Хэцүү даалгавар

Хууль тогтоогч эрхмүүдээс хамгийн хэцүү даалгаврыг хатагтай Р.Бурмаа авав. Тэр “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах юм. Өмнө нь парламентын сонгуульд нэр дэвшиж, эрчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөхийн жаргал, зовлонг сайн мэддэг. Можаритар системийн өрөөсгөл талын горыг амссан болохоор 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын саналыг хувь тэнцүүлсний хүчинд намынхаа нэрээр УИХ-д орж ирсэн. Энэ хуулийг боловсруулахад голлон оролцож, НИТХ-ын сонгуулийг нэгэн зэрэг явуулсны эерэг үр дүн ч ихээхэн гарсан нь чухамдаа Р.Бурмаатай салшгүй холбоотой. Тийм ч учраас “хэцүү ангийнхан” дотроос дараагийн сонгуулийг нэгдсэн журмаар явуулах хатуухан даавгаврыг түүнд өгсөн хэрэг.

Тэр социализмын үед Болгарт радио электроникийн инженерийн мэргэжил эзэмшсэн цөөхөн залуусын нэг. Тэгэхэд кофенд нугасгүй болж, одоо ч хэвээрээ. Хяслантай нь 1982 онд сургуулиа дүүргээд ирэхэд мөнөөх кофе нь дэлгүүрт байсангүй. Гадаадын мэргэжилтнүүдэд үйлчилдэг ганцхан дэлгүүрт зардаг авч монгол хүн орох эрхгүй. Бид эх орондоо яагаад гадныхнаас дутуу амьдардаг билээ гэсэн бодол толгойд нь харваж, энэ нийгэм нэг л бишээ гэдгийг гадарлажээ.

Наяад оны дундуур Монголд анх телевизор угсарч эхэлсэн нь “Монел” байлаа. “Монел” фирмийн захирал Ш.Ялалт, УИХ-ын гишүүн З.Энхболд, 1996-2000 онд эрхэм гишүүн асан Ц.Төмөртогоо нартай Р.Бурмаа нэг өрөөнд хамт сууна. Хуучин ЗХУ-д М.С.Горбачёвын “перестройка”-гийн салхи сэвэлзэж, Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” нийтлэлийн гар бичмэл гараас гар дамжиж байлаа. “Монел”-ийн залуус тэрхүү цуврал нийтлэлийг чадах ядахаараа олшруулж, хотоос хөдөөд хүртэл тараана. 1989 оны эцсээр Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн болж, улс төрийн улаан хөшгийг анх удаа ярав. МАХН-ын УТТ-ны гурван гишүүнд залуучууд өргөх бичиг барьж, олон түмний эвлэлдэн нэгдсэн нэгэн холбооны суурийг тавьснаа зарласан нь МоАХ байсан юм. Ийнхүү Р.Бурмаа МоАХ-ны анхдугаар их хуралд оролцож, дараа нь МоАН-д элсэн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” байгууллагыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилласан билээ. Нялх ардчиллыг өсгөж өндийлгөхөд Тайвань, Өмнөд Солонгос зэрэг улсын иргэний нийгэмтэй танилцахдаа жирийн иргэдийн дуу хоолой жинхэнэ хүчтэй байдгийг ухаарчээ.

Чухамдаа Р.Бурмааг парламентад хяналт тавих хуулийн хамгийн гол заалтыг гаргаж тавьсан гавьяатай гэж болно. Яагаад гэвэл УИХ-ын санал хураалт нууц байсан учир хэнбугай нь ямар санал өгснийг сонгогчид байтугай, нам нь ч мэдэхийн аргагүй байлаа. Эрхэм гишүүд амлалтаасаа яаж ухарч няцаж буйг ёстой чөтгөр бүү мэд. Тэр Азийн санд хандсанаар “Ухаалаг сонгогч” байгууллагаас “Ардчилсан нийгэм дэх сонгогчийн эрх, үүрэг” лекц уншиж, төрийн өндөр албан тушаалд сонгогдсон хүмүүст хариуцлага үүрүүлэхийн тулд санал хураалтыг илээр явуулдаг, харин сонгогч аливаа дарамт шахалтаас ангид байхын тулд саналаа нууцаар өгдөг гэсэн тов тодорхой дүрэм байдгийг хатуу ойлгуулсан юм. Ингээд 1996 онд “АХ” эвсэл ялснаар хуульд өөрчлөлт оруулж, эрхэм гишүүдийн саналыг илээр хураадаг болсон нь ардчиллын чухал ололт болов. Улмаар зөвхөн эмэгтэйчүүд гэж туйлшралгүй “Сонгогчдын боловсрол” төв ТББбайгуулж, сонгууль бол зөвхөн санал хураалтын үр дүн биш, түүнийг зохион байгуулагчдаас ч хувь заяа нь бас шалтгаалдаг болохыг олон нийтэд таниулсан.Үндсэн хуулийн цэцэд маргаантай асуудлаар нэг биш удаа хандаж байлаа.

Р.Бурмаа сонгогчийн ганцхан санал алтнаас ч үнэтэй гэдгийг онцолдог. 1996 оны сонгуулиар Үндсэн хуулийн загалмайлсан эцэг Б.Чимид гуай хэн ч танихгүй шахам Т.Бохьшарга гэдэг залууд 12 саналын зөрүүгээр ялагдсан байдаг. Тэгэхээр тэрхүү 12 санал хэн засгийн эрх барих вэ гэдэг асуудлыг шийдэж байж шүү дээ хэмээн тэр одоо ч хэлдэг. Түүний зүсэм талхны төлөө ирээдүйгээ худалдаж болохгүй гэдэг үг их учиртай. Дөлгөөхөн төрхтэй энэ бүсгүйн амнаас шантарч цөхөрсөн, урам хугарсан үгс ер гардаггүй. Зугуухан атлаа дайчин чанар нэвт шингэсэн байдаг гэж нөхөд нь үнэлдэг.

Тэр хоёр хүүхдийн ээж. Хүүхэд залуустай ажиллах дуртай, тэднээс үргэлж эерэг энерги гарч, эрч хүч мэдрэгдэж байдаг гэдэг. Хүнд байх хамгийн үнэт баялгийг нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт өөрийн бахархал хэмээн тооцдог энэ бүсгүйн нийгэмд үүрэх ачаа улам нэмэгдэж, тэдний есөн бүсгүй УИХ-д бүлгийн дайтай ажиллаж байна.

Хүнд удам судар гэж нэг ноён нуруу бий. Бурмаагийн аав Л.Раднаа гуай спортынхонд “уулын Улаан” гэж алдаршсан эх орныхоо сүрлэг уулсын ноён оргилд хөл тавьсан хүн. Уулын спортын ууган мастер буурал Монголд цанын спортыг хөгжүүлэхэд ч чамбай хувь нэмэр оруулжээ. Аав нь математикийн багш бол ээж нь биеийн тамирын багш. Г.Сэрээтэр гуай таван сайхан хүүхэд төрүүлсний хоёр дахь Бурмаа. Тэр их улс төрийн шатаар итгэлтэй өгсөж, шударга сонгуулийн төлөө бие сэтгэлээ чилээж явна.

Ааяа доктор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ