ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав цэргийн зориулалттай төмөр замыг зарчихжээ

Сүүлийн үед буу зэвсгийн наймаа хийсэн, харийн оронд байлдааны зориулалттай төрийн мэдлийн онгоцыг дамлан худалдсан, танил талаа өөд татан албан тушаалд тавьдаг, цэрэгт, энхийг сахиулагчдад зориулагдах ёстой хөрөнгөд хуруу гараа дүрсэн зэргээр хэвлэлийн хуудсыг дүүргэн дуулиан дэгдээх болсон Зэвсэгт хүчнийхэнтэй холбоотой дахин нэг баримт сөхөгдлөө.

Байлдааны зориулалттай онгоцыг дур мэдэн задалж, Хойд Солонгост зарсан хэрэг нь бүтэлгүйтэж, хамсаатан нөхөд нь шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байгаа өнөөдөр, өмнө нь энэ хэрэгт оролцож, эрх мэдэлт нэгний нөмөр нөөлгөөр өдийг хүрсэн эрхэм ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав гэгч нь цэргийн зориулалттай төмөр замын байгууламжийг өөрийн үндсэн өртгийн нэг хувьд ч хүрэхгүй үнээр зарчихаад, “сэтгэл нь цадсан” байх юм.

Төмөр замын байгууламж гэдэг нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улсаас Монгол Улсад буцалтгүй тусламжаар 1990 онд Нисэхийн 337 дугаар ангид шилжин ирсэн бөгөөд Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм байна.

Уг төмөр зам нь төрийн тусгай хамгаалалттай газар нутагт байрлах цэргийн зориулалттай нууц объектуудыг зэвсэг техник, шатахуун зэрэг шаардлагатай бүхий л төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Налайхын төмөр замаас цэргийн анги хүртэл хүргэх зориулалттай стратегийн ач холбогдол бүхий обьект байжээ. 6,5 километр урт төмөр зам бүхий энэхүү байгууламжийг эрхэм генерал ердөө 25-хан сая төгрөгөөр “Метал-Опт” ХХК-д зарчихжээ.

Өнөөдөр зах зээлийн ханшаар нэг километр төмөр замыг 1,8 тэрбум орчим төгрөгөөр бий болгодог гэж тооцвол зөвхөн төмөр зам нь л гэхэд хэдий хэр орчим төгрөгийн үнэлгээтэй нь ойлгогдох байх.

Генерал холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, өөрөө биечлэн очиж, харж зогсч байгаад уг стратегийн ач холбогдол бүхий байгууламжийг үгүй болгосон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ