Украинд хүний амь эрсдэж эхэллээ

Украинд болж буй тэмцэл, жагсаал хяналтаас гарч хүний амт нас эрсдэж эхэллээ. Өчигдөр жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний үеэр буун дуу гарч, хоёр хүн амь үрэгдсэн байна.
Сөрөг хүчнийхний зүгээс цагдаа нарыг гал нээсэн хэмээн мэдэгдсэн. Харин Засгийн газрын зүгээс босогчдыг буу хэрэглэсэн хэмээж байгаа юм. Иргэдийн эсрэг мэдээ мэдээлэл гаргаж байна хэмээн ард түмэн илүү ихээр уурлаж, бухимдан гудамж талбайд эмх замбараагүй байдал улам газар авч байна.
Иргэд цагдаа нарын эсрэг савтай бензин цацаж, чулуу, төмөр шидэж байна. Түүнчлэн замд таарсан бүхнээ шатааж, эвдэлж хэмхэлж байгаа юм. Ийнхүү балмадаар аашилж байгаа хүмүүсийг баривчлан хорьж байгаа бөгөөд одоогийн байдлаар 100 орчим хүн баривчлагдаад байна.
Украины сөрөг хүчний удирдлагууд ерөнхийлөгчид хандан Засгийн газрыг тарааж, ээлжит бус сонгууль зарлаж, жагсаал, цуглааны эсрэг хатуу хуулиа цуцлахыг шаардаж эхлээд байна. Хэрэв энэ бүхнийг хийхгүй бол бослого үймээн намжихгүй болохыг анхааруулав.
Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ