Ес хоногийн дотор 700 хүн амь үрэгдэв

Дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа халуун цэг бол Сирийн асуудал байсан хэвээр байна. Одоо тус улсын асуудал зөвхөн дотоодын зөрчлөөсөө хальж гадны нөлөө орж эхэллээ. Өчигдөр гэхэд Аль-Каида бүлэглэлийн хамсаатан Исламын бас нэгэн зэвсэгт бүлэглэл Сирид довтолж олон зуун хүний амь насыг егүүтгэжээ.
Хүчээр дайран довтолсон энэхүү зэвсэгт бүлэглэл нь сүүлийн үед Ирак болон Сирид идэвхжилт ихтэй байгаа. Сирийн чөлөөт армийнхан Засгийн газрын цэргүүдийн эсрэг ийнхүү гадны зэвсэгт бүлэглэлтэй хамтран дайрсан нь жирийн олон иргэний аминд хүрсэн харамсалтай явдал болов. Башар аль-Ассадын дэглэмийг унагахын тулд юуг ч хийхэд бэлэн байгаа босогчид ийнхүү дахин харуулсан бөгөөд энэ нь тун буруу алхам боллоо.
Исламын зэвсэгт бүлэглэлийн дайчид нэвтрэн орж ирсэн сүүлийн есөн хоногт Сирид 700 хүн амь насаа алдсан хэмээн Хүний эрхийн байгууллагаас мэдээллэв. Нас барагсдын 350 орчим нь босогчид болон зэвсэгт бүлэглэлийн гишүүд байсан бол 250 орчим нь Засгийн газрын цэргүүд байжээ. Харин 100 гаруй хүн жирийн иргэд байсан юм. Азаар амь үрэгдэлгүй хүндхэн шарх авсан хэдэн зуун хүн эмнэлэгт байгаа. Гэвч эмнэлгийн үйлчилгээ сайнгүй байгаагаас амь насаа алдах магадлалтай хүмүүсийн тоо их байна гэв.
Гурав дахь жилдээ үргэлжилж байгаа Сирийн иргэний дайны хөлд 100 мянга гаруй хүн үрэгдээд байгаа хэмээн НҮБ-аас тооцоо судалгаа гарсан. Харин хэвлэлүүдээр янз бүрийн тоо дурдагдаж байгаа.
Өнгөрсөн онд хүмүүсийг үйл олноор нь хядсан химийн зэвсгийг Олон улсын химийн зэвсэг хориглох байгууллагаар удирдуулан устгахаар болсон. Сирээс Итали хүргэж, тэндээсээ АНУ-ыналбаныхан Газар дундын тэнгист бүтүүмжлэн живүүлэхээр болсон. Сарин хэмээх энэ химийн хүчтэй зэвсгийн нөлөөгөөр 1300 гаруй хүн амь насаа алдсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн химийн зэвсгийг тус улсаас гаргаж эхэлсэн юм.
Түүнчлэн Сири улсын нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар энэ сарын сүүлээр Швецарийн нийслэл Женев хотноо олон улсын төлөөлөгчид чуулан хуралдахаар товлосон. Энэхүү хурлыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри удирдан явуулж байгаа юм. Энэхүү хурлаар нэлээд олон зүйлийн учир зангилаа тайлагдаж, шийдвэрлэх түвшний хуралдаан болно хэмээн үзэж байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ