Францын тэргүүн хатагтай нөхрөөсөө болж эмнэлэгт хэвтжээ

Францын тэргүүн хатагтай Валери Трейрвилер хэвлэлээр гарсан нөхрийнхөө нууц амрагтай гэх мэдээллийг сонсоод эмнэлэгт хүргэгджээ.

Түүний нөхөр Францын ерөнхийлөгч Франсуа Олландын нууц амраг нь жүжигчин Жули Гавет мөн гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригаас эхлэн хэвлэлүүдээр таржээ.

Энэхүү мэдээнд цочирдсон түүний эхнэр эмнэлэгт хэвтэх болсон байна.

Гэхдээ түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хэсэг амарч, шинжилгээнүүд өгчээ. Харин өнөөдрөөс эмнэлгээс гарч байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Эдгээр олон үйл явдал өрнөж байсан ч ерөнхийлөгч өнөөг хүртэл олон нийтэд хандсан мэдээлэл болон ямар нэг няцаалт өгөөгүй байсаар байна. Энэ нь иргэдийн дунд элдэв дам яриаг улам ихэсгэж байгаа бөгөөд улс төрийн сөрөг хүчнийхний хувьд ч таатай боломж болж байна.

Улс орны эдийн засгийн байдал тааруухан, ажил ихтэй байхад ерөнхийлөгчийн хувийн амьдрал ийм замбараагүй байгаа нь таалагдахгүй байна гэж үзэх иргэд ч нэлээд олон байгаа. Түүнчлэн олонхийн дэмжлэгтэйгээр сонгогдсон ерөнхийлөгч биш байсан. Нийт ард түмний ердөө 25 хувь нь л түүнийг дэмждэг гэх зэрэг таагүй мэдээллүүд газар авсаар байна. Тэрээр 2012 оны тавдугаар сараас тус улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа билээ.

Франсуа Олланд, Валери Трейрвилер нар гурван хүүхдийн эцэг эх. Гэхдээ Олланд өөрийн нэр дээр дөрвөн хүүхэдтэй юм. Хатагтай Валеритай гэрлэхийн өмнө анхны эхнэртэйгээ байхдаа нэг хүүхэдтэй байсан ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ