Давхар дээлийн нэг ханцуйг тайлж, 2014 оныг биш 2025 оныг харсан ид шид

Сайд нар давхар дээлийнхээ нэг ханцуйг сугалдаргалав
Сайд нарын давхар дээлийг тайлах Ерөнхийлөгчийн санаачилгыг УИХ өнөөдрийн байдлаар нэг ханцуйг нь сугалдаргалахаар шийджээ. Сайд нарын 50% нь 2 жилийн дараа давхар дээлийнхээ нэгийг тайлахаар болсон байна. Хэрэгжиж эхлэх хугацаа, тус бүр давхар дээлтэй хоёр сайдын нэг нь дан дээлтэй үлдэх үр дүнг тооцоолж үзэхэд өрөөсөн ханцуйгаа сугалдаргалсан байна гэж судалгааны байгууллага дүгнэжээ. Эрэгтэй, эмэгтэй сайд нарын давхар дээлийнхээ гадуур өмсдөг хантааз, ууж, хүрэм, дах, шүүб, хөөрөгний даалин, алтан бүс зэргийг нь нэг бүрчлэн тооцвол тайлаад дуусашгүй олон хувцастай улс юм. Тэр гадуур хэрэглэл нь голдуу нам, намын яг дэргэд нь байрлах байгууллага, компаниуд, спорт холбоодын шошго хаяг, өнгө будагтай юм байна. Гол учир нь улс төр спортжихын хэрээр спорт ч хариуд нь улстөржиж, Төр-спортын хамтын ажиллагаа хөгжсөнд оршино. Сайд нар их ажил хийж хөлрөөд байдаг учир даарч бээрэх, ханиад хатгаа хүрчих гээд байдаг учир цагаан сарын өмнө ёс бэлгийг бодож, өрөөсөн ханцуйг нь тайллаа. Том том давхар дээлийн өрөөсөн ханцуйг сугандаа хавчуулаад, бууз идэхэд ухаалаг төр рүү шилжиж байна. Цайгаа ухаалгаар удаан оочилж уух, нүдний шилээ үе үе тэгшлэн засах нь ухаалаг төрийн үндсэн шинж мөн. Сайд нар золгохоос бусад үед ханцуйгаа сугандаа хийхгүй бол бас халууцаж хөлс цохиулах аюултай. Сайд нар маань давхар дээлтэй, гадуур нь зузаан нүнжигтэй хүрэм, дахтайгаас гадна олон сандалтай, тэдэн дээрээ зэрэг суух гэж их зовдог улс. Сандал олшрохоор салтаа сунах \Жан Клод Ван Дамме ийн тоглосон Volvo-гийн реклам үз. Нэр нь урт болохоос нэг л хүн\ хоёр суудалд зэрэг залрахаар хосоо шувтлах, цагаан мах эргэх зэрэг зовлон туулж яваа юм. Бүх сандлаа давхарлаж суухаар хамгийн доод талынх нь том сайдын сандалдаа бөгсөн бие хүрэхгүй байх, эсвэл хөл нь хугарах, ганхах тийм аюул эрсдэл дунд өөрсдийнхөө төлөө биш зөвхөн бидний төлөө суугаад байгаа улс.
Харин эгэл ард иргэдийн хувьд бол хоёр хүн дундаа нэг дээлтэй, тэрийгээ ээлжлэн өмсдөг, ээлжинд гарч ажилладаг, 2-3 сурагч дундаа нэг сандалтай, өглөө, өдөр, оройн гурван ээлжээр хичээллэх маягаар зохицуулж байна.
Өнөөдрөө хараагүй ч бүр нөгөөдрийг олж харна

“Эрдэс баялгийн салбар 2025” онд ямар байх вэ? гэдэг хэлэлцүүлэг сайхан боллоо. “Эрдэс баялгийн салбар 2014” гээд яривал муухай хэлэлцүүлэг болчихно. Энэ салбар өнөөдөр ямар байгааг тодорхой хэлэхэд хэцүү ч 11 жилийн дараах өнгийг төсөөлж чадаж байна. Уул уурхайн салбарыг өнөөдрөөр харах нь өрөөсгөл. Харахад ч хэцүү байгаа юмыг хүчээр харахын оронд алсыг олж харах нь хамаагүй ухаалаг шийдэл болно. Нүүрсний үнэ нь гадаадад унаад, утаа нь дотоодод ихэсчихсэн, Урт нэртэй хуулиа хэрхэн дагаж мөрдөхгүй байх журам, алтны худалдааг нээлттэй болгох хаалттай хэлэлцүүлэг, Оюутолгойн далд уурхайг хэрхэхээ хэзээ ил зарлах зэрэг бөөн асуудал өнөөдөрт л байгаад байна. “Ирээдүйд бол түүхий эдээ боловсруулдаг үйлдвэрлэдэг орон болчихсон байна”
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ