С.Баярын араас авлигачид харьд жаргал хөөв

Мөнгө нь багтаж ядсан хүмүүс гадаадад тансаг амьдрал сонгож байна. Хоёр сая 145 мянган юань, 6000 ам. доллартай Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар өнгөрөгч сарын дундуур Улаанбаатараас хөөрсөн КАL буюу “Korean Air Lines” компанийн онгоцоор Монголыг орхив. Асар их мөнгөний үнэр, авгайдаа баригдсан нуудгай хүүгийнх нь асуудал түүнийг байж суухын аргагүй болгосон биз.
Өнгөрсөн жил МАН-ын генсек асан У.Хүрэлсүх эхнэрээ Солонгост эмчлүүлнэ хэмээн эрхэм гишүүний сэнтийгээс сэмээрхэн гулсаж, нэг хэсэг сураг тасарснаа Австралид авгай хүүхэд, ах дүү нарын хамт суурьшиж эхэлсэн сурагтай. Тэр “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэгт нэр холбогдоод байсан ч, хэргийн эзэн С.Чимэдцэрэн ялаа дангаараа үүрээд гарсан. Шивээ-Овоогийн уурхайн лицензээс гартаа овоо оруулж,Тусгаар тогтнолын ордныг бариулахад улсын төсвөөс гаргасан нөхөн олговрын долоон тэрбум, МАН-ын олигархиудын хандивын тоолж барамгүй мөнгөөр гараа угаасан гэх түүнийг далд тэрбумтан гэдэг.
Оюутолгойн гэрээг хамтарсан Засгийн газрын далбаан дор МАН, АН хоёрыг шахсаар байгаад хийлгэсэн С.Баяр Канадад эдлэн газартай болж, үрийн зулай үнэрлэн залуу эхнэртэйгээ жаргаж сууна. Энэ мэтчилэн харийн нутагт жаргал хөөсөн улс төр, бизнесийн ертөнцийг сүлсэн томчууд Англи, Америк, Канад, Сингапур, Австрали, Хятад зэрэг олон оронд хөлөө жийн аж төрөх болжээ. Эхний шанг эрхэм гишүүн Сү.Батболд татсан. Тэр олон жилийн өмнө Лондонд харштай болж, эхнэр хүүхдүүдээ Улаанбаатарын утаанаас дайжуулах болсон билээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт сонгуульд өвдөг шороодчихоод гадаадад номын дуу сонсоно гээд алга болсон. С.Баярцогт харин оффшор бүс дэх банкны нууц данс нь илэрч, УИХ-ын дэд даргын суудлаасаа хусуулаад эрх чөлөөг хүсэмжлэн тэсч ядаж байна. Харьд жаргал хөөсөн төрөөс төрсөн тэрбумтнуудын отог улам өргөжсөөр. Хятадын Хайнань аралд өвөлждөг баячуудын хувьд гэхэд л харийн нутаг давчдаад байдаггүй бололтой.
Улам бүр даяаршиж буй ертөнцөд хүмүүс хүссэн орондоо зорчиж, тааламжтай улсдаа ажиллаж амьдрах нь хүний эрхийн асуудал биз. Гэсэн ч эх орныхоо баялгийг харийнхантай хамсарч цөлмөөд, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан этгээдүүд буурай монголчуудын амьдралаар “Мөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү, луувангаа ч иднэ үү, хамаагүй” хэмээн даажигнах болж. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг. Аль л эрүүл саруул, ид хөдөлмөрийн насны залуучууд маань БНСУ-д очиж ажиллахаар тэмүүлж, оронд нь урд хөршийн хамгийн арчаагүй эрчүүд манай барилгын салбарыг дүүргэж байна. Төрөлт багасч, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдсээр. Аливаа юманд тоо хязгаар гэж бий. Ялангуяа гадаадынхан хэт олшрох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой.
Манай Үндсэн хуульд иргэдээ “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж заасан нь монголчуудыг гадаад улс орнуудад суралцах, ажиллах, хувийн хэргээр чөлөөтэй зорчих эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. Манайхан ардчиллын буянаар гадаад ертөнцөд хаалгаа нээж, иргэд Е паспорттай болсон сүүлийн 20 гаруй жилд хилийн дээс алхах нь юу ч биш болж, нүдний ялгаа эрс арилсан. Харьд суугаа монгол иргэдийн талаар 2010 онд явагдсан хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр гадаадад зургаа, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 107140 хүн байна гэж гарснаас өөр албан ёсны мэдээлэл үнэндээ алга. Ялангуяа гадаад улсууд дахь манай ЭСЯ-дад тоймтой тоо байдаггүй нь элдэв золгүй явдлын үеэр бүр ч үгүйлэгддэг.
Ер нь С.Баярын дэвшүүлсэн иргэний бүртгэл мэдээллийн төгөлдөршил ч таг чиг, мань эр өөрөө ч дашийн шог болж. 2011 оны байдлаар ГХЯ-наас ирсэн мэдээгээр 112872 иргэд гадаадад амьдарч байна гэсэн судалгаа хийгдсэн ч эдгээр тоо нь албан ёсны бус дутуу тоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Монголд гадаадын 104 орны 27821 иргэн ажиллаж амьдардгаас 13 мянга гаруй нь хятадууд хэмээн нэгэнтээ чих дэлсч байсан. Мөнөөх гадны 27 мянгын 21 мянга нь Улаанбаатарт, бусад нь уулын мухар, усны эхэнд яваа нь тэр бүрий үл мэдэгдэнэ. Ардын хувьсгалаас өмнөх үеийн доншуур наймаачид шиг хот хөдөөгийн хооронд холхиж олз хайсан, бүр айлд туслах малчин болсон хужаа нар хөдөөгүүр бишгүй байдаг гэсэн. Тэднийг түр оршин суугч гэх үү, бүр оршин суугч гэх үү. Оросын алс Дорнод хятадуудын хөлд дарагдаж, айлын эхнэртэй суугаад хоолны газар нээчихсэн хужаа нараа одоо хэр дийлэхгүй байгаа гэснийг бодоход цөөхөн монголчуудын толгой дээр амархан гарах байлгүй. Даанч манайхны цусанд дотор газрын үнэрт дургүй чанар нэвт шингэж дээ.
Гадаадынхан манай хүн амын тооны нэг хувьд хүрээгүй тохиолдолд үндэсний аюулгүй байдалд уршиг дагуулахгүй гэж үздэг боловч тоон дотор зөндөө үсэг цохиж явна. Улаанбаатарын захын гэр хорооллын айлуудын хашаа хорооны амбаар саванд үүрлэчихсэн өлөн бөөс шиг хужаа нар олширсныг оршин суугчид андахгүй. Тэд ямар манайхан шиг нар салхи үзэхгүй бол бүтэж үхчих биш. Манай Үндсэн хуульд тусгасан Монголын харъяат иргэдийн нэг хувиас хэтрэхгүй хэсэг нь гадаадын иргэн байж болох тоон хэмжээг дээрх тоо дүүргэхгүй байгаа учраас гадныхны наашлах хөлийг өөгшүүлж байдаг төр засгийн түшээд хүртэл бий гэх эвэр хошуулсан хүмүүс ч мэр сэр байх л юм. 13 мянган хятадыг багцаар нь авч үзвэл манай хоёр сая гаруй хүн амын дэргэд бага тоо мэт боловч нэгжээр нь тоолж үзвэл даанч их тоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой.Үүнийг Улаанбаатарын гудамж болгонд эгнээ эгнээгээрээ байх хятад, солонгос хоолны газрууд, тэнд үйлчлүүлэгчдээс бэлээхэн харж болно.
Авлига, тендерийн луйвраар хагартлаа баяжиж, төрөөс төрсөн тэрбумтнууд гадаадад налайж, цөөхөн монголчууд утаатай Улаанбаатартаа улам бүр шахцалдан хятадуудад газраа алдаж, хөдөө нутаг эзгүйрсээр байх уу.
Х.Аянга
//
//
//
//
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ