“Социалист“ эрүүл мэндийн салбарынханд тангараг нь тонгорог болов

1921 онд ардын хувьсгал ялж, орчин үеийн европ эмнэлэг хөгжсөн “социализмын “ 70 жилд монголын эрүүл мэндийн салбар чамлахааргүй амжилтад хүрч ард түмнээ заг хүйтэн, тэмбүүнээс салгаж эх хүүхдийн эндэгдлийг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлж, аймаг сум, бригад бүрт их бага эмчийн салбар, сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд баригдаж 10000 хүнд ногдох эмч эмнэлгийн ажилтан орны тоогоор боломжийн хэмжээнд хүрч, сайн бэлтгэгдсэн эмч , эмнэлгийн мэргэжилтнүүд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн докторуудтай болсныг бид бүхэн мартаагүй.
Ардчилсан ёс Монгол оронд тогтсоноор урьд нь эдэлж чадаагүй, эдлэх гээд ч чаддаггүй эрх чөлөөг бидэнд нээж өгсөнтэй маргах аргагүй. 1990оны ардчилсан хувьсгалын дараа улс орны эдийн засаг доройтож, “20-р тогтоол”-той зэрэгцэн эрүүл мэндийн салбарт цомхотгол хийгдэж, 4 хүүхэдтэй эхчүүд, 25 жил ажилласан эмч сувилагч үйлчлэгч нарыг хүчээр тэтгэвэр тогтоож, төрөлт буурсан шалтгаанаар хүүхдийн эмнэлгүүдийг татан буулгаж, амаржих газрыг цөөрүүлж, аймгийн НЭ-ийн ор, орон тоог цөөрүүлсэн арчаагүй бодлогын хор уршиг 2000 оноос одоог хүртэл үргэлжилж байна.
1990оноос хойш Монголын ангаах ухаан, эрүүл мэндийн салбарт олон шинэ технологи амжилттай нэвтэрч, дэлхийн жишигт хүрсэн оношлогоо эмчилгээг монголын эрүүл мэндийн салбарт ажиллагсад хийж байгаа ч сүүлийн үед энэ салбарын нэр хүнд сайнгүй байгаа нь монголын эрүүл мэндийн салбарт хийгдэх ёстой байсан хамгийн гол чухал өөрчлөлтийг мартсан явдал юм. Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж байгаа социализмын үеийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, санхүүжилт нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжиж орсон нийгмийн тогтолцоо, ард иргэдийн эрэлт хэрэгцээний өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаагаас иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсрол муу, сум өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа хангалтгүй, төв газрын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй , тусламж үйлчилгээний чанар хүртээмж муу, өвчтөн ажиллагсадын аюулгүй байдал хангагдахгүй, хүлээгдэл чирэгдэл ихтэй, эмнэлгийн үйлчилгээнд алдаа гарах боломжтой байдал амь бөхтэй оршсоор байна.
Эдгээрийн гол шалтгаан нь Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2,4 хувийг ЭМ-ийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт бөгөөд Монгол Улсын Эрүүл Мэндийн Даатгалын санд жил бүрийн эцэст50-70 гаруй тэр бум төгрөг ард иргэдийн эрүүл мэндэд зарцуулагдалгүй үлдэж, энэ “чөлөөт” үлдэгдэл хаана, юунд зарцуулагддаг нь тодорхойгүй байна.
ЭМД-ын үлдэгдэл мөнгийг ЭМ-ийн салбарын барилга байгууламж барих, эдлэл хэрэглэлээр хангах, шинэ тоног төхөөрөмж худалдан авах,эмч,эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах,өвчтөн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах нь хамгийн зөв шийдэл болно.
Эмнэлгийн байгууллагуудад гарч байгаадоголдол, дутагдал, алдаа эндэгдлийн үндсэн шалтгааныг хувь хүнтэй холбогдуулж, өөрчлөлт шинэчлэлтийг зөвхөн эмнэлгийн нэгж байгууллагаас эхлэх нь алдаатай бодлого юм.
Харин энэ салбарын “социализм” нэвт ханхалсан удирдлага, зохион байгуулалт, төсөв, санхүүжилтийг зах зээлийн эдийн засгийн харилцаанд зохицуулан өөрчлөх шаардлагатай боловч энэ өөрчлөлтийг хийлгүй, хийхийг хүсэхгүй байгаа мэт 20 гаруй жил боллоо. Эрүүл мэндийн салбарыг хүрэлцээгүй төсөв, хүртээмжгүй, чанаргүй тусламж үйлчилгээтэй, ажиллагсдыг нь хүлээсэн үүрэг, хийж байгаа ажилтайгаа яагаад ч нийцэхгүй, гадны хүнд хэлэхээс ч ичмээр бага цалинтай байлгаад байна вэ?
Монголын эмч, эмнэлгийн ажилчид гадаадын өндөр хөгжилтэй орны ажилгүй хүний тэтгэмжээс бага цалин авахаар тийм муу ажилладаг юм уу?
УИХ-ын сонгуулийн үеээр нэр дэвшигчид болон намуудын хөтөлбөрт Эрүүл Мэндийн Салбар, ард түмний эрүүл мэндэд ихээхэн ач холбогдол өгч, баахан заалт тусгадаг боловч сонгуулийндараах 4 жилд ард түмний эрүүл мэнд,эрүүл мэндийн салбар хойд эхийн гар харсан мэт байдалтай байдаг нь намуудын сонгуулийн “хөзрийн тамга” болсныг харуулж байна. Ер нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайнгүй байлгаад,энэ байдал дээр нь тоглолт хийх сонирхол бас байдаг юмболов уу?
Монгол Улсад ирж, монголын эмнэлэгт, монгол эмч нартай ажилласан АНУ, Швейцар, БНСУ гэх мэт орны эмчмэргэжилтнүүд бидний мэдлэг чадварыг өндөр үнэлж , ”муухан” нөхцөлд сайн ажиллаж чадаж байгааг гайхаж байгаагаа нуулгүй хэлж байлаа.
Үнэхээр монголын эмнэлгүүдэд өвчтөн үйлчлүүлэгчид, ажиллагсдын аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа хангагдаагүй, оношилгоо эмчилгээний явцад алдаа эндэгдэл гарах,халдвар хамгаалал алдагдах магадлал өндөр байна. Энэ эрсдэлийг багасгах, сэргийлэх гол арга нь тоног төхөөрөмжийн шинэчлэл,хангалт, эмнэл зүйн удирдамжуудыг цэгцэлж, сайжруулах явдал юм.
Монголын Эрүүл Мэндийн салбарт ажиллагсдын цалинг бусад орны жишигт ойртуулах,хувийн хэвшлийн эмнэлэг,ӨЭМТ-ийг улсын эмнэлгүүдийн адил ЭМД-аас санхүүжүүлэх, бүх эмнэлгүүдийг ижил төстэй техникийн үзүүлэлттэйорчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах,цахим сүлжээг нэвтрүүлж, ”цаасгүй” эмнэлэг болгох ажлыг Монгол Улсын Засгийн Газар, ЭМЯ яаралтай хийж эхлэх хэрэгтэй байна.
ОХУ,Монгол улс хоёрт л эмч сувилагч нар төр, ард түмний өмнө тангараг өргөдөг юм байна. Бусад оронд ЭМ-н сургууль төгсөгчид ”Гиппократын тангараг” өргөдөг. Энэ тангараг нь эмнэлгийн ажилтан хүн бусдаас илүү хүнлэг энэрэнгүй, өвчний өмнө өвдөг сөхрөхгүй байж, тус болж чадахгүй бол хор хүргэхгүй байхыг сануулсан утгатай байдаг.
Одоо цагт тангараг өргөдөггүй ажил, албан тушаал гэж байна уу, төрийн байгууллагуудын цэвэрлэгчээс бусад нь бүгд тангараг өргөдөг. Тэгэхээр ганцхан эмч сувилагч нарыг өргөсөн “тангараг” гэгчээрнь дарамталдаг байдлыг болих хэрэгтэй.
“Тангараг“ өргөсөн эмнэлгийн ажилтаныг дайсантай байлдаж буй цэрэг эрстэй адилтгаж үзвэл өнөөгийн эмч сувилагч нар өвчин хэмээх дайсантай тулалдахад хэрэгтэй буу нь хоцрогдсон, овоо хараагүй, цөөхөн сум гранаттай, зарим сум буу нь хоорондоо таарахгүй, буу нь гацдаг, холын тусгалгүй байхын зэрэгцээ зарим цэрэгнь буугаар буудах, байлдах дадлага туршлага муу, офицерынхоо тушаалыг биелүүлдэггүй, ёс суртахууны доголдолтой байх юм.
Энхийн төлөө байлдаж буй цэргүүдийн хувийн хамгаалах хэрэгсэл, ахуй хангамж, эрүүл мэнд бас сайнгүй, цэргүүдийн ар талын хангалт туйлын хангалтгүйорон байр, унаа хөсөг, хувцас хунар, хоол хүнс нь байнга дутагдана. Өвчин хэмээх дайснуудыг хаанаас ирж хаагуур дайрахыг нь гайгүй сайн мэдэвч онгоц, их буу, танк бараг байхгүй тул ихэвчлэн хуучин бууныхаа тусгал хүрэх газарт ойртож ирэхээр нь буудаж гарна даа. Өвчин хэмээх дайсанг овоо цөөлөх боловч сум хэрэгсэл хүрэлцээгүйгээс тулаад ирсэн дайсныг зэвэрсэн жадаараа сүлбэж сөнөөх боловч зарм дайсан эрүүл энхийн манааны байрлалыг сэт цохиж энгийн номхон хүн ардад багагүй балаг тарина. 10 винтовтой 1 пулемёт тэнцэнэ гэдгийг хүн бүр мэдээд байгаа боловч тэр нь байхгүй тул амар үхэж өгдөггүй дайсантай винтовоор л үзэлцээд байна даа. Орчин үеийн тусгал сайтай, хүчтэй зэвсэг нь Улаанбаатар хотодл байдаг болохоор зарим дайралтыг хотоос тусламж авч байж л тогтооно. Эрүүл мэндийн цэргүүд уг нь “тангарагтаа” үнэнч байж, өвчин хэмээх дайсныг ялах сэтгэл зүтгэл сайтай ч хүсээгүй алдаа, санамсаргүй үйлдлийн хээ төлөө шийтгэл хүлээх нь энүүхэнд. Энхийн төлөөх армийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, төсөв, төлөвлөгөө, стратеги тактик, зэвсэг хэрэгсэл, дайчид цэргүүдийн бэлтгэл сургуулилт , хувцас хэрэгсэл ахуй хангамжийг нь өнөөгийн шаардлага цагийн байдал тохируулан өөрчлөх саналаа дээд удирдлагадаа байнга илтгэж, зовлонгоо тоочих боловч удирдлагууд нь “20 гаруй жилийн өмнө яг энэ бүтэц зохион байгуулалтаар тулалдаад болоод байсан юм одоо ч гэсэн байгаа орон тоо, хуучин зэвсгээрээ илүү сайн тулалд, ялагдвал ял нэмнэ, торгоно, барина, хорино, цэрэг байх эрхтэй чинь ярина” гэж дарамтлана. Энхийн төлөөх армийн цэргүүд бага ч гэсэн цалин авна, 20өвчин устгасан цэрэг1000 өвчин устгасантай эн тэнцүү цалин авах тул сүүлийн үед зарим цэргүүд аль болох арын албанд орох, эсвэл ширүүн тулалдаанаас зайлхийх болсон бололтой. Ялангуяа цагаан халадтай цэрэг болох хүний тоо цөөрөх янзтай. Мэс засал , төрөх эмэгтэйчүүд, хүүхэд нярайгэх мэт онож буудахад хэцүү,тогтоож барихад бэрх дайсантай шууд тулгардаг анги нэгтгэлүүд хүн хүчээр дутаж байгаа бололтой .
Өглөөхөн л “ цагаан нөмрөгт баатар” гэж цоллуулж байсан цэрэг орой нь “цагаан нөмрөгт хэрэгтэн“ болох тун амархан, тэдэнд “тангараг” нь тонгорог боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ