Ш.Гунгаадорж: Оюутолгойг мөлжих биш маажаад байна


Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой тохиож байна. Таны хувьд энэхүү Үндсэн хуулийг батлаж байсан хүмүүсийн нэг. Ер энэ 22 жилийн хугацаанд Үндсэн хуулийн хэрэгжилт ямар байсан бэ?
-Ер нь бол би Үндсэн хуулийн хэрэгжилт муу байсан гэж хэлэхгүй. Яагаад гэвэл нийгмийн харилцаа өөрчлөгдөж байх үед баталсан хүн эрх, эрх чөлөө, өмчийн эрх, улс төр, эдийн засгийн тогтолцооны асуудал хэрэгжээд явж байна. Зарим тал нь хангалттай хангалтгүй гэдэг асуудлыг ярих болохоос биш сайн муу хэрэгжсэн гэж дүгнэх ёсгүй. Ардчилсан шинэ Үндсэн хууль маань үүргээ биелүүлээд хэрэгжээд явж байгаа бөгөөд тэр дотор харж үзэх зүйл байгаа гэдгийг л хэлэх хэрэгтэй.
-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой нэг асуудал бол УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ний асуудал. Үүнийг ер нь яаж зохицуулах ёстой вэ?
-Энэ бол гарцаагүй асуудал. Дордуулсан долоо бол 2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхийг барьж байхдаа эхийг нь гаргаад түүнийг тухайн үеийн МАХН-ынхан хэрэгжүүлээд ирсэн. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл бөгөөд тухайн үед эрх мэдлийн давуу байдлаар баталсан өөрчлөлт. Ер нь бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тухай асуудал бол өнөөдрийнх шиг Засгийн газрын гишүүд нь бараг бүгдээрээ УИХ-л ороод суучихаар хуулиа ярьж чадахгүй ийм байдалд хүрээд байна. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан юм уу гэмээр ажиглагдаад байна. Үүнийг нэн даруй байхгүй болгох хэрэгтэй. Гэхдээ бүгдийг нь биш. Зарим үлдэх шаардлагатайг нь үлдээж сайн хэлэлцэх хэрэгтэй.
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг нэлээд хүндхэн байдалд байна. Энэ байдлаас гарахын тулд Засгийн газраас “Чингис” болон “Самурай” бондыг гаргалаа. Ингэж улсын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэх нь энэхүү хүнд гарцаас гарах шийдвэр гэж та бодож байна уу?
-Өр хийгээд эдийн засгаа сайжруулна гэдэг бол шилдэг арга биш гэж бодож байна. Ер нь зээл авах, бонд гаргах асуудал дэлхий нийтийн жишигт байдаг асуудал. Гэхдээ манай улсын эдийн засгийн хөгжлийн түвшин, буцаан төлөх чадварын хэмжээ ямар байгаа билээ зэрэг энэ бүхнийг харьцуулаад үзэхэд “Чингис” бондыг авах болох л байх. Гэхдээ үүнийг юунд зарцуулах, буцаан төлнө гэдгийг сайн тооцоолох ёстой. “Самурай” бонд бол цаанаа нарийн утга учиртай, нэг орны бодлого шингэсэн зүйл. Дэлхийн олон улс орнууд “Самурай” бондыг аваад байгаа зүйл бол байхгүй байгаа. Үүнд маш их болгоомжтой хандах ёстой. “Чингис” бондыг бол аваад үрээд дууслаа. Хойч үедээ л өр үлдээж байна. “Самурай” бондын тухайд бол эргэж нэлээн ярих ёстой. Болохгүй бол ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой байх гэж бодож байна. Тэгэхгүй бол зүгээр нэг дээгүүр хэдэн хүн яриад шийдэх асуудал биш. Дараагийн дөрвөн жилд энэ Засгийн газар байлаа ч уу, үгүй ч уу гэх зэрэг олон асуудлыг олон талаас харж байж шийдэх ёстой. Өр тавиад байхад ард түмний амьдрал сайжрахгүй бол болохгүй. Өртэй хүн өөдөлдөггүй шүү дээ.
-Таны хувьд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-Эдийн засгийн байдал өнөөдөр ямар байдалд байна вэ гэдэг нь тодорхой байна. Олон улсын хэмжээнд зэрэг буурсан, чанаргүй зээлийн хэмжээ хэтэрхий их байна. Ийм байхад улс орны эдийн засаг сайхан болно, гадаадаас өр зээл аваад сайхан болно гэдэг нь бараг л үлгэр юм. Үүн дээр маш нухацтай дүгнэлт хийх ёстой. Хариуцлага тооцох асуудал бол байх ёстой. Уг нь Засгийн газар дотроо хариуцлага тооцох ёстой. Тийм эр зориг алга байна. Үүнийг заавал сөрөг хүчин яриад, сөрөг хүчин олонхийн мууг үзэх гэж байгаа юм шиг харагдуулах хэрэггүй байсан юм. Ер нь бол хариуцлага тооцох ёстой. Засгийн газар байгаа байдалдаа чухал дүгнэлт хийж, арга барилаа зөв чиглэл рүү оруулахгүй бол эвгүй байдал руу орох нь тодорхой харагдаж байна. Сөрөг хүчнээс тавьж байгаа санал буруу гэж үзэхгүй байна. Гэхдээ нам эвслээрээ хуваагдсан энэ үед үр дагаварын хувьд улс төрийн тогтвортой байдал чухал зүйл. Үүнийг сөрөг хүчин бас анхаарах ёстой. Өнөөгийн байдалд дүгнэлт хийхээс гадна яагаад ийм болсон бэ гэдгийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн уулзвар дээр нухацтай дүгнэлт хийх цаг болсон. Эргээд харахад 20 гаруй жил Монгол Улс яаж яваад ирэв гэхээр ард түмнээс сонгодог парламентийн засаглал, мөн Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч, парламент нь шийдвэр гаргаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тиймээс Үндсэн хуулинд гар хүрэхгүйгээр өнөөдрийн дэгэн, догонтой байдал арилахад хэцүү. Үндсэн хуулинд гар хүрэхийг дорвитой эхлүүлэх ёстой. Сонгодог парламентийнтогтолцоо руу орох цаг болсон. Тиймээс хоёр танхимтай, Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог зарчмыг Үндсэн хуулиндаа тусгах ёстой. Цөөхөн хүн амтай улс нам эвсэлээрээ, нас, шүдээрээ, хөрөнгө чинээ, хөдөө гадаагаараа хуваагдаад үндэсний эв нэгдэх асуудал суларсан байна.
-Сүүлийн үед Оюутолгойн гэрээний асуудал нэлээд хөндөгдөж байна. Сөрөг хүчний зүгээс бол энэ асуудал нээлттэй бус байна гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Таны хувьд Оюутолгойн гэрээний асуудлыг юу гэж харж байна вэ?
-Оюутолгойг бараг 10, 20 жил ярилаа. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Оюутолгойг мөлжих биш маажаад байна. Хоосон маргаан яваад байгаа нь буруу. Хэтэрхий улстөржөөд байна. Монголын улс төрийн намууд нэгдсэн байр суурь буюу эрх орныхоо эрх ашгийн үүднээс хандах ёстой. Өнөөдрийн байдлаар бол уул уурхайд түшиглэхгүйгээр бусад салбар хөгжихөд хүндхэн байна. Гэхдээ ганцхан уул уурхайг шүтэх нь буруу. Оюутолгой болон Тавантолгойд хууль бус зүйл байгаа бол түүнийг нь арилгаад хууль ёсны болгоод ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Улс төржсөн асуудал нь ихдээд асуудлыг шийдэж чадахгүй байна. Ард түмний эрх ашгийн үүднээс шийдээсэй гэж хүсч байна. Үүнийг болих, буцах асуудал бол байж болохгүй.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ