Эмээ нарын гимнастикч үлгэр жишээ, лам нарын цасан хүн, зөв үггүй зарлал

\Хошин дуран\
Хүрэн торгон дээлээрээ ижиллсэн хоёр эмээ агаарт эргэх төмөр дөрөө жийн, гимнастик хийж, өөх гүзээндээ баригдсан залуучууд ичиж нэрэлхмээр үлгэр жишээ үзүүлж байна. Дал гаруй насны болов уу гэмээр хоёр буурал хөдөлгөөн илүүдэхгүй хэмээн цүнх, тороо сугавчилсан шигээ 1 дүгээр хороолол дундах тоглоомон дээр хөл жийн хуян шар усаа идэвхтэй тараан байгаа агшин гар утасны дуранд содон буужээ. Монголчууд хэзээнээсээ “Хөдөлж үхэхгүй, хөшиж үхдэг” хэмээн хэлэлцэн ярилцаж ирсэн нь орчин үеийн модон үг, мохоо өгүүлбэрээр “Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх” ардын мэргэн ухаан билээ. Үр хүүхэддээ үргэлж сайн сайхныг ерөөж, цагаан сүүгээрээ цацал өргөсөн,ачтай буурал эмээ нар минь урт насалж, удаан жаргаарай.

Ламхай нар ч бас л хүүхэд шүү дээ


Буян хийж, нүглийг тэвчих бурхны олон бяцхан шавь нар, ирээдүйн эрдэмт мэргэн лам нарт цасан хүн хачин их таалагдсан байна. Түжгэр толгой гарган байдгаараа баярлан инээж байгаа агшин. Жанч нөмөрч, үсээ хусуулж, завилан залбирах хэдий ч хөөрөн наадах хүүхдүүд билээ, тэд. Сүм хийдэд шавилан суугаагүй үеийнх нь хөвгүүд I pad-аар наадаж, охидтой кино үзэж, хип хоп үглэж байгаа. Бурхны шавь болж, буяны мөр хөөх монгол банди нар ч бас хүүхэд. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд бурхны номд гэгээрэх зам мөр тань цасан хүн шиг цагаан гэгээн байг.

Хатан Туул нэрээ урласан нь


Хатан Туул гол минь өдрөөс өдөрт бохирдож, нарийсан дундарч байгаа ч байгаль эх уран бичвэр мэт утга агуулга төгс бүтээжээ. Хатан Туул мөнхийн алдар нэрээ чухам өөрөө хөнгөн бийрийн үзүүрээр урлан бичсэн мэт мянга мянган жил мяралзан урснам. Туул гол монгол хүн бүрийн зүрх сэтгэлд урсана.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ