэнд оролцоогүй ээ, мэргэжлийн ганц нэг форумд орж байгаа. Монголд иргэн хүний амьдралд төр их оролцоотой байдаг бол энд үгүй. Харин америкийн эдийн засгийн бэрхшээл айл гэрийн амьдралд их нөлөөлдөг юм шиг. Адгийн наад зах нь бензиний үнэ хэлбэлзэхэд л бас наад захын асуудал үүснэ шүү дээ. Энд хийдгээ хийгээд явж байгаа хүн нэг их асуудалгүй дээ. Харин сүүлийн үед ажилгүйдэл их болж байна. Монголд хэр байна даа?

-Монголд шинэ он солигдох гээд хүн бүр, айл өрх бүхэн баярын уур амьсгалд орчихсон. Гадаа ес эхэлж ид хүйтэрч байна. Таагүй нь гэвэл утаандаа л дайруулж байна даа.

- Би нийгэм, улс төрийн хувьд тодорхой хэмжээнд өөрийн бодол санаагаа фэйсбүүк дээр чөлөөтэй илэрхийлдэг. Гэхдээ зөвхөн найз нөхдийн хүрээнд гэвэл илүү онох байх. Мэдээж тодорхой хүмүүсийн хүрээнд миний үг хүрвэл эгдүүцэн дургүйцэх нь мэдээж гэж бодож байна. Гэхдээ би хэлсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээчих чадвартай болохоор айж эмээх зүйл алга. Үнэндээ бол утаанаас илүү цөмийн энергийн асуудалд миний санаа ихэд зовинож явдаг юм. Цөмийн асуудлаа л хүмүүсийн нүд, сэтгэлээс холдуулах гээд л кирилл хэдэн үсэг хасна ч гэх шиг, элдэв хоёр хэрэггүй зүйлээр төөрүүлэх гээд үзээд байх юм.

Монголд цөмийн станц огт хэрэггүй гэж хэлмээр байна. Унаган байгалиа хамгаалж нүүдэлчдийн хэв соёлоо дээдлэе гэж уриалмаар. Гадаадын уул уурхайн олон компаниудыг хаамаар байна.

-Уул уурхайн компаниудыг хаачихвал хөрөнгө оруулалт багасна даа. Манай эдийн засаг гадны хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай болжээ?

-Хамгийн гол нь Монголын гэрэлт ирээдүйг байхгүй болгож, тэдний ирээдүйг хэзээ ч төлшгүй өрөнд хутгаж байгаа нь хамгаас жигшүүртэй. Ер нь би хувьдаа хэн нэгэнд уруу татагдалгүй өөрийн дураар цөмийн асуудлыг монголчуудынхаа сонорт хүргэхийг хичээсэн цөөн хэдхэн хүмүүсийн нэг гэж боддог.

-Нутагтаа эргэн ирж энэ үгээ олон нийтэд хүргэе гэх бодол төрдөг үү.

-Би хэлснээрээ биш хийснээрээ л үлдэхийг хичээдэг. Монголд очоод миний хийж чадах зүйл бараг үгүй байх даа. Эсэргүүцлээ илэрхийлж амьдаараа зул бололтой биш дээ. (инээв) Фукушима улам бүр хэцүү болоод байхад манайхан атомын станц барина, уранаа ашиглана ч гэх шиг хэдэн төгрөг хармаандаа хийчих гээд л ёстой нэр нүүрээ баран үзэлцэж байна. Гэтэл Герман болон бусад орнуудад атомын станцаа хааж байна шүү дээ. Мэдээж нарийн мэдээллээ япончууд нууж байгаа. Манайхан ч гэсэн монголчуудыгаа битгий мэдчихээсэй гэж бүх сошиэл медиаг хянаж байхад үнэнийг мэдэх гэдэг хэцүү. Зарим нь уран аюулгүй ч гэх шиг балай юм яриад байх юм. Тэд улс орноо хэдэн төгрөгөөр зарчихаад тэнд хүн тогтох аргагүй хэцүү болох үед аль эрт өөр оронд гараад явчих л гэж байгаа улс шүү дээ. Адгийн наад зах нь Баяр сайд Канадад эдлэн газартай болсон гэж байна. Ер нь улс төрийнхөн хаана юутай нь мэдэгдэх аргагүй бүгд л гадаадад эдлэн газартай болсон гэдэг нь нууц биш болжээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан “Том төрөөс Ухаалаг төр лүү” нэртэй уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, нэг ёсондоо томоохон реформ хийхэд уриалан дуудлаа. Энэ талаар гадаадад буй монголчуудын нэг таны хувьд ямархуу бодолтой байна?

- Энэ уулзалтын талаар гадаадад байдаг монголчууд бүгд уншсан. Хариуцлага тооцдог төр рүү гэж засаж хэлж байна лээ. Монголчууд америк маягийн нүсэр аппарат бүхий төрийн бүтцийг сонгосон нь хамгийн том алдаа гэж боддог.

Ийнхүү бидний ярилцлага түр өндөрлөсөн юм. Түр гэдгийн учир нь ирэх 2014 онд бид холбоотой байж, олон зүйл дээр санал бодлоо солилцож байхаар тохиролцсон. Хилийн чанадад байгаа хэдий ч улс нийгмийнхээ асуудалд бодол санаагаа чилээж явдаг авьяас билэгт ахын үзэл бодлыг сонсож явах нь сэтгүүлч миний хувьд том эрдэнэ юм.

Ярилцсан Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ