70 жилийн өмнө 14 настайдаа цаазлуулсан хүүг цагаатгалаа

Одоогоос 70 жилийн өмнө Өмнөд Каролина мужид хар арьст Жорж Стенли хэмээх хүүг цахилгаан сандалд суулгаж цаазаар авч байжээ.

Энэ нь АНУ-ын түүхэнд хамгийн залуу хүнийг цаазаар авсан тохиолдол болон түүхэнд үлдсэн байдаг. Тухайн үед арьсны өнгө үзлээр ялгагдан заргалдаж чадаагүй хүүгийн гэр бүлийнхэн насанд хүрээгүй хүүг нь цаазаар авсанд гомдолтой байгаагаа хэлж түүний нэр төрийг сэргээлгэж цагаатгуулжээ.

Цахилгаан сандалд сууж цаазлуулсан 14 настай хүүг хоёр цагаан арьст охиныг хөнөөсөн хэмээн буруутган цээрлүүлсэн. Тухайн үед Колумбия мужаас 25 км-ын зайтай орших Алколу хэмээх жижиг тосгоны ойролцоо долоо, арван нэгэн настай хоёр охин алагдсан бөгөөд энэ хэргийг Стенли хүүд тохсон байна.

Стенли цадаа нарт байцаагдаж байхдаа хэргийг үйлдээгүй хэмээн мэдүүлж байсан, мөн хэргийг үйлдсэнийг нь харсан гэрч, нотлох баримт байхгүй ч хүчээр түүнд хэргийг тулгаж хүлээлгэсэн нь батлагдсан юм.

Байцаалтын ажиллагаа гурван сар үргэлжилсэн бөгөөд энэ бүхний дараа эцэст нь түүнд “Таныг цахилгаан сандалд суулгаж хийсэн хэргийн тань ялыг үүрүүлэх боллоо. Цахилгаан гүйдэл үхэх хүртэл чинь таны биеэр тарах болно. Түүний дараагаар та мөнхөд бурхны дэргэд байж, уучлагдах болно” хэмээн ялыг нь танилцуулсан байна. Тухай үед нас барсан охидын нэгний аав цагдаагийн газрын дарга байсан ажээ.

Насанд хүрэгчдэд зориулсан цаазын сандал дээр 14 настай хүү үнэндээ жижигдэж байлаа. Түүний хөл нь сандлын гишгүүрт хүрэхгүй, толгойд углах уут нь томдож, сандалтай бэхэлдэг бэхэлгээнүүд нь хэлхэгнэж байсан гэдэг. Тэр үед цаазын ял гүйцэтгэхийг олны өмнө хийдэг байсан бөгөөд Стенли хүүгийн цаазын ялыг 40 хүн ирж харсан хэмээн тэмдэглэжээ.

Харин саяхнаас Стенлигийн дүү нар болон тэдний хүүхдүүд энэ хэргийг дахин сөхөж тухайн үед хууль хяналтынхан хэргийг буруу шүүж насанд хүрээгүй хүүхдэд хүн амины хэрэг тулгаж, нэр төрийг нь гутааж, цаазаар авсан хэргийг цагаатгуулах хүсэлт гаргасан байна. Тиймээс хэргийг дахин шалгаж, бичиг баримтуудтай танилцаж Нэгдсэн улсын шүүхээс 70 жилийн өмнө хэлмэгдэж амь насаа алдсан хүүгийн нэр төрийг сэргээхээр болоод байна.

Энэ мэт хэрэг дээхэн үед олон гарч байсан байх магадлал их. Жирийн иргэд эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөсдөж, хийгээгүй хэргийн ялыг үүрч, амь насаа зольсон хэрэг зөвхөн Жорж Стенлид тулгарсан биш.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ