Дөнгөж төрсөн нярайг нас барсан гэж хэлээд зардаг байсан эмчийг шүүж байна

Хятадын Шаньси мужийн Хүүхдийн эрүүл мэндийн төв эмнэлгийн эх баригч эмч Жан Шушиа дөнгөж төрсөн нялх хүүхдүүдийг нас барсан хэмээн эцэг эхэд нь итгүүлж харин тэдгээр хүүхдүүдийг хулгайлан зардаг байсан нь тогтоогджээ. Түүний энэ бусармаг хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оноохоор Хятадын дээд шүүхэд түүний хэргийг шүүх хурал болж байна.
ВВС агентлагийн мэдээлж байгаагаар Жан Шушиа дөнгөж төрсөн долоон хүүхдийг хулгайлсан байна. Хулгайч эмчийн золиос болсон нярай хүүхдүүдийн зургаа нь амьд гарсан бол нэг нярай энджээ.
Чимээгүйхэн үйлдэгдэж байсан энэ гэмт хэрэг өнгөрсөн долоодугаар сараас илэрсэн юм. Шаньси мужийн оршин суугч эмэгтэй хүүхдээ алдсаны дараа цагдаад шалгуулж энэ хэрэг ил болжээ. Түүнийг иймэрхүү төрлийн бусад 50 хэрэгтэй холбоотой байж магадгүй хэмээн цагдаа нар байцаалт явуулж, хэргийг мөрдөж байгаа.
Түүнд ямар ял оноох нь тодорхой болоогүй ч эх үрийг амьдын хагацалд учруулсан гэмт үйлдлийнх нь хариуд цаазаар авах эсвэл насаар нь шоронд хорих ял оноох байх хэмээн таамаглаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ