Дэндүү гоё баярыг даанч гутаалаа даа

Шинэ жилээр үзэх юм үнэндээ байсангүй. Яг жилийн өмнөх энэ өдөр ингээд л бичиж суусан юм. Нэг жилийн дараа ч нөхцөл байдал дээрдсэнгүй, бахь байдгаараа л өдөр болгон шахам үзэж, өглөө оройгүй сурталчилгаагаар бөмбөгдсөн хэдэн хуучны улиг болсон кинонуудаа давтаж үзлээ.
Нэмэгдсэн кино гэвэл баяр болгоноор гардаг “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Рашаантын 18” байлаа. Үүнээс гадна “Гэртээ ганцаараа”, “Мөлхөө жаал” гэсэн барууныхэдэн кинонуудаас үнэхээр залхчихаад байна. Телевизийн суваг солих болгонд л Тэмка, Нарансолонго нарын тоглосон жүжиглэлт муутайхан хошин зохиомж гарав. “Банш” Батаагийн хүүхэн болж луйвар хийж байгаа жүжиглэлт гэхээр зүйлгүй, авах санаа, ухаарал хайрлах өгүүлэмжгүй шахам шоу драм бүх телевизээр гарлаа.
Өлзийхүүгийн охинтойгоо тоглосон өвлийн өвгөний адал явдал дээр хүргэн нь оймс хулгайлчихсан юм уу, эсвэл хөлийнхөө эвгүй үнэрийг нуух гэж хөглөж байгаа юм болов уу гэдэг нь ойлгомжгүй хачин “”хөг”-ийн тоглолт гарлаа. Үүнээс өөр аваад өгье гэсэн ч олигтой үзэх юм гарсангүй. Төлбөртэй худалдаж авсан эдгээр хошин үзвэрүүд нь ийм ядмаг байсан гэхээр л ямархуу оюуны хоосрол ядуурал, мөнгө олохын донд автсан бэ гэдгийг хэлээд өгч байгаа юм.
Уул нь төв талбайдаа “Мөнгөн үдэш” тэмдэглэж, Төрийн тэргүүн маань Чингэлтэй дүүргийн жирийн иргэний гэрээс шинэ оны мэндчилгээгээ сонсгож, хотын төв хөл хөдөлгөөнтэй сайхан байсан ч талбайн шоунаас өөр үзэх юм үнэндээ олдсонгүй гэдгийг ард түмэн хэлж байна. Арилжааны телевизүүд, МҮОНТ эрхбиш нэгийг бодож, хоёрыг тунгаах биз.
Арилжааны олон суваг нэмэгдэж, олон төрлийн шоу нэвтрүүлгүүд нэмэгдсэн хэмээн сүржин зарладаг ч солонгос сериал, албан байгууллагуудын төлбөрт мэндчилгээ, “Алтан шонхор”, “Болор үдэш” гэх мэт нэг нэгийгээ шилдгээр шалгаруулсан, костюм, даашинзтай хиймэл дүр эсгэсэн хэсэг бүлгийн “жүжиг” гарлаа.
Оюуны өмчийн эрхтэйгээр уран сайхны киног гаргана гэснээс хойш бүх л арилжааны телевизээр шинэ кино гарахаа больж өнөөх л Оросын улиг болсон хэдэн кино, жил бүрийн шинэ жилээр гарч л байдаг Сантатай хүүхэлдэй, уран сайхны кинонуудыг хоорондоо нэг цагийн зөрүүтэй давтаж гаргах нь тэр.
Мөн оны шилдэг үйл явдал, оны онцлох хүн, шилдэг хүн, шилдэг үйл явдал, хэвлэлийн баатар гэх хэнд ч хэрэггүй мэдээллүүдийг залхтал нь гаргалаа. Үндэсний олон нийтийн телевизээр хүртэл нэгдүгээр сарын 1-нд “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх уулзалт гаргасан гээд бод л доо.
Цаг хугацаа мундсан биш. Олигтойхон үзвэр үзэж, амарч цэнгээд гэртээ хэвтэж байх өдөр нь уулзалт хурал цуглаан гаргаж, залхааж суухаасаа ичсэн гэж найдъя. Өмнө нь арилжааны телевизүүд гэж байхгүй МҮОНРТ, Оросын ОРТ хоёр байхад ямар гоё, гоё үзвэрүүд гардаг байлаа даа. Одоо 90 гаруй телевизтэй боллоо гээд гялтайсан юм ганц ч алга. “Шинэ үе”-ийн содон үзвэр, “Маск”-ийн этгээдмарзагналыг үзэгчид үгүйлэв.
Амбий, Бооёо Хүрлээгийн этгээд сонин өгүүлэмжтэй элэг хөшөөм үзвэрүүдийг үнэхээр саналаа. Даанч Бооёо, Ундраа хоёр байрны сурталчилгаанд тоглож, Хүрлээ амбийц хөөгөөд олдсонгүй, энэ шинэ жилээр. “Маск”-ийнхан “Улаанбаатарын үдэш” хөтөлбөрийн утга санааг авах юмгүй болгож, сугалаа хайцгааж баахан алиа салбадай болж давхилдав.
Олон суваг үзэж байгаа орон сууцны иргэд нь бухимдаж байна гэхээр гэр хороололд амьдардаг 10 гаруйхан суваг үзэж байгаа иргэд яасан болж таарах вэ. Үзвэр үйлчилгээгээр үзэгчдээ цэнгээж, оюуны талх үйлдвэрлэх учиртай гэх телевизүүдтэй хариуцлага ярьсан ч болохгүй гэх газаргүй болж.
Архи зардаггүй өдөр баар, пабууд пиг дүүрч, хийх ажлаа олохгүй хэсэг хүмүүс фэйсбүүк, твитерээр тэнэж суугаа нь ч арчаагаа алдсан, арилжаа гэх нэрэндээ таарсан тархи, оюуны тураалд орчихсон телевизийнхний өгсөн шинэ оны бэлэг байлаа. Даанч сайхан баярыг дэндүү гутаалаа даа, тэд.
Эх сурвалж: Монголын мэдээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ