Японы сумод япон их аваргатай болж Монголчуудын ноёрхлыг зогсоож чадах уу?

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн энэ сарын 12-нд Токио хотын “Кокүгикан” ордонд эхэллээ. Энэ тэмцээн бүхэлдээ 16 жилийн дараа япон ёкозүна төрөх эсэхийг хэлэлцсээр өндөрлөх шинжтэй байна. Гэхдээ мэдээж эхний долоо хоногт Кисэносато хэд уначихвал асуудал өөрөөр эргэнэ.
Ёкозүна Харүмафүжи гэмтэл нь эдгээгүй байгаа тул энэ тэмцээнд барилдахгүй гэдгээ зарласан. Эмч нар түүнд хоёр сар эмчлүүлэх онош тавиад байгаа тул бэртэл нь бодож байснаас илүү хүнд гэмтэл байжээ. Харүмафүжи барилдахгүй гэдэг хэдийгээр тав дараалан ялаад байгаа ч озэки Кисэносатогийн хувьд сайхан мэдээ.
Ялангуяа озэки Котошёогикү гэмтэлтэй барилдаж байгаа, Котоошюү бас л бэртэлтэй гээд бодохоор ёкозүна Хакүхо Кисэносато нар л түрүүлэхийн төлөө өрсөлдөх болох нь. Ер нь түүнийг аварга болгох гээд нөхцөл бололцоог тэнгэр бурхан нэлээд сайн бүрдүүлээд өгчихлөө гэхэд хилсдэхгүй болов уу.
Сүмо тайлбарлагч Китанофүжи, Майноүми нар энэ тэмцээнд Кисэносато ёкозүна болох боломжийг 80 хувь гэж дүгнэсэн нь нэгийг хэлнэ.
Гэхдээ Кисэносато сэтгэл зүйн бэлтгэл сул, хэрэггүй юманд хэт шатдаг бөх. Бүхэл бүтэн улс орны итгэлийг даах сэтгэлийн хат түүнд байна уу гэдгийн хариултыг энэ тэмцээн өгөх болно. Их аварга Чиёонофүжи Кисэносатод “Мавашины барьц аваад дайр, эхний долоо хоногт унаж болохгүй, яарч дайрч болохгүй гэсэн гурван зөвлөгөө өгсөн байна.
Гэхдээ Харүмафүжи барилдахг үй нь нөгөө талаас Кисэносатод гай болж мэдэх. Учир нь Кисэносато аваргыг тав дараалан ялаад байгаа болохоор түүнтэй барилдахад сэтгэл зүйн давуу талтай байлаа. Харүмафүжи өнжсөнөөр түүний оронд Кисэносато Аминишики зэрэг доор цолтой ч барилдаан таардаггүй бөхтэй барилдах болно.
Мөн Хакүхог унагааж өгөх ганц найдвар нь Харүмафүжи. Харүмафүжи байхгүйд Хакүхо доод тал нь 14 ялна гэхэд өөрөө бас 14 ялах хэрэгтэй болно. Кисэносато хэдий сайн бөх ч ганц ч удаа 14 ялж байсан удаагүй. Бас нэг юм бол Кисэносато 12-13 ялаад түрүүлж чадахгүй байлаа ч хоёр аваргыг унагаалаа гэж үзэхэд Сүмогийн холбооноос ихэд үнэлэх болно. Тэгвэл нэг аварга нь барилдахгүй болохоор Кисэносатогийн түрүүлэхгүй ч илүү оноо авах нэг боломж нь багаслаа гэсэн үг юм.
Өнөөдөр “Садогатэкэ” дэвжээний хоёр Кото өрсөлдөгчдөө яллаа. Манай Шёотэнро Японы залуу од Эндог ялсан. Харин Кисэносато Тоёоношимад унаж, танхимыг тэр чигээр нь гунигт унагаад гаран одлоо. Тачиай дээр барьц авч чадалгүй, сугадуулсан арслан тэр чигээрээ юу ч хийж чадалгүй, яахаа мэдэхгүй сандарсаар ялагдаж, их аварга Чиёонофүжигийн өгсөн даалгаврыг биелүүлж чадсангүй.
Энэхүү сэтгэл санааны дарамтаас хэр хурдан гарч чадах эсэхээс Наран улс аваргатай болох шалтгаална. Маргааш гадаад бөхчүүдээс анх удаагаа макүшитагийн 15-аас барилдах эрх авсан Ичиножёо анхныхаа барилдаанаа хийнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ