Цай хоолоо зөөлгөхийн оронд юу чаддагаа заагаад өг


Сэтгүүлч гэдэг хүний нэр хүнд үнэхээр унаж гүйцэв. Энэ мэргэжлийг эзэмшсэн юм болохоороо хааяа хэцүүхэн л санагдах юм. Хаа сайгүй л “Энэ муусайн сэтгүүлчид” гэсэн хоёр үг дуулдана. Бас зарим нэг хүний тэр шүүмжлэлийг сонсоод байхнээ хөтлөгч, сэтгүүлч хоёрыг хольж ойлгоод байх шиг. Манай ихэнх арилжааны телевизүүд яг мэргэжлийн сэтгүүлч биш дуучин, жүжигчин, эсвэл царай төрх сайтай хүүхэн, залуусаар нэвтрүүлэг, мэдээллээ хөтрүүлдэг. Харин сэтгүүлчид арын албанд нь ажилладаг. Сэтгүүлч биш юм чинь мэдээж эфирээр алдаа гаргана, фактална. Гэтэл нөгөө л муу сэтгүүлчдийн нэр цоллуулна. Телевизийн хөтлөгчдөөр монголын сэтгүүлчдийг дүгнэнэ гэвэл гонжийн жоо байлгүй дээ. Тэд сэтгүүлч биш юм чинь алдаатай бичих, алдаатай ярих нь ойлгомжтой шүү дээ.За яг ч бас энэ энэ тухай ярих гээгүй юм.
Сэтгүүлчийн анги төгссөн ч гэсэн алдаа гаргаж байгаа сэтгүүлчид огт байхгүй гэж хэлэхгүй ээ. Байгаа. Зарим нь камерийн өмнө гарахаараа сандардаг юмуу яадаг юм. 12 ширхэг аврагч Япон явлаа гээд л нэг залуу ярьж байсан. Үүнийг сонссон хүмүүс “Сэтгүүлчдэд монгол хэл хамгийн их заадаг баймаар юм. Гэтэл монгол хэл сурч байгаа гадныхнаас ч муу ярих гээд байх юм заримдаа” гэж ярина. Сэтгүүлчдэд монгол хэлний хичээл бараг заадаггүй шүү дээ.Заасан байлаа ч ажил дээр гарахаараа хэрэг болохуйц мэдлэг лав өгдөггүй. Өнөөх хэдэн сэтгүүлч нь арван жилийн монгол хэлний мэдлэгтэйгээ сургууль төгсдөг гэхэд бараг болно доо. Арван жилдээ суурь нь сайн тавигдсан хүмүүс нь яахав тэгээд болгоод байгаа юм шиг байгаа юм. Харин монгол хэлэндээ муу байж байгаад жоохон ар өврийн хаалгаар их сургуульд орсон нөхдүүд нь л сургуулиа төгсчихөөд ингэж хөглөөд бусдынхаа нэр хүндийг өөрийнхтэйгээ хамт шаварт хутгаад байгаа юмаа.
Ер нь тэгж ярьвал сэтгүүлчдийг телевизийнхнээр дүгнэж болохгүй байх аа. Сайн сэтгүүлчид мэдээж зөндөө бий. Ялангуяа хүмүүсийн хөрөг, байгалийн тухай, нутаг орон, сумынхаа тухай бичсэн материалуудад би маш дуртай. Алдаа гаргадаг байж болно. Гэхдээ газар доор ортол нь муулах биш харин найрсаг сайхан зөвлөгөө өгвөл ямар ч тэнэг хүн нэгийг бодож, нөгөөг тунгааж өөрийнхөө алдааг засах гэж хичээнэ шүү дээ.
Миний бодлоор сонины сэтгүүлчид илүү чадварлаг, бас хариуцлагатай. Нэгэнт хэвлэгдээд тараагдсан л бол хэдэн 10 жилээр ч арилахгүй хадгалагдаж үлдэх мэдээллийг түгээж байгаагаа ихэнхи нь ухамсарласан байдаг шиг санагддаг. Шар хэвлэлийн тухай энд дурдаагүй. ТВ радио бол арай өөр. Аян данг нь тохируулаад, алдаа гарвал давталтаа засч хийгээд дүрсээр аргалах ч боломжтой байдаг юм. Гэхдээ энэ нь хуурна гэсэн үг биш шүү.
ТВ, радио, сонин, цахим хуудас болгон өөр өөрийн гэсэн нийтлэлийн бодлоготой. Түүндээ тохирсон сэтгүүлч, хөтлөгчдийг шалгаруулж аваад, шаардлагаа өндөр тавиад байвал засч болох л асуудал л даа. Сэтгүүл зүйн сургуулиудын сургалт бол хэцүү хэцүү. Заах нэг нь зааж, сурах нэг нь л сурдаг байх. Дадлага хийхээр ирж байгаа 4-р курсынхний хувьд толгой сэгсэрмээр хүүхдүүд олон ирдэг гэж ахмад сэтгүүлчид ярьдаг гэсэн. Сургалтаа сайжруулаад, шаардлагаа өндөр болговол засч болох л асуудал.
Сэтгүүлч, багш, инженер гэх мэт мэргэжлийн ангийн оюутнуудыг жил бүр дадлага хийлгэж баймаар санагддаг. Зундаа дадлагажиж хэдэн юм тогтоосон оюутан өвөлдөө суралцахдаа амжилттай байх нь тодорхой. Дадлага хийлгэхээр хүлээн авч байгаа газар оюутнаар цай хоолоо зөөлгөөд байлгүй түүнд хэрэгтэй мэдлэг, чадварыг нь олгох үүргээ бүрэн мартсан их зантангууд байдаг. Юу ч чадахгүй оюутан гээд голоод, шүүмжлээд суухын оронд юу хийхийг нь заагаад өгөх хэрэгтэй баймаар.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ