Чарли Чаплиний ач Монгол эхээс төржээ

Алдарт жүжигчин Чарли Чаплиний хүү Южин Чаплин (Eugene Chaplin) монгол бүсгүйтэй гэрлэжээ.
Тэд хоёр ихэр охинтой бөгөөд гэргий нь уран нугараач мэргэжилтэй. Харин Южин Чаплин дуу бичлэгийн студийн инженер, баримтат киноны найруулагчаар ажилладаг.
Тэрбээр аавынхаа үйлс бүтээлийг сурталчлах ажилд идэвхийлэн оролцдог аж. Түүнчлэн циркийн урлагт элэгтэй Южин Чаплин Европын хэд хэдэн циркийн менежер, захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Сүүлийн үед тэрбээр олон улсын циркчдийн тэмцээн шүүх болжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Учао хотноо болсон олон улсын циркчдийн тэмцээний үеэр Южин Чаплин Монголын уран бүтээлчдийг зорин уулзаж, монгол гэргийтэй гэдгээ хэлж байжээ. Чарли Чаплин дөрвөн эхнэр, 12 хүүхэдтэй байсан гэдэг.
Тэрбээр насан өөд болтлоо Нобелийн шагналт жүжгийн зохиолч Южин О Нилийн охин Уна О Нилтэй хамт амьдарсан. Уна О Нилийн эцэг нь охиноо Чаплинтай гэрлэхийг хориглож, тэр ч бүү хэл гэрлэснийх нь дараа харилцаагаа тасалсан боловч тэд бууж өгөөгүй. Уна О Нил алдарт жүжигчний найман хүүхдийг төрүүлж, өсгөснөөс гадна Чарли Чаплинийг АНУ-аас хөөгдсөний дараа бүх хөрөнгөө авч, өөрөө ч АНУ-ын иргэншлээс татгалзан Швейцарьт очиж нөхөртэйгээ амьдарсан байдаг. Тэдний тав дахь хүүхэд нь Южин Чаплин юм.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ