Америкчууд зөгнөлт кинонд гардаг шигээ зовлонг биеэр туулж байна

-Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд болж өнгрөсөн үйл явдлын хунгуйг тоймлон хүргэж байна-

Химийн зэвсгийг Сирээс гаргаж эхлэв

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Сири дэх химийн зэвсгийг тус улсаас гаргах эхний ажиллагаа эхэлсэн. Олон улсын шинжээчдийн багийнхан Сирийн химийн зэвсгийг хураах ажлын хүрээнд тус улсаас эхний ээлжийн битүүмжилсэн химийн зэвсгийг усан тээврээр гаргаж эхэлсэн юм. Их хэмжээний хортой химийн зэвсэг ачсан Данийн усан онгоц Сирийн хойд хэсгийн Латакиа боомтоос Италийг зорин хөдөлж амжилттайгаар эхний зогсоол дээр хүрсэн билээ.

Тэрхүү усан онгоц ОХУ болон Хятадын байлдааны хөлгөөр замчлан Италид хүргэсэн талаар дэлхийн хэвлэлүүд нэлээд ач холбогдолтойгоор мэдээлсэн юм.

Тус хөлөг химийн зэвсгийг Итали улсад хүргэх ёстой бөгөөд тэнд хүрсний дараа хортой ачааг АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөгт шилжүүлнэ. Түүний дараагаар химийн зэвсгийг Газар дундын тэнгист устгах ажил эхлэх юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нийтдээ устгах ёстой 1300 тонн химийн зэвсэг байгаа ажээ.

Англи Америкт байгалийн гамшиг нүүрлэв

Хойд Америкийн зарим хэсгээр болон Канадын нутгаарурьд өмнө нь хүйтэрч байгаагүйгээр хүйтэрч, агаарын хэмийн хамгийн хүйтнийг зааж байна. Их хэмжээний цас орж, шуурч байгаа нь хойд туйлын хүйтэн хэмтэй дөхөж очихоор байна хэмээн цаг уур судлаачид хэлэв. Агаарын хэм -33 болон түүнээс дээш хэмийг зааж байгаа бөгөөд зарим хэсэгт шөнөдөө -50 хэм хүрч байгаа гэнэ. Их хүйтрэлээс болж ойролцоогоор 16 хүн амь насаа алдсан хэмээн ВВС дамжуулж байна.

Хүйтрэлээс болж нийтдээ 4000 гаруй нислэг цуцлагдаж олон тооны хүмүүс онгоцны буудал дээр хөл хоригдоод байгаа юм. Ийм их хүйтэн сүүлийн 20 жилд тохиогоогүй хэмээн тус улсын цаг уурчид тэмдэглэж байна. ТүүнчлэнДэлхийн хамгийн том хүрхрээ болох Ниагара хэт хүйтэрсний улмаас бүрэн хөлджээ. Ниагара гол хөлдөн хүрхрээ нь гүехэн горхины адил болоод ус доош унахдаа хөлдөн асар томмөсөн баганууд болжээ.

Мөн Английн өмнөд болон баруун эрэг орчим далайн түрлэгийн аварга давалгаануудад цохиулж байна. Үүнээс үүдэн эргийн хотууд үерт автаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Далайн давалгаанууд найман метрээс дээш өндөрт давалгаалж байгаа нь тул улсын хувьд анхны тохиолдол болж байна гэхэд болно. Албаны эх сурвалжийн мэдээлснээр үерт автан долоон хүн амь насаа алдсан бол 1700 гаруй айл өрх үеийн аюулд нэрвэгдээд байгаа гэнэ.

Их хэмжээний үер нь зам тээвэрт төвөг учирч, зарим газруудаар зам хаагджээ. Хүндхэн нөхцөлд байгаа иргэдэд тусламж хүргэж эхэлжээ.

Иранд эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо чатлаж болохгүй

Ираны шашны тэргүүн Аятолла аль Хаменей эрэгтэй эмэгтэй хүмүүсийг интернэтээр чатлахыг хориглов. Ингэснээрээ илүү ёс журамтай байдал бий болно хэмээн үзэж байгаа ажээ. Бие биенээ танихгүй хүмүүс интенэтээр харилцах нь тийм ч тохиромжтой зүйл биш гэж үзэж байгаа аж. Ганц бие хүмүүс интернэтээр дамжуулан хайр сэтгэлтэй хүнээ хайх нь утгагүй зүйл хэмээж байна.

Жирийн иргэдийн интернэт харилцааг хааж байгаа бол тус улсад өндөр албан тушаалтнууд нийгмийн сүлжээний хуудсуудад акаунттай хэвээр байна. Жишээ нь тус улсын ерөнхийлөгч Хасан Роухани гэхэд Фейсбүүк болон Твиттэр 163 сая дагагчтай хуудастай юм.

Хятадад зорчсон Кананд иргэн шувууны ханиадаар нас барлаа

БНХАУ-д зорчоод ирсэн Канадын иргэн нутагтаа ирмэгцээ шувууны томуугийн “H5N1” вирусын халдвар авч, нас баржээ. Канадын албаныхан нас барсан хүний нэр болон нас бусад тодотгох зүйлсийг нь одоогоор дэлгэх боломжгүй хэмээж байна.

Нээлттэй мэдээллсэн зүйл нь гэвэл тэрээр өнгрөсөн арванхоёрдугаар сарын 27-нд Бээжингээс Ванкувер руу ниссэн юм байна.Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Канадын Альберта мужид гахайн томуугийн “H1N1” вирусын халдвар тархсанаас олон хүн өвчилж, 10 хүн нас барсан юм. Канадад сүүлийн үед цаг агаар эрс хүйтэрч буйгаас энэ мэтээр томуу, томуу төст төрлийн өвчний дэгдэлт их байгаа гэнэ.

Деннис Родман Кимд төрсөн өдрийн дуу дуулж өгөв

АНУ-ын тамирчин NBA-ын од сагсан бөмбөгчин Деннис Родман Хойд Солонгост багийн гишүүдийнхээ хамтаар дахин айлчилсан. Энэ удаад тэд хоёр орны сагсан бөмбгийн багийнхан хоорондоо нөхөрсөг тоглолт хийсэн юм.

Түүнчлэн пүрэв гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн өдөр байсан бөгөөд Родман түүнд зориулан төрсөн өдрийн дуу дуулж өгсөн нь тун өвөрмөц бэлэг байлаа.

Тэрээр "Төрсөн өдрийн мэнд хүргье сайн найз минь" хэмээн дуулав. Нөхөрсөг тоглолтыг үзэхээр ирсэн мянга мянган хүн Родманы дуулахыг сонсоод ихэд гайхсан юм. Стадионд ойролцоогоор 14 мянган хүн байсан гэсэн тооцоо гарчээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ