Мэнгэртэй өвгөнийх шиг цээжтэй хүүхдүүд хаана байна, Улаанбаатарт

Хэзээ
нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн цоллуулж явсан үе бий ч юм шиг үгүй ч юм шиг. Утаа, угаарт хучигдсан утаанбаатар гэх хоч л манай хотод яг зохицсон ч юм шиг.
Үргэлж ийм байсан ч юм шиг. Дэлхийн хотуудаас агаарын бохирдлын хэмжээгээрээ эхнээсээ хоёрт бичигдэнэ гэдэг тоглоом бишээ.
Холёр, менингит гээд халдварт өвчин дэгдэхэд яаж хүүе хаая болцгоон түргэн авч дарж байсан шигээ утаатай тэмцсэнгүй.
Өчнөөн тэрбум төгрөг төсөвлөж, ингэсгээд утаагаа бууруулчихая даа гээд тайван амгалан байж байтал нэг л мэдэхэд дагина биш утаанбаатар болтлоо цаг өөрчлөгджээ. Одоо нийслэлээс цоо эрүүл уушгитай хүн хайвал хуучны хүмүүс дундаас л мэр сэр олдож мэдэх.
90-ээд оны сүүлээс эхлэн Улаанбаатарт төрж өссөн иргэдийн дунд эрүүл уушги ховор болж агаарын хүнд элементийн нөлөөнөөс үүдэлтэй элдэв суурь өвчлөлүүд, хорт хавдруудын тохиолдол асар хурдтайгаар өсөн нэмэгдсээр байна.
Одоо бүр ч аймшигтай нэгэн судалгааны дүн айлгаж эхлэв. Улаанбаатарт хорвоог орхиж буй арваниргэдийн нэг нь утаанаас үүдэлтэй суурь өвчнөөс болж нас барж байгаа гэнэ. Ийм судалгааг Канадын эрдэмтэд хийж гаргажээ. Энэ тоо магадгүй 10 жилийн дараа аравт тав болж өсөх ч магадлалтай.
Өнгөрсөн жилүүдэд утаатай тэмцэх ажилд төрөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байдаг. Харин энэ онд 20 тэрбумыг нэмж төсөвт суулгажээ. Тэр байтугай их мөнгийг зарцуулаад ч иймдээ тулчихсан агаарын бохирдол ойрын жилүүдэд лавтай дарагдахгүй.
Цэвэр агаарын сангаас агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэлийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад татаас олгох, агаарын чанарын хяналт шинжилгээний чадавхийг бэхжүүлэх, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг тогтоох болон агаарыг хамгаалахтай холбогдолтой стандарт, норм дүрэм, арга аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл гүйцэтгэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах гэсэн үндсэн долоон төрлийн ажилд 2011 онд 31445.0, 2012 онд 24933.6, 2013 онд 13516.3 сая төгрөг тус тус зарцуулжээ.
Түүнээс гадна хийн түлшний үйлдвэр болон нүүрсний гүн боловсруулалтын үйлдвэрийг дэмжих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах, Гандангийн дэнжийн хорооллыг төвлөрсөн дулаан хангамжид холбох, цэвэр, бохирын усны хангамжийг сайжруулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, газар чөлөөлөх ажлыг эхлүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн 400 автобусыг хийн түлшинд шилжүүлэх ажлын төсөв урагшгүй хүмүүсийн уршгаар хураагдсан байна.
Ер нь гамшгийн хэмжээнд сэтгэж томхон шийдлийг зоригтойгоор хийхгүй л бол агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлэх цаг энүүхэнд. Тэр үед Дон Кихот салхин тээрэмтэй тулалддаг шиг Монголын төр, засаг Улаанбаатарын утаатай хийсэн дайндаа гараа өргөж бууж өгөөд гагцхүү амны хаалтны үнэ тэнгэрт хадаж болзошгүй.
Хүүхдүүдийн цээж олон жил тамхи татсан мэнгэртэй өвгөнийх шиг хэржигнэж, тасралтгүй бүгшүүлсээр...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ