Хүн, байгалийн мөс хайлж байна

Өчигдөр тав дахь өдөр байв. Өглөө эрт оршуулгын цуваа Нарангийн энгэрийг зорив. “Цагаан морьтой” талийгаачийг гүн харууслаар үдэж байна. Ингэхэд бид яагаад өөд бологсдыг цагаан морио уначихсан гэдэг юм бол.

Лав л муугаар бодоогүйгээс хар биш, цагаан морь гэсэн юм болов уу. Тэгээд ч цайлган монголчууд хүний сайн нь түрүүлж оддог хэмээн өгүүлдэг нь үүнтэй агаар нэгэн байж ч магадгүй юм даа гэж сэрдхийв.

Тийм ээ, хүний ертөнцөөс нэгэн сайн нь ийнхүү хол явчихлаа. Хэдийгээр өвөл эхэлж, цас орсон ч жихүүцсэн шинж гашуудсан хүмүүсийн царайд огт алга. Эргэцүүлбээс өдөр богиносч өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халууныг үзэхээ больж дээ.

Дэлхийн уур амьсгал дулаарч байна. Тэр нь цаг уурчдын ажиглалтаар бүтэн нэг хэмд хүрэх бололтой. Гэхдээ л амьд биетийн оршин ахуйд чамлахааргүй аюул учруулах болж. Товчхон томъёолбоос цаагуураа хуурайшилт ихсэхийн хэрээр цөлжих явц түргэсч байгаа юм байна. Энэ нь бидний нүдээрээ харж, гараараа барьж үзээгүй ч хэдийнэ гадарлах болсон озоны давхарга гэгч нимгэрч буйтай холбоотой. Яг л хүний мөс гэдэг шиг. Түүнийг бид барьж тавьж чадахгүй ч мэдэрч байдаг шүү дээ.

Харамсалтай нь сүүлийн үед монгол хүний мөс “хайлж байна”. Аадрын бараан үүл шиг атгаг санаа багагүй хүмүүсийн сэтгэлд хуралдах болжээ. Балаг нь ч багагүй тусч байна. Урьд нь үзэгдэж сонсогдоогүй алаан талаан, аймшигт хүчирхийллийг л сонсоод хирдхийхээс бус хуурч мэхэлсэн худал бусармаг явдлуудад бид дөжирч гүйцжээ. Үүнд манай нийгэм дасч байна. Нарнаас ирж буй амьд байгаль, хүн амьтанд хортой хэт ягаан туяаг шүүж, хоргүйг нь илгээж байдаг озоны давхаргын гайхамшигт чанар буурч байгаа шиг хүн хүндээ хань болох, хүүхэд багачуудынхаа бурууд хүний өөрийн гэлгүй ширүүхэн зандарчихдаг эцэг дээдсийн минь хал нь гаднаа ч хайр нь дотроо нэгэн ёсны шүүх үгүй болж байна. Тэгж зандардаг, тэгж зандруулдаг хүний тоо өдөр ирэх тутам нэг нэгээр хорогдсоор. Үгүйлж ч мэдэхгүй болтлоо үгүйрэх нь угтаа ганцаас л эхэлдэг гэнэм.

Хэрвээ дэлхийн уур амьсгал нэг хэмээр дулаарвал манай гаригийн зургаа дахь тивийн мөс хайлж, хүн төрөлхтний гишгэх газар төдийчинээ хорогдох ажгуу. Түүний цондон нь хүний бодлогогүй үйл ажиллагаанаас үүдсэн агаар орчны бохирдол, чухамдаа нүүрсхүчлийн хорт хийг хэт ялгаруулснаас болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тийм ч учраас Дэлхийн цаг уурын байгууллагаас 2000 он гэхэд нүүрсхүчлийн хийн агууламжийг 20 хувь хүртэл бууруулах технологи боловсруулах болзлыг үйлдвэрлэл хөгжсөн орнуудад тавьжээ.

Ялангуяа үүнд асар олон хуучирсан автомашины яндангийн утаа ихээхэн нөлөөтэй учир тэдгээр орнууд шинэ маягийн машины эрэл хайгуулд мордож, хуучныгаа шахан зайлуулж байна. Харин бидний монголчууд түүнийг нь зөөж авчирсаар. Түүгээр ч зогсохгүй монгол хүний мөс чанарыг үл орлож чадах бас бус ааш авир сурч байна. Монголын цагаан дагина гэгдэж байсан нийслэл маань дэлхийн асар том хотуудтай агаарын бохирдлоороо зуузай холбох болов.

Хиртсэн хот, хиртсэн сэтгэл өнөөгийн Монголын нэгэн нүүр царайг илтгэж байна. Заримдаа нөхөд гэдэг ноход болцгоож, өнгө мөнгөнөөс үүдсэн тулга тойрсон хэрүүл айл гэрт тасрахаа больж, төрийн сүлдээ дээдэлдэг цөөхөн монголчууд анги, намаараа талцан хэмлэлдэнэ. Ам алдвал барьж болдоггүй хэмээн хэлэх үгээ цэгнэх цаг улирч, харин ч цагаан цаасан дээр хараар бичиж сонин хэвлэл дээр эрээчнэ. Нэг нь муулж бичихэд нөгөөх нь мөрөөр нь очиж саймшран цагаатгана. Ийнхүү монголчууд нүүр тулаагүй ч эчнээ хэрэлдэцгээж, түүнээ түүхэнд үлдээж байна. Өөрт л ашигтай бол яахаас ч буцахгүй олон олон өвчний нянг толгойдоо тээж явна. Харьд очсон нэгэн монгол бүсгүй.манай монголчууд танил гэдгийг юм гуйж болох хүн гэдэг утгаар ойлгодог хэмээн хөндлөнгөөс шүүрс алдсан нь юутай үнэн болоо вэ. Энэ мэтээс эхлээд хүний мөс хэмжигдэх ажээ.

Тэнгэрт хуралдсан хааш хаашаа аравхан километр үүлэнд Братскийн усан цахилгаан станцын эрчим хүчтэй дүйх их энерги хуримтлагдаж байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тэгвэл сэтгэлд хуралдсан бараан үүл түүнээс ч их аюулыг тээх бус уу.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ