"Титаник-2"-ыг бүтээхэд Ирландчууд таагүй хандаж байна

1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд живж, 1500 гаруй зорчигч амь үрэгдсэн түүхтэй Титаник хөлөг онгоцны дурсгалд зориулж Хятадууд“Титаник II” хэмээх хөлгийн хуулбарыг мөсөн уулын хамт хийж, цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болжээ.

Далайн эргээс 1000 гаруй километрийн зайд буюу Сичуань мужид барих уг байгууламж Титаник хөлгийн сүйрлээр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилготой бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэхэд 161 сая ам.доллар буюу нэг тэрбум юань зарцуулахаар төлөвлөжээ.

Ирландын Белфаст хотын даргаар ажиллаж байсан Жим Рожерс “Долоон одтой зочид буудал, цогцолбор болох энэхүү төсөл нь маш сайхан боловч мөсөн уул мөргөсөн хэсгийг дүрслэн харуулах нь хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхэнд нь таагүй сэтгэгдэл үлдээнэ” хэмээсэн бол төслийн гүйцэтгэх захирал Су Шаожун “Титаникаар дамжуулан хүмүүст хайр, энэрлийг төрүүлж, хариуцлагыг мэдрүүлэхийг хүссэн” гэжээ. “Титаник-II” нь есөн давхартай бөгөөд экипажийн 900 гишүүн, 2400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2016 онд ашиглалтад орох юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ