Дахин нэг динозаврын араг яс АНУ-аас олдлоо

Хятадаас АНУ-руу эртний тираннозаврын араг ясыг хууль бусаар зөөвөрлөж байсан этгээдийг баривчлан түүнд эрүүгийн гэмт хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар “Springfieldnewssun.com” сайтад нийтэлжээ.
Тус сайтад "Энэхүү хулгайлагдаж байсан динозаврын ясыг Монголоос гаргасан байж болзошгүй хэмээн давхар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн уг хэрэг гарсантай холбогдуулан АНУ-ын цагдаагийн байгууллага Монголын талтай холбоо тогтоохоор ажиллаж байгаа" хэмээн дурьдсан байна.
Өмнө нь тус улсад Тираннозавр батаарын ясыг хулгайгаар дуудлага худалдаанд оруулан борлуулах гэж байсан хэрэг гарч байсан учраас энэ удаад ач холбогдол өгч, хэргийг шалгаж эхэлжээ.
Хятадаас Америк руу зөөвөрлөгдөж байсан тираннозаврын ясыг албаныхан хураан авсан бөгөөд хэргийг үйлдсэн гэх Рик Ролетер гэгч этгээдийг баривчилсан байна. Тэрээр АНУ-ын Колорадо мужид өөрийн галерейтэй бөгөөд түүндээ хадгалж байжээ. Мөрдөн байцаалтын явцад тэрээр Хятадаас эртний амьтдын олдворыг зөөвөрлөн, худалдаж авснаа хүлээсэн байна. Тэдгээрийн дотор гурван ч динозаврын яс, сэлэм соёот муурын яс зэрэг байгаа аж.
Түүний ярьж буйгаар Тираннозавр батаарын асуудлыг сайн мэдэхгүй, түүнчлэн динозаврын яснууд Монголын хилээр хэрхэн хууль бусаар гарсан талаар сайн мэдэхгүй хэмээсэн байна.
Гэсэн ч цагдаа нар шинээр олдсон динозаврын олдворуудыг Тираннозавр батаарын нэг хэсэг хэмээн үзэж байгаа юм. Хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа ч Нью-Йорк хотод байгаа Батаарын бусад олдворуудтай нэгтгэж магадгүй байгаа аж.
Өнгөрсөн тавдугаар сард АНУ-д хууль бусаар дуудлага худалдаагаар оруулах гэж байсан Тираннозавр Батаарын ясыг худалдах гэж байхад нь илрүүлж Монголын засгийн газарт хүлээлгэн өгч байсан билээ. Тухайн үед гарсан хэргийг Эрик Прокопи гэгч этгээд үйлдсэн бөгөөд АНУ-ын шүүхээс түүнд тохирох ял шийтгэлийг хүлээлгэсэн юм.
Монголын говиос эртний иймэрхүү төрлийн динозаврын яс, олдворууд ихээр олддог. Алдагдсан олдворуудаа цуглуулан Монголын Засгийн газраас динозаврын музей бий болгохоор ажиллаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ