Ш.Сүхбаатар: Дэлхийн 200 гаруй орны бүгдэд нь монголчууд байна

-Энэ удаагийн “Галааридын цаг” нэвтрүүлэгт Гадаад харилцааны яамны консулын газрын захирал, хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар оролцож байна.

-Танд шинэ оны мэнд хүргэе?

-Танд ч бас шинэ оны мэнд хүргэе.

-Консулын газар гэхээр дипломат байгууллага гээд жирийн иргэд бидний амьдралаас хол санагддаг. Танай байгууллага яг ямар үүрэг зорилготой байгуулага вэ, гадаадад байгаа монголчуудтайгаа хэрхэн холбогдож ажиллаж байна?

-Консулын газар бол арын алба. Гадаад харилцааны яам бол гадагшаа тэлсэн том бодлого явуулж байгаа газар. Монгол иргэд гадаадад их зорчиж, тэнд оршин сууж байна. 110 гаруй мянган иргэд хилийн чанадад амьдарч байна. Тэрнээс гадна өдөр тутам зорчиж байгаа иргэдийн тоо ч их. Зөвхөн Хятад руу л гэхэд 2012 онд 1,3 сая хүн зорчсоны 900 мянга нь монгол хүн байсан. Энэ тоо 2013 онд ч өссөн. Монгол хүн зорчиж байгаа газар монгол хүнтэй холбоотой янз бүрийн л асуудал гардаг. Тэр бүхэнтэй холбогдож, өдөр тутам зохицуулах үүргийг манай консулын газар, хилийн чанадад байгаа манай дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулын газрууд, тэнд ажиллаж байгаа хүмүүс хүлээдэг.

{!!!right!!!}-Дэлхий дахинд байгаа Монголчуудад санаа тавих ажлыг хийдэг гэж ойлгож болох нь ээ?

-Гадаад харилцааны чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж байгаа хэд хэдэн гол зорилтуудын бараг 7-8 нь манай консулын газрын үйл ажиллагаатай холбоотой. Жишээ нь иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ч юм уу хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаадад байгаа оюутнууд болон монголчуудын байгууллагатай холбогдож, шаардлагатай тохиолдолд тэдэнд тулгамдсан хүндрэл бэрхшээлийг хамт шийдэлцэж байгаа байгууллага бол манай консулын газар.

-Ер нь хэдэн оронд танай харьяаны ажилчид монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байна?

-Өнөөдрийн байдлаар гадны улсуудад 39 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Нэг элчин сайдын яаманд 3-4 хүн л байдаг. Жижиг улсуудад нь элчин сайд нь ч давхар бүх ажлаа хариуцаад явж байх жишээтэй. Ер нь дипломат ажил хашдаг хүн бүр л тухайн улсад амьдарч байгаа монголчуудад ямар нэг зүйл тохиолдвол тэр энэ гэхгүйгээр бүгд оролцож, санаа тавьж байдаг тийм л алба.

-Ер нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалж чадаж байгаа юу?

-Бүрэн дүүрэн хамгаалж байна гэж хэлэх боломж муу. Ний нуугүй хэлэхэд бидэнд хандсан иргэдийнхээ асуудлыг л зохицуулж байгаа. Тэрнээс биш хилийн чанадад хэн зорчих, ямар хэргээр явах нь тухайн хүний эрхийн асуудал. Харин тэр иргэнд ямар нэгэн асуудал тулгарах, тухайлбал хүүхэд төрлөө гэхэд төрсний гэрчилгээ авахаас эхлээд сан муу асуудлуулыг шийдвэрлэхэд нь туслахыг зорьж байгаа байгууллага.

-Танай байгууллага ачаалалтай ажилладаг уу?

-Хоёр он солигдох гэж байхад л манай консулын газар ачаалалтай ажилласаар л байсан. Оны дундуур амарч байгаа ч гэсэн гэнэт асуудал гараад дуудагдах жишээний. Зөвхөн өнөөдөр өглөө л гэхэд Хятадад хоригдсон монгол хүний тухай, Солонгост нэг хүн нас барж, Эрээнд хэн нь мэдэгдэхгүй монгол хүний цогцос олдлоо гэх мэт мэдээлэл ирээд манайхан ажиллаж байна. Ямар нэгэн асуудал тулгараад яарч сандарсан хүн хэдэн ч цагт залгаж болно. Манай утас өдөр шөнө гэлтгүй үргэлж нээлттэй байдаг.

-Ямар асуудал гарна танайд ирж мэдэгдэж байна гэсэн үг байх нь тийм үү?

-Нэг үеэ бодвол гадаад харилцааны яам, консулын газар хандах хүмүүсийн хандлага ихэсч байна. Нөгөө талаас манай байгуулагын явуулж байгаа үйл ажиллагаа иргэдэд харьцангуй ойр байдаг.

-Гадаадад монголын хэд орчим иргэн байнга оршин сууж байна вэ?

-Нарийн гаргахад хэцүү. Дипломат төлөөлөгчийн газруудад бүртгэгдсэнээр 112600 орчим иргэн байгаа.

-Хамгийн олон монголчууд хаана хаана амьдарч байна?

-АНУ-д 30 гаруй мянга, Солонгост 26 мянга гаруй, баруун европын нэг улсад 5-6 мянган хүмүүс амьдарч байгаа гэх мэт Европт нийт 40-50 мянган хүн амьдарч байх жишээтэй. Өвөрмонголд 180 орчим хүн байна. Малайзад хэдэн хүн байна гээд сэтгүүлчид сүүлийн үед их асуух болсон. Тэнд 500 орчим иргэн байгаагийн 300-аад нь оюутан сурагчид. Гэх мэт дэлхийн олон оронд Монголчууд тархсан. Африкийн хүн ам цөөтэй ядуу улсад ч манай нэг хүн байх жишээтэй. Дэлхийн 200 гаруй орны бараг бүгдэд нь шахуу монголчууд байна.

-Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан гэж байдаг гэсэн. Энэ сангийн зорилго юу вэ. Манайхан энэ сандаа хэр хандаж байгаа вэ?

-Аль ч улсын консулын байгууллагад ийм сан байдаг. Энэ сан нэлээд их хөрөнгө мөнгөтэй. Зарим орон бол иргэнээ хамгаалахын тулд шууд онгоцоор очоодгазар дээр нь иргэндээ туслалцаа үзүүлээд , хамгаалах бүхий л бололцоо нөхцөлийг бүрдүүлдэг юм билээ. Манайд 2009 онд энэ сан байгуулагдаж, улсын төсвөөс 173,3 сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь өнөөдрийн хувьд болж байгаа хэдий ч ирж байгааиргэдийн хүсэлтийн дэргэд юунд ч хүрэлцэхгүй бага мөнгө. Тэр сангийн мөнгийг 7-8 зүйлд зарцуулахыг заасан байгаа. Нас барсан тохиолдолд шарил чандрыг нь аваачих, ар гэрийнхнийг нь аваачих гэх мэт. Хамгийн сүүлд Сөүлд манай нэг иргэн эмчилгээнийх нь зардал нэлээд өндөр, биеийн байдал нь хүнд болчихсон байхад нь МИАТ-аас замын зардлынх нь 90 хувийг хөнгөлөөд, үлдсэн зардалд нь гадаад харилцааны яамнаас тусламж дэмжлэг үзүүлсэн.

-Тэгэхээр энэ сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага байгаа юм байна гэж ойлгож болох уу?

- Улс орны хамгийн үнэ цэнэтэй зүйл нь иргэн байх ёстой. Тийм учраас энэ сангийн хөрөнгөө цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн манай механизм жаахан буруу байна. Материалаа хүлээж авна, хурал хийнэ, сангийн яамнаас мөнгөө авна гэсээр байтал цаг хугацаа алддаг. Энэ асуудлыг зохицуулахын тулд монголчууд олноор суурьшсан газруудын дипломат төлөөлөгчийн газарт энэ санг бий болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол тэнд ажиллаж байгаа дипломат ажилчдын карманаас мөнгө гарах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ жилийн хувьд 270 сая төгрөг төсөвлөгдсөн байсныг төсвийн хэмнэлт хийгээд 116 саяыг нь хасчихсан. Үлдсэн мөнгийг нь бид гадаад харилцааны яамны зөвлөлийн хурлаар хэлэлцээд гарцаагүй шаардлагатай хүмүүст нь зарцуулдаг. Бидний тооцоолсноор 450-500 сая төгрөг жилдээ шаардлагатай гэж бодож байгаа. Гэтэл улс орны боломж нөхцөл нь болж өгөхгүй байх шиг байна. Жишээ нь арван төгрөг хэрэгтэй хүнд таван төгрөг өгөөд үлдсэн тавыг нь өөрөө аргал гэх маягаар л явж байна.

-Сүүлийн үед консулын газруудын төлөөлөл хэр өргөжиж байна?

-Энэ засгийн газрын хийж байгаа ажлуудын нэг нь хилийн чанадад ажиллаж байгаа консулын газруудын төлөөллөө нэмэгдүүлэх. Энэ жил Афганистанд элчин сайдын яам байгуулсан. Туркын Станбул, Киргизийн Бишкет, Солонгосын Бусан, БНХАУ-ын Хайларт консулын газар байгуулахаар шийдвэр гарсан. Энэ онд үйл ажиллагаагаа явуулаад эхэлнэ. Ер нь цаашид Монголчууд олноор оршин суудаг гадруудад зайлшгүй төлөөллийн газрууд байгуулах шаардлагатай.

-Иргэдийг гадаад руу зорчиход хөнгөлөх ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байна?

-Энгийн паспортоор зорчих иргэдийн тоог ихэсгэх бодлого явж байгаа. Энэ ажлыг шат дараатай шийдвэрлэх ёстой. Эхний ээлжинд Герман улсад визгүй зорчихоор болчихлоо. Баруун европт анх удаа. Цаашлаад албан паспорттой, энгийн паспорттой иргэдээ Европ руу чөлөөтэй зорчуулах энэ нөхцлийг л шат дараатай хийж байгаа гэсэн үг. Ер нь 2013 онд нэлээд олон улстай 30 хоногийн дотор визгүй зорчих боломжтой болгосон. Цаашид ОХУ-тай, Солонгостой, Японтой, АНУ-тай визтэй байх уу, визгүй байх уу гэдэг асуудал ярихаар бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Визгүй зорчиж байгаа улсуудад зорчих хугацааг нь сунгах гэх мэт ажил шат дараатай хийгдэж байна.

-Гадаадад амьдарч байгаа иргэд тухайн улсынхаа хуулийг зөрчдөг. Тухайлбал хар тамхи, хүний наймаатай холбоотой хэрэгт холбогдох гэх мэт зүйл монголчууд сүүлийн үед их өртөх болж?

-Монголчуудын талаар муу нэр дуулгаад байгаа юм бол хар тамхи, хулгай гэх мэт. Дэлхийн аль ч улс оронд байдаг л асуудал. Ганцхан монголчууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод яахаа алдчихсан ч юм бас биш. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг тэнд хар тамхины хэрэгт нэг монгол хүн холбогдоход энэ талаар их шуугидаг. Монгол улсын ерөнхийлөгч 2011 оны эхээр хар тамхины эсрэг тэмцлийг нэлээд хүчтэй болгох талаар үг хэлсэн. Үүний үр дүн гарсан. Тухайлбал 2012, 2013 онд хилийн чанадад хар тамхины гэмт хэрэг шинээр гараагүй. Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон 38 хүн ял эдэлж байгаа. Энэ нь 2011 оноос өмнөх хэргүүд. Харин хамгийн сүүлд 2012 оны нэгдүгээр сард Малайзад манай гурван хүн хар тамхины хэрэгт холбогдсон. Тэдний хоёр нь оюутан. Тэд санамсар болгоомжгүйгээсээс энэ асуудалд холбогдсон байгаа юм. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.

-Хулгайн хэрэгт нэлээд түгээмэл холбогдоод байх шиг ээ?

-Хулгайн хэрэг бас санаа зовоож байгаа асуудал. Энэ хэрэгт эхчүүд, эмэгтэйчүүд илүүтэй холбогдож байгаа. Ганц нэгээрээ ч биш гурав дөрвөөрөө бүлэглэсэн, зохион байгуулалттай. Тиймээс хилийн чанадад байгаа иргэд маань эх орныхоо нэрийг гутаахгүйявах хэрэгтэй байна. Би Тайландад очоод тэнд хулгай хийсэн монгол иргэдтэй уулзахад дэлгүүрээс нэг цаг авчихсанаасаа болоод хоёр гурав, зарим нь арван хэдэн жилийн ял авчихсан байгаа юм. Египетэд хулгай хийгээдбаригдаад шоронд хүүхэдтэйгээ хамт байгаа хүн байна. Бид гаргаж авахаар хөөцөлдөж байгаа. Бидэнд хандсан иргэн бүртээ бид туслах ёстой. Хулгайч юм аа хамаагүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Эх хүн хүүхдийнхээ төлөө санаа зовдог шиг эх орон нь бас хүнийхээ төлөө явах ёстой. Японы Осакагаас хулгайн хэрэгтэй хоёр монгол иргэний авчирлаа. Мөн Чех улсад хоригдож байсан 11 жилийн ялтай хүнийг эх оронд нь ялыг нь эдлүүлэхээр ярьж тохиролцлоо. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш гэдэг шиг энэ асуудалд монголчууд их анхаарах хэрэгтэй болжээ. Монголчуудыг дэлхий дахинд нэг үеэ бодоход мэддэг, таньдаг болсон. Гэтэл сайнаасаа илүү саар зүйлээрээ дэлхийд цоллуулах гээд байгаа тал ажиглагдаад байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.

-Энд тэнд хоригдож байгаа хүмүүстэйгээ уулзаж, эргэж тойрдог уу?

-Энэ асуудалд бодлогын түвшинд ажиллаж байгаа. 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн зүйл бий. Одоогоор хилийн чанадад хоригдож байгаа 158 хүн байгаа. Тэднийг өнгөрсөн онд элчин сайдын яамнаас бүгдийг нь эргэж тойрсон. Урьдчилан хорих байранд байгаа 50-60-аад хүнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд орчуулагч, өмгөөлөгчөөр хангах, шүүх хуралд нь оролцох гэх мэт бүхий л асуудалд нь оролцох ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн жил ОХУ-д хилс хэргээр баригдчихаад байж байгаа Баян-Өлгий аймгийн иргэнийхээ асуудлаар тэнд очиж ажилласан. Хөх хотод хоригдож байгаа иргэдийг сардаа хоёр удаа нэг газар оруулж махан хоол идүүлж, сүүтэй цай уулгадаг гэх мэт ажлууд зохион байгуулсаар байна.

-Очоод уулзахад манайхан юу ярьж байх юм?

-Манай иргэд хэдийгээр ял эдэлж байгаа ч гэсэн их цог золбоотой, хорих газрынх нь хүнд хэцүүг даван туулаад эх орондоо очно, цаашдаа сайхан ажиллаж амьдарна гэсэн итгэлтэй байдаг. Ялын дээд хэмжээ авчихсан байсан Дамдин гэдэг иргэний талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын талд амийг нь өршөөж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Энэ чиглэлээр манай дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд ч сайн ажиллаж байна. Мөн манай улсын төлөөлөл болсон гадаадын улсад ажиллаж байгаа өргөмжит консул гэж гадны хүн байдаг. Тэр хүмүүс ч монголчуудын төлөө сэтгэл гаргадаг. Монголчууд монголчууддаа ч тусалж дэмжиж, урам хайрлаж байдаг.

-Гадаадын өргөмжит консулуудыг яаж сонгодог юм бэ?

-Хоёр талтай. Монголын төлөө зүрх сэтгэлтэй, өөрийнхөө хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулаад явж байгаа олон өргөмжит консулууд байна. Одоогоор дэлхийн 42 оронд монголчуудын төлөөлөл болсон 70 өргөмжит консул ажиллаж байна. Энэ хүмүүсийн сонгоход тэдний өөрсдийнх нь хүсэл, мөрийн хөтөлбөрийг харахаас гадна Тагнуулын ерөнхий газраас ямар хүн бэ гэдгийг нь судалж, нөгөө улстайгаа харилцан зөвшилцөж байж тухайн хүнийг өргөмжит консул болгодог. Олон жил ажилласан сайн өргөмжит консулууд байна. Манай улсын иргэдэд ямар нэг зүйл тохиолдоход л эхлээд өргөмжит консулд ханддаг. Жишээ нь Филиппинд Аяатунгахүүхдээ нөхөртөө алдчихлаа гэхэд буудлын зардал мөнгө гээлд асуудал гарч ирсэн. Тухайн улсад манай улсын төлөөж байгаа өргөмжит консулд хандаад асуудлуудыг нь маш хурдан зохицуулж өгөөд, дараа нь сангаасаа зардал мөнгийг нь шилжүүлж өгөх чюмуу иймэрхүү журмаар нягт холбоотой ажилладаг. Бид өргөмжит консулууддаа зориулаад англи монгол хэл дээр ном хийж байна. Удахгүй бэлэн болно.

-Өргөмжит консулууд монголд бөөгнөрөх тохиолдол бий юу?

-Монголд тэр бүр ирж чадахгүй. Бүсчилсэн байдлаар 2012 онд ийм ажил зохион байгуулсан.

-Монголчууд нэгдээд төрийн бус байгууллага ч юм уу холбоо байгуулаад нэгнийхээ төлөө дуугардаг байдал сүүлийн үед нэмэгдсэн үү?

-Малайзд гэхэд Лхагвадорж гэж тэргүүнтэй оюутны холбоо байна. Энэ холбоо тэнд байгаа монголчуудынхаа төлөө нэлээд юм хийдэг. Эндээс очсон ар гэрийнхнийг нь хүлээн авч уулзаж, газарчилж байх жишээтэй.

-Хүний наймааны золиост манай охид бүсгүйчүүд ихээр өртөх болсон тухай байн байн дуулдах боллоо. Яагаад ийм төрлийн гэмт хэрэгт өртөөд байна вэ?

-Хүний наймааны хэрэгт ял шийтгэгдсэн тоо баримт их бага байна. Гэхдээ санаа амрах асуудал биш. Энэ асуудалд илүүтэй анхаарах цаг болсон. Энэтхэгт гурван охиныг уран нугаралтын чиглэлээр ажиллуулна гэж авч яваад хүний наймааны холбогдолтой ажил хийлгэж байсныг бид буцааж авчирсан. Мөн Энэтхэг рүү уран нугаралтын чиглэлээр авч явна гэж байгаад Солонгос руу дөрвөн эмэгтэйг аваачаад ширээний үйлчлэгч хийлгэж байсан. Манай охид бүсгүйчүүд санаатайгаар, санамсаргүйгээр ийм төрлийн гэмт хэргийн золиос болсоор байна. Саяхан малайзад нас барсан эмэгтэй ч бас сургуульд сурах гэж яваад л хүний наймааны золиос болсон юм билээ. Охид замбараагүй, биеэ үнэлж байна энэ тэр гээд хүмүүс янз бүрээр л ярих юм. Уруу татагддаг нэг хэсэг байхад өөрөө мэдэлгүй хууртагдаж хүний наймаанд өртөх нь их байна. Тиймээс сургууль соёлд явах гэж байгаа бол бидэнд хандаад тийм сургууль байдаг юм уу, ийм газраар зуучлуулах нь зөв шүү гэх мэт зөвлөгөө авч болно шүү дээ. Харамсалтай нь манайхан урьд нь биш бүр өнгөрсөн хойно нь амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирчихоод бидэнд мэдэгдэж байгаа юм.

-Танай байгууллагад хандаад, ийм шугамаар явах гэж байгаа шалгаад өгөөч ээ гэхэд танайх шалгаж өгнө гэсэн үг үү?

-Бид холбогдох газруудтай нь яриад, ямар учиртай, үнэн худал эсэхийг нь мэдээд өгөхийн төлөө л ажиллана. Өндөр цалин амласан ажил бүр цаанаа но-той л байгаа.

-Монгол хүүхдийг гадаадын иргэд үрчилж авах нь ихэссэн. Энэ хүүхдүүдтэйгээ холбогдож, санаа тавьдаг уу?

-Нэлээн олон монгол хүүхэд хилийн чанадад явж байгаа. Эргээд эх оронтойгоо холбоо муутай. Энэ асуудалд анхаарах цаг болсон. Үрчлээд явсан бол ямар хүн авсан, хаана байна, ар гэр, ах дүүстэйгээ холбоо хэлхээтэй байна уу үгүй юу гэдгийг адаглаад сурагладаг байх хэрэгтэй. Жилдээ нэг удаа эх оронд нь авчиргэдэг ч юм уу тодорхой болзлууд тавьдаг байх нь зөв. Зургаан настай монгол хүүхэд Солонгост байсныг авчирсан. Хүүхдийн эх нь зөвшөөрөөд, эцэг нь зөвшөөрөөгүй байсан. Тиймээс насанд хүрээгүй хүүхэд хил давуулах асуудлыг заавал бидэнд хандаж ярилцах шаардлагатай. Үрчлэгдсэн хүүхдүүдийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд манайд бас байдаг болсон байна. Бид тэдэнтэй хамтраад монгол хүүхдүүдийнхээ төлөө ажиллахад бэлэн байна гэдгээ хэлье.

-Гадаадад байгаа иргэдийнхээ саналын хүлээж аваад ажил хэрэг болгох тогтсон механизм байгаа юу?

-Засгийн газрын 1111, Гадаад харилцааны яамны 2622, консулын газрын утас байнга нээлттэй байдаг. Энэ утаснуудад хилийн чанадад байгаа иргэд санал хүсэлтээ байнга явуулдаг. Сургуульд явсан хүүхэд нь хэд хоног холбоо барихгүй байхад л манай хүүхэд яг тэндээ хичээлдээ явж байна уу үгүй юу мэдэж өгөөч гээд бидэнд хандаж байна. Хүний ээж гэдэг үр хүүхдийнхээ төлөө байнга санаа зовж явдаг улс. Манай консулын газарт дандаа ээж, эмээ нар их ирнэ. Үр хүүхэддээ санаа зовсондоо. Иргэдээс ирж байгаа гомдлын 95 хувь нь консулын газраар дамждаг. Тэгэхээр иргэд бидэнд хандах хандлага ихэссэн гэсэн үг.

-Танай яамны ажил мэргэжлийн талаар хүмүүс нэлээд ойлголттой болсон гэж найдаж байна. Одоо хувийн нэг асуулт асууя. Та уран бүтээлч, яруу найрагч. Бас хуулийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Төрийн ажил их цаг наргүй байх. Уран бүтээлийн ажил хэр байна?

-Уран бүтээл өндөр. Би Самбуу гуайн тухай 2003 онд ном бичижбайснаас хойш арван жилийн дараа хоёр дахь номоо гаргаж байна. Ардын уран зохиолч Д.Цоодол редактор хийсэн. Уран бүтээл гэдэг сэтгэлийн л юм. Манай өвөг дээдэс их эртэч улсууд байсан юм билээ. Орой нь айл буугаагүй газар өглөө болоход айл буугаад яндангаар нь утаа олгойдоод, хажууд нь уяа зоогоод морио уячихсан байдаг. Хүмүүс ч Дүүгээгийнх буусан байх гэж мэддэг байсан гэсэн. Би өглөө таван цагт босдог. Уран бүтээлээ өглөөний цагт л хийнэ. 5-7 цаг хүртэл хоёр цагийг уран бүтээлдээ зарцуулна. Би өнгөрсөн жил консулын газрынхаа ажлын завшаанаар монгол орноо тойрлоо. Миний монгол ямар өргөн уудам газар нутагтай юм бэ. Бидний өвөг дээдэс бидэнд ийм сайхан газар шороог үлдээж дээ гэдгийг хараад бахархах сэтгэл төрж байсан. Энэ талаараа аян замын тэмдэглэл маягийн ном бичээд эхэлчихсэн явж байгаа.

-1990 оны хувьсгалын үед оюутан байсан байх аа. Тэр үед “Эрдэм” гээд сонинд ажиллаж байсан Сүхбаатар мөн үү?

-Тийм ээ. МУИС-ийн Оюутны утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр нэг хэсэг ажиллаж байсан. Тэгээд тэр үед “Эрдэм сонин”-д бидний хэсэг залуус ажиллаж байв. Сүхбаатарын Батмөнхтэй хамтарч “Монголын залуучууд” сонинг гаргалцаж, өөрсдөө сонингоо борлуулж, 15 мөнгөний сонинг нэг төгрөгөөр зарж, ардчиллын жагсаал цуглаан бүх л юманд явж байсан даа.

-Манай үеийнхний цөөхөн хэдэн сэхээтэнд олон янзын төрийн ажил алба хаших боломж гарсан байх гэж боддог. Та ч нэлээд олон төрийн алба ээлжлэн хашлаа. Өнөөдрийн алба хэр онцлогтой вэ?

-Манай аавын дүү Д.Цоодол. Ер нь манай аавын талынхан ном бичнэ. Хүү маань ч гэсэн ном бичээд байгаа. Юм бичих бол миний сонирхол. Гэтэл би хуульч мэргэжил эзэмшээд энэ чиглэлээрээ янз янзын салбарт ажиллачихжээ. Хуучин цагт бол нэг газраа ажиллаад л прокуророо хийгээд явах байсан байх. Прокурорын байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн. Ардчиллын цаг үе сонирхолтой цаг үе. Төв аймагт прокурор, дараа нь УЕП-т тамгын газрын дарга, Хууль зүйн яаманд тамгын газрын дарга, дэд сайд хийсэн. Батлан хамгаалахын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд одоо энэ консулын газар ирсэн. Энэ ажлуудыгхийхэд надтай хамтран ажиллаж байсан хүмүүсийн тусламж дэмжлэг их нөлөөлсөн. Хүний итгэлийг алдахгүй, ажилд нь зүтгэх юмсан гэсэн сэтгэлээр л явж байна. Консулын газрын дарга болно гэсэн ямар ч төсөөлөл бодолгүй байсан. Энэ хамт олон хүнийг сургадаг, өөд нь татдаг хамт олон. Энэ хамт олон дунд ороод, энэ салбарын ажилд дасах гэж зүтгэж явна.

-Монголчууддаа консулын газрын үүрэг зорилго юу юм, гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалж чадаж байгаа талаар нэгдсэн ойлголт өгье гэж бодсон юм. Илэн далангүй ярилцаж, үзэгчдэд мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ