Өвөл хаачив

ЦАГ НЬ БОЛООГҮЙ ХАВАР

Нэрмэл архи хөлдөх нэг ес дуусаж, хорз архи хөлдөх хоёр ес эхлээд гурав хонож байгаа ч арз хорз хөлдөх нь байтугай чихний үзүүр ч часхийх янзгүй. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог, эх газрын хуурай уур амьсгалтай Монгол оронд өдийд дүн өвлийн жавар тачигнаж, шидрүүн мөнгөн өвөл ширүүхэн болж байдаг атал энэ жил өвөл хаашаа ч юм алга болжээ.

Ес эхлэх цагаар ер бусын дулаахан байв. Манай оронд жил бүрийн нэгдүгээр сард хамгийн их хүйтэрч, өдөртөө Цельсийн хасах 30, шөнөдөө 40 градус хүрч хүйтрэх нь жирийн л үзэгдэл байв. Харин өнөө жил тэр хүйтэн дайжжээ. Өдөртөө хасах зургаа, шөнөдөө 11 градус хүйтэрдэг өвлийг өвөл гэх үү.

Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Орхон гол, Сэлэнгэ мөрний мөс өнгөрсөн жилийн өдийнхөөс 20-40 см-ээр нимгэн байна гэнэ. Шинэ он айлчилсан эхний өдөр нар ээж, цас хайлмагтаад л....Бор шувууд шулганалдан жиргэж, наран налайсан хавар л ийм байдагсан.

ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ӨВЛИЙН ЭРЭЛД ГАРЧЭЭ

Өвөл ганцхан Монголоос дайжсангүй. Олон орны иргэд цалин цагаан цастай, хацар хайрах жавартай өвлийг үгүйлж байна. Дэлхийн цаг уур судлалын байгууллага хүртэл өвлийн эрэлд гарчээ. Дэлхийн цаг агаар энэ жил олон жилийн дунджаас 0.2 градусаар дулаан байгаа аж. Энэ нь 1981 онд тохиосон дулаарлын дараа орох дулаан жил юм.

Дэлхийн дулаарал энэ өвөл илүү мэдрэгдэж байна гэж цаг уурчид дуу нэгтэй мэдэгдэж байна. 2013 оны ес, арваннэгдүгээр сард дэлхий хамгийн дулаан байжээ. Газар зүйн байрлалын хувьд Европ, Ази, Австрали тив илүү дулаарсан байна.

ЯПОНД БАС ДУЛААН БАЙНА

“Энэ жил дэлхийн түүхэнд хоёрдугаарт орох дулаан жил болж байна” гэж Японы цаг уурын алба мэдээлэв. Тус улсад олон жилийн дунджаас 0.4 градус дулаан өвөл айлчилж байгаа нь Японы түүхэнд наймдугаарт эрэмбэлэгдсэн дулаан жил болжээ.

Японы цаг уурын байгууллагын мэдээнээс үзвэл дулаарлын нөлөөгөөр дэлхийн агаарын температур 100 жилд 0.69, Японы агаарын температур 1.15 градусаар нэмэгдэж байгаа аж.

ДУЛААН ОРНУУД ЦАСАНД ХУЧИГДАВ

Цас мөсний орноос дайжсан өвөл халуун дулаан орноор зугаалж явна. Ойрхи Дорнодод сүүлийн 50 жилд болоогүй хүчтэй цасан шуурга балбаж, Ливан, Ливи, Израиль, Йордан, Сири цасанд хучигдан, цахилгаан тасарч, олон хүн осгож амиа алдлаа.

Тус бүс нутагт сүүлийн арваад жил ийм хүчтэй цасан шуурга болоогүй гэж цаг уурчид нь мэдээлсэн. Египитийн нийслэл Каир, Израилийн Иерусалим хотын иргэд шинэ жилээр цасан дунд баяр тэмдэглэнэ гэж зүүдлээ ч үгүй биз. Энд сүүлийн 100 жилд анх удаа цас орсон нь энэ юм.

ЗҮҮН ЕВРОПТ ХҮЙТЭН БАЙНА

Зүүн Европт харин жавар авхай зүггүйтэж, цочир хүйтэрч байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дийлэнхид нь их цас орж, Сибирьт бүр 50 градус хүрч хүйтрэв. Цочир хүйтэрсний уршгаар 220 хүн амиа алдсаны 88 нь Сибирийнх. Украинд 83, Польшид 49 хүн нас барсны олонх нь орон гэргүй хүмүүс аж.

Харин зул сарын баяраар Москвад ер бусын дулаан айлчилж, агаарын температур олон жилийн дунджаас 10-15 градусаар дулаан байжээ.


Х.БОЛОРМАА "Өнөөдөр" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ