Бид худалдаачид биш, үйлдвэрлэгчид

Сар шинийн баяр болох гэж байгаа болохоор бэлэг сэлт, гар цайлгах юмны эрэлд гарсан хүмүүс хаа сайгүй. Цагаан сарын бэлэг сэлт, дээл хувцас, хөөрөг даалингийн үнэ ханш, борлуулалт хэр байгаа талаар сурвалжлахаар "Нарантуул" худалдааны төвийг зорилоо.
Тэнд очиход ойрд хараагүй олон хүн бужигналдаж, “Аваарай, тэгж хямдарлаа, ингээд доошлуулаад ав” гэх мэтээр наймаа эрхлэгчид угтсан юм.
Дээлний үнэ сонирхохоор монгол үндэсний дээл, хувцас зардаг хэсэгт очвол нэмж хүн орох зай байх нь байтугай тэнд зөрөлдөх ч зайгүй пиг дүүрэн.
Ямар ч байсан зорьж ирсэн болохоор хамгийн захад зогсож байгаа нэгэн дээлний наймаачинтэй уулзав. Дээлний үнэ хамгийн хямд нь 80 мянган төгрөг гэнэ. Оёдол, чанар, материал, өнгө, загвар, хийцээсээ шалтгаалаад үүнээс дээш ханштай байгаа.
“Ер нь монголчууд сүүлийн үед дээл хувцсаараа их гангардаг болсон. Дээр үед хөгшчүүд голцуу сар шинийн баяраар дээл өмсдөг байсан бол одоо залуучууд, тэр бүү хэл ой гарантай хүүхэд хүртэл заавал дээл өмсөж шинэлэхгүй бол болохгүй гэдэг болчихож.
Тиймээс наймаа ч гайгүй байгаа. Гэхдээ монголчууд мөнгө муутай л байх шиг байна. Хамгийн хямдхан гэсэн захаа зорьж ирж байгаа нь энэ шүү дээ” гэв.
Харин даалингийн хувьд хээ угалзны утга агуулга, том багаасаа хамаараад 3,000-25,000 хөөрөг нь 10,000-250,000 төгрөгийн үнэтэй байв.
Миний сурвалжлаганы зорилго нь цагаан сарын бэлэг. Өнөөдөр монголчууд хэр хэмжээндээ тааруулан, “Нарантуул” захаас Эрээнээс авчирсан элдэв эрээн мяраан, нэг үгээр бол “хог” цуглуулсаар, жилийн жилд өвөг дээдсээр уламжилж ирсэн энэ уламжлалт сайхан баяраараа тэр “хог”-оор нэг нэгэндээ бэлэг барьж, гарыг нь цайлгасаар. Улиг болтлоо ярьсан зүйл гэж бодох хүн олон байх. Ард иргэдийн амьдралын түвшин, худалдан авах чадварын хэр хэмжээ ч тиймхэн зүйл худалдаж авах хэмжээнд байгаа нь ч үнэн.
Гэхдээ л энэ байдлыг өөрчлөх боломж бидэнд бий. Дотоодын үйлдвэрээ дэмжих, худалдаж авч яагаад болдоггүй юм бэ. Дотоодын үйлдвэрлэгчид ч нэлээд олширч, түрийвч, түлхүүрийн оосор үйлдвэрлэдэг байсан цаг ард хоцорчээ.
Өчигдөр "Ерөнхий сайдын 30 минут” Дүнжингарав худалдааны төвд болсон. Гэхдээ үнэн хэрэгтээ “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болж хувирсан юм. Энэ үеэр сүүлийн үед байнга муу нэр зүүж, муу ажиллаж байгаа хэмээн адлуулж буй Ерөнхий сайд хэд хэдэн тэмдэглүүштэй зүйл ярьж, монгол үйлдвэрлэл улам чанаржиж байгааг онцолсон.
Нээрээ л хоёрдахь жилдээ болж буй “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн өнгөрсөн жил анх нээгдэхдээ бүтээгдэхүүний төрөл ердөө бээлий, түрийвч, бүс малгай зэрэгхэнээр хязгаарлагдаж байсан бол энэ жил гутал, цүнх гээд нэр төрөл нь олширчээ.
Ноднин жилийн цагаан сарын үзэсгэлэнгийн үеэр монголчууд нийтдээ дөрвөн тэрбум төгрөгийн наймаа хийсэн бөгөөд энэ жил үзэсгэлэн илүү өргөн болж байгаа учир энэ тоо улам өснө гэж найдаж суугаа үндэсний үйлдвэрлэгчид тэнд олон байна билээ.
Бид дотооддоо ийм хэмжээний зардал гаргаж байгаа бол урд хөршрүү илүү ихийг урсгаж байгаа нь ойлгомжтой юм.
Өмнө нь монгол бараа үнэтэй гэдэг шүүмжлэл их байдаг байсан бол сүүлийн үед үйлдвэрлэгчид үнээ хямдруулах тал дээр уян хатан болжээ.
Мөн монголчууд бид өөрсдөө импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болжээ гэдэг нь үзэсгэлэнгээс ажиглагдаж байлаа. Дээл, гутал, бүс, малгай гээд уламжлалт бүтээгдэхүүнээс гадна барууны хийцтэй өд, сөдөн куртикийг ч хийж гүйцэтгэдэг болж.
Түүгээр ч зогсохгүй уламжлал шингэсэн загвар төрхтэй урлаж экспортлох боломж байгаа гэж өөрсдөө ярьж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг л гэхэд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэгээ илэрхийлж, долоон хос монголд үйлдвэрлэсэн гуталтай гэдгээ ч хэлээд авна билээ.
“Exclusive” ХХК-ийн захирал Г.Майцэцэг: Бид ийм л үг хүлээж байдаг
-Та бүхний зорилго, тэмүүлэл юу байна, юу хүсч байна?
-Үйлдвэрлэгч бидний хамгийг гол эрхэм зорилго нь Монголчууд юу үйлдвэрлэж, бүтээж чаддаг юм бэ гэдгээ ард түмэндээ харуулж, урагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг хаах зорилготойгоор бид ажиллаж байна.
Энэ үзэсгэлэн худалдаанд бид юм зарж ашиг олохоосоо илүүтэйгээр захиалга авахын тулд ирлээ. Нарантуул зах дээр наймаа хийдэг хоёр ч хүн надтай уулзаад явлаа.
“Боломжийн үнэтэй юм байна, та нарт захиалга өгөөд хийлгэж болох уу” гэсэн. Үйлдвэрлэгч бид ийм л үг хүлээж, ийм үгийн төлөө ажиллаж байна. Бид худалдаачид биш, үйлдвэрлэгчид.
-Компанидаа яагаад гадаад нэр өгчихөв?
-Монголчууд нэг үеэ бодоход бие биенээ дэмждэг, үндэсний үйлдвэрлэлээ хэрэглэдэг болжээ. Манай компанийн нэр “Exclusive” гэдэг. Хүмүүс монголын үйлдвэрлэгч гээд байж яагаад гадаад нэртэй байгаа юм гээд шүүмжилдэг. Бид анхнаасаа дэлхийн брэнд болох юмсан гэж хүсч ажиллаж байгаа. Тийм ч учраас аль ч оронд орчуулах шаардлагагүйгээр, дээд зэргийн чанар сайтай гэдэг ойлголт өгдөг болохоор энэ нэрийг сонгосон.
-Оёдлын ажлыг хэзээнээс эхлэн хийв?
-Би нөхөртэйгээ Польш улсад оёдолчин хийгээд, 20-иод оёдолчинтой үйлдвэр ажиллуулдаг байлаа. Тэгээд хүний нутагт сурч мэдсэн зүйлээ эх орондоо хийж, Монголын хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлчих юмсан, хөдөлгөчих юмсан гэсэн үүднээс энэ компаниа 2008 онд байгуулж байсан. Монголчууд ганц ч гэсэн зүйлээ дотооддоо үйлдвэрлээд гаднаас хараат бус болчих юмсан. Бодит үнэ, чанарыг эрхэмлэх хүсэл эрмэлзлэлтэй байгаа.
-Монголд үйлдвэрлэж байгаа ч гэсэн ихэнх материалаа урдаас авч ирж байгаа биз дээ?
-Бид монголд үйлдвэрлэл эрхэлж байгаа боловч материал, будгаа хүртэл урдаас авч байгаа. Хичнээн ноос ноолуур нь монгол ч гэсэн бусад дагалдах хэрэгслүүдээ урдаас л авч байна. Удахгүй бид даавуу үйлдвэрлэдэг болно. Цаг хугацааны асуудал. Тун удахгүй байх.
Үзэсгэлэн худалдаагаар нэлээд явж харлаа. Тэнд цагаан сараар хүнд бэлгэнд өгчихөөр жижиг сажиг, бэлгэдлийн, амин хувийн хэрэгцээний оймс, малгай, хүүхдийн бойтог гэх мэтчилэн зүйлс олон байсан. Нурууны бүс л гэхэд 44-56 размер. Бүгд үйлдвэрийнхээ үнээр 12 мянган төгрөг. Хүүхдийн майк S-L размерийнх байгаа бөгөөд үнэ нь 12-14 мянган төгрөгийн үнэтэй байна билээ.
Цэвэр монгол үйлдвэрийн тэмээний ноосоор хийсэн энэ бүс, хүүхдийн майкыг цагаан сараар бэлэг болгон өгвөл авч байгаа нь ч тэр, өгч байгаа нь ч тэр баярлах биз.
Надад энэ нурууны бүснээс цагаан сараар бэлгэнд ирвэл би лав их баярлана. Хятадад үйлдвэрлэсэн резин шахуу нурууны бүс зүүж явснаас тэмээний зөөлөн ноос нуруундаа хийгээд явж байхад сэтгэлд хүртэл сайхан, дотно санагдах байх.
Энэ мэтчилэн Монголчууд бид монголд үйлдвэрлэсэн, монгол хаяг шошготой, монгол бахархал хээ хуартай эд зүйлийг амьдрал ахуйдаа хэрэглэвэл улс эх орондоо оруулж байгаа нэг хөрөнгө оруулалт болохоос гадна, цаан нь байгаа монгол үйлдвэрлэгчид, тэдний цаана байгаа монгол ажилчдын цалин, хөлс, амьжиргааг дээшүүлж буй хэрэг.
Мөнгөний урсгалаа Эрээний зах зээлд нийлүүлж байснаас дотооддоо нэгнийгээ дэмжээд хаа явсан газраа монгол үйлдвэрээ дэмжээд явахад болно доо уг нь.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ