Н.Энхбаярын тэвчээрийг Д.Тэрбишдагва, О.Баасанхүү хоёр бараад байх шиг байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр шоронгоос суллагдсан Н.Энхбаяр эрх чөлөөтэй болж, УИХ-д эргэн ирэхээр болжээ гэх мэдээлэл шинэ он гаргахтай зэрэгцээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Тэрбээр өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж өнгө зүс орж байгаа түүнийг он солигдохын өмнөхөн О.Баасанхүү болон намын нөхөд нь даргадаа алтан хошуу өргөхөөр эргэж очсон байна. Гэтэл Н.Энхбаяр улс төрд эргэн ирнэ гэдгээ мэдэгдсэн аж.
Гэхдээ тэр зүгээр ч ингэж хэлээгүй бололтой. Өдгөө дээр, дороо оролцон чи, бидээ тулаад буй МАХН-ын хагарал Н.Энхбаярын тэвчээрийг барсан нь тодорхой. Учир нь, түүний үүсгэн байгуулсан нам өдгөө орших уу, эс орших уу гэдэгтээ тулаад байгааг улс төрийн хүрээнийхэн хэдийнэ анзаарчихсан.
Өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон Бага чуулганы үеэр энэхүү хагарал ил гарсныг зарим эх сурвалж ярьдаг. Үүний үргэлжлэл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайд Д.Тэрбишдагва нарын үл ойлголцол эцэстээ хил дамнасан маргаан болсон гэнэ. Хоорондын зөрчил нь хурцадсан хоёр харь орныг зорьж, даргаа эргэх нэрийдлээр хайнаа хагалуулахаар очсон ч мань хүн өөдөөс нь “Би улс төрд эргэн ирнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Харин тэрбээр гишүүний суудалд тухалж О.Баасанхүүг явуулна гэх яриа байгаа бол намыг нь даргалж байгаа Д.Тэрбишдагвыг ч “зайлуулах” төлөвлөгөө байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж эхэлжээ. Учир нь, Н.Энхбаярыг эзгүй хойгуур намынх нөхөд нь дотроо хагаралдаж, бие биенээ тагнаж чагнан сайтын сэтгэгдлээр хүртэл доромжлон утсаар дарамталж байгаа талаарх яриаг УИХ-ын гишүүн О.Баасанхүү ярьжээ.
Тэрбээр сүүлийн үед намынхаа дэд дарга Д.Тэрбишдагватай түнжин муутай байгаа нь үнэн. Тэр бүү хэл намынх нь дэд дарга түүнийг намаасаа гарахыг зөвлөснийг ч тэр хэлээд авсан. Ойлголцлын зөрүүтэй байгаа учраас энэ нь ч зөв гэж Шадар сайд түүнд зөвлөсөн юм байх. Үүнээс харахад өнгөрсөн хугацаанд Д.Тэрбишдагва МАХН-д өөрийн нөлөөг хэр тогтоосон бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Тиймээс Н.Энхбаяр намаа эвгүй байдалд оруулж, талцуулж хагаралдуулахгүйн тулд өөрөө эргэн ирж, намынхаа бат бөх байдлыг тогтоож, МАХН-ын нэрээ авч үлдэх гээд байх шиг ээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ