Мисс Н.Ануд дөрвөн жил үерхсэн найз залуу нь гэрлэх санал тавилаа

“Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс Н.Ану өнгөрөгч онд Япон улсад зохиогдсон “Miss international-2013” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн төдийгүй шинэ оны өмнөхөн Монголын залуучуудын холбооны хүндэт тэмдэг “Тэргүүний залуу” алтан медалиар энгэрээ мялаасан билээ. Загварын тайзнаа нэгэн өнгө шигтээ болон гялалзаж буй сайхан бүсгүй маань анх удаа миссийн тэмцээнд хүч сорин өрсөлдсөн бөгөөд хацар гоо охидынхоо нүүр царай болж чадсандаа өөрөөрөө ихэд бахархаж яваа нь дамжиггүй.

Харин түүний хичээл зүтгэл хийгээд загварын тайзнаа гаргасан амжилт зэргийг нь үнэлэн ийнхүү “Тэргүүний залуу” алтан медалиар шагнасанд тэрбээр маш их баяртай явдаг юм билээ. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, мисс Н.Ану компьютерийн программ хангамжийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд яруу найрагч Р.Чойном агсны ач хүүтэй үерхээд дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Тэгвэл барилгын чиглэлээр хувиараа бизнес эрхэлдэг түүний найз залуу Б.Амараа нь мисс бүсгүйд гэрлэх саналаа тун ч романтик байдлаар тавьж, сүйн бөгжөө зүүж өгчээ. Энгийн нэгэн зоогийн газарт хамтдаа хооллож суух үедээ найз залуу нь гэнэт өвдөг сөхрөн гэрлэхийг гуйхад мисс Н.Ану сэтгэл догдлолоо барьж ядан нулимс унагасан нь энэ аж. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Миний сэтгэл зөвхөн чинийх. Хайр дурлалыг ганцхан чамтай учирч л мэдэрсэн юм шүү. Миний цорын ганц хайр, бүх зүйлд чи минь л үргэлж хажууд минь байдаг. Би чамд хайртай” хэмээн бичжээ.

С.Цахиур

www.zone.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ