Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олон дотор хөгжүүлэх нь чухал

Сэргээн засалт гэдэг нь зөвхөн эмчилгээ биш

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар сурвалжилахаар Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийг зорив. Байгууллагын нэрийг бясалгасан шиг ээ явлаа. Яаж ч бодсон “сэргээн засаад хөгжүүлнэ” гэсэн санаа цээжинд хурган байв. Түлэнхийн төвтэй зэрэгцээ хоёр давхар ягаан алаг байшингийн үүдэнд нэг л мэдэхэд хүрээд иржээ. Зоримогхон яваад орвол үүдний хүлээлгийн гэхээр сандал дээр хажуудаа тэргэнцрээ тавьсан эр их л жаргалтай нуга, нуга инээн халуун хоол, цай зооглож харагдана. Дэргэд нь ахан дүүс нь бололтой хүмүүс мөн л хөгжилдөн байв. Эмнэлэгт хэвтсэн нэгнээ эргэж ирсэн нь хараажаар илт. Үүдний харуулд нь үнэмлэхээ үзүүлэн, үгээ хэлбэл их л уриалгахан хүлээн аваад хоёрдугаар давхарт гарч, Наранбаатар гэдэг хүнтэй уулзахыг зөвлөв. Заасан давхарт нь гарвал нэгэн самбар нүднээ туслаа. Сонирхвол, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилд орохдоо хэрхэхийг нэгд нэгэнгүй зөвлөжээ. Намтар, түүхээ хэрхэн цээжлэх, яаж бэлдэх, ярилцлагад орохдоо яах, өөрийгөө хэрхэн илэрхийлэх, бичиг баримтаа бүрдүүлэх гээд л хөвөрнө. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Сэргээн засалт, оношилгоо, эмчилгээний төвийн дарга З.Наранбаатарын өрөөнд зөвшөөрөл аван орлоо. Цагаан халаад өмссөн, инээд цалгиасан, залуухан дарга ажээ. Эднийхэн хүнийг үргэлж инээмсэглэн тосдог юм уу даа хэмээн бодогдов. Зорисон хэргийг минь сонсоод суухыг урин, өөрөө ч надад дөхөн ирэх нь хэдэн үг солихыг зөвшөөрсний тэмдэг гэлтэй. Бид ийн хөөрөлдөв.

-Танай төвийн зорилго, ажил төрлийн онцлогоос яриагаа эхлэх үү?

-Тэгье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж, үйлчилгээ үзүүлэх. Түүнийг бүх талаар нь төгс/универсаль/ түвшинд хүргэх юм. Сэргээн засалт гэхээр өмнө нь зөвхөн эмчлэх гэж ойлгодог байлаа. Одоо бол оношилгоо, эмчилгээ, сургалт, хөдөлмөр эрхлэлт, боловсрол олгохыг нэгэн цогц болгосон гэж ойлгож болно. Үндсэндээ ийм ажил явуулдаг улсын цорын ганц байгууллага гэх үү дээ. Харьяаллын хувьд ХАХНХЯ-нд багтдаг ч, ЭМЯ, БШУЯ, бусад байгууллагатай агентлагийн хэмжээнд шууд хамтарч ажилладаг газар даа.

-Бүтцийн хувьд ямар зохион байгуулалттай вэ?

-Мэдээж санхүүгийн албатай. Сургалт, судалгаа, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй. Хуучнаар бол Техник мэргэжлийн сургууль юм уу даа. Хүүхэд, залуусын хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь тохируулан мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэшүүлэх төв. Тухайлбал, оюуны чадавхитай хэсгийг нь компьютерийн сургалтад хамруулдаг кабинеттэй. Одоогоор арав гаруй хүүхэд сурч байна даа. Нийгэм, олон нийт, хамтын ажиллагааны газар гэж бий. Дотоод, гадаадын байгууллагуудтай харилцаа, холбоо тогтоон, хамтарч ажилладаг юм. Протез, ортопедийн үйлдвэр байна. Хүмүүс анддаггүй юм билээ. Хуучны үйлдвэрийг манай харьяанд өгсөн. Их үр дүнтэй ажилладаг газар. Эрт үеийн оношилгооны алба бий. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх зорилготой. Зарим хүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ нуучихдаг. Ингэснээр өвчин нь даамжраад хүний гарт орно шүү дээ. Гэрт түгжигдмэл тэдгээр хүүхдийг ил гаргаснаар сэргээн засалтад хамруулдаг. Тэгсэн цагт ядаж л өөрөө хоолоо идэж, бие засдаг болчихно. Гэх мэтийн ажил явуулахыг манайхан зорьдог гэхэд болно. Харин нэг шинэ газар удахгүй байгуулагдана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс нэртэй байхаар төлөвлөсөн. Үүнийг байгуулахад УИХ-ын гишүүн С.Оюун сэтгэл харамгүй тус, дэм үзүүлснийг мартаж болохгүй. Манай байгууллага энэ жилээс өргөжин, шинэ байртай болох гэж байгаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ маш их дэмжсэн бас хөрөнгө оруулалт олж өгсөнд баярлаад баршгүй. Ерөнхийдөө улсын төсвөөр баригдана.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд манайд яг хэд байдаг юм бэ?

-Хэд хэдэн тоо бий. Судалгааны аргачлалаасаа болдог биз. Ямар ч байсан 107-108 мянга орчим гэдэг. Заримдаа 108 мянга гаруй ч гэх. Цаана нь бүртгэгдээгүй хүүхэд хэд байхыг ч үгүйсгэхгүй.

-Хөгжлийн бэрхшээлийг ангилна биз?

-Янз бүрээр ангилсан харагддаг. Манайх, сонсгол, хараа, тулгуур эрхтэн, сэтгэц, оюун ухаан, унадаг татдаг, хавсарсан гэх зэргээр ангилсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх орчин үеийн чиг хандлага юу вэ?

-Өмнө нь хамт олонд түшиглэсэн сэргээн засалт гэдэг байлаа. Энэ талаас нь авч үзвэл ямар нэгэн байдлаар тэдэнд туслах болж таараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусдын дэмд тулгуурлана гэсэн үг. Одоо арай өөр өнцгөөс хардаг болсон. Хамт олонд хамруулан хөгжүүлэх гэсэн санаагаар явж байна. Ингэснээр тэднийг хамт олон дотор жирийн хүн мэт ажиллаж, амьдрах нөцөл бүрдүүлж байгаа хэрэг. Манай лабораторид Санаа-Амгалан гэдэг хүн 30 жил ажиллаж байна. Яг л жирийн ажилтан мэт явдаг. Ажилдаа үнэнч, хариуцлагатай, цалингаасаа илүүчлэн хадгаламж нээлгэснээр багагүй мөнгөтэй болсон хүн дээ. Хэний ч гар харалгүй амьдардаг гэхэд болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй ямар бэрхшээл байдаг вэ?

-Тоочоод байвал юм гаралгүй яахав. Энгийн бидэнд ч бэрхшээл мундахгүй шүү дээ. Орчны нөхцөл байдал хэцүү байна. Байрны орц, подвол, дэлгүүр, эмнэлэг, байгууллагын үүд тэдэнд зориулсан замгүй байх нь элбэг. Бараг бид бүдчих гээд байхад тэд яах болж байна. Уг нь шууд яваад орчихдог тэргэнцэртэй хүний зам байхад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй, хүүхдээ, хүнд ачаа тээсэн, түрсэн хүмүүс ч түүгээр орж, гарна биш үү. Жорлонгийн суултуурын асуудал байна. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан түшлэгтэй суултуур бүхий жорлонтой газар ч ховор. Тиймээс энэ бүхнийг хэрэгжүүлэх түгээмэл орчин бий болгох нь чухал юм. Түгээмэл орчин гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй хэн бүхэнд үйлчлэхийг хэлээд байгаа юм.

-Танайх хэвтүүлэн эмчилдэг эмнэлэгтэй гэсэн байх аа?

-15 ортой, таван кабинеттэй эмнэлэгтэй. Амбулаторийн үзлэгээ ч хийчихдэг. Шинэ байранд орохоор өргөжих нь лавтай. Бид ийн ярилцаад Монголд анх удаа шинээр байгуулагдсан эмчилгээний кабинеттэй танилцахаар гарав. Замдаа нэгэн кабинетээр орвол, компьютерийнх ажээ. Арав гаруй охид, хөвгүүд интернэтээр аялан, цахим сонин уншиж, зарим нь тоглон, нэгэн охин шивсэн материалаа хэвлэн зогсох нь яг л манай вэб сайтын ажилтнууд мэт харагдана. Кабинетийн зохион байгуулалт нь ч тун ойролцоо санагдав.

Б.Лхамхүү: Эрт илрүүлээд физик эмчилгээтэй хослуулбал үр дүн маш сайн

Хөдөлгөөн засалтын өрөөгөөр оров. Хүнийг чухам л яаж л бол яаж хөдөлгөхөөр багаж, техникээр тоногложээ. Бүхэл бүтэн фитнесс клуб шиг харагдана. Хөдөлгөөн засалч Б.Лхамхүү гэдэг шавилхан бүсгүйтэй уулзлаа. Тэрээр ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургуулийг өнгөрсөн онд энэ мэргэжлээр төгсчээ.

-Өөрийн чинь мэргэжлийг манайд анхдагч, шинэ гэж сонслоо?

-Тийм ээ. Би гурав дахь төгсөлтийнх нь мэргэжилтэн. Өмнө нь манайд яг ийм мэргэжил, мэргэжилтэн байгаагүй юм билээ. Зөвхөн физик эмчилгээ л гэж байсан гэдэг. Шарлага, зүү, төөнүүр, шавар, бариа засал, усан эмчилгээ гээд байдаг юм. Хөдөлмөр эмчилгээ, сонсгол, хэл яриа засалт байдаг. Одоо хөдөлгөөн засалттай болсон нь шинэ эмчилгээ болж таараад байгаа юм.

-Эмчилгээний чинь онцлог юу вэ?

-Өвчтөнүүдийн алдагдсан хөдөлгөөнийг, тэгэхдээ том үенүүдийнхийг сэргээдэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, булчингийн хүч, үеийн далайц, суурь хөдөлгөөний алдагдал, алхах, босох, суухыг шат дараалалтай сэргээнэ гэсэн үг. Тархины саажилтай хүүхэд, цус харвасан, мөч нь тайрагдсан, нуруу, нугасны гэмтэлтэй, үе мөчний өвчтэй хүмүүс ч ирдэг. Зарим хүнд хийх хөдөлгөөн, дасгалыг нь зааж өгөөд гарын авлагаар ханган гэрт нь хийлгэдэг тохиолдол бий. Гэхдээ энд аппарат, хэрэгсэл дээр хийлгэвэл илүү үр дүнтэй нь мэдээж.

-Илааршилт хэдэн хувьтай байдаг вэ?

-Аль болох л эрт илрүүлбэл сэргэлт сайн авдаг юм. Жишээлбэл, тархинд нь цус харвасан хүнийг эхэн үед нь буюу зургаан сарын дотор эмчилбэл үр дүнтэй байдаг. Физик болон бусад эмчилгээтэй хослуулбал бүр ч сайн. Миний удаа нь сонирхсон газар бол телевизийн “Тулга-5” студи билээ. Хөөрхөн, тохилог студи юм.

Зовлогоос илүү жаргалыг мэдэрч амьдардаг

Миний эртний танил, Монголын хэвлэл, мэдээллийн салбарт хориод жил бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж яваа анд минь удирдаж байдаг байгаа. Хөдөлгөөний болон хэлний бэрхшээлтэй энэ эрийг манай салбарынхан андахгүй дээ. Улаанбаатарын унаган хүү Б.Оргодол хөгжлийн бэрхшээлтэй ч хэцүүхэн мэргэжил эзэмшин одоо хэнээс ч дутахгүй хөдөлмөрлөж яваа нь бахархал төрүүлдэг билээ. Тэрээр, нийслэлийн 12 дугаар сургуулийг амжилттай төгсөн, МУИС-ийн Сэтгүүлзүйн ангийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн нэгэн. Хөдөлгөөний болон хэлний бэрхшээлтэй нэгэн залуу үе үе сэтгүүлчдийн дунд явуулдаг сургалт, семинарт сууж харагддаг байлаа. Тэгж явсаар бид танилцсан түүхтэй. Одоо ч бид үе үе сургалт, семинарт хамт сууцгаадаг. Тэгэхэд тэр “Хүмүүн заяа” сонины сурвалжлагч, эрхлэгчээр ажилладаг байв. Бичсэн мэдээ, ярилцлага, сурвалжилга, нийтлэл, хөргийг нь бишгүй дээ л уншиж явлаа. Сэтгүүлзүйн бүх төрлөөр биднээс огт дутахгүй бичдэг нь гайхал төрүүлдгийг нуух юун. Үг үсэг, утга найруулгын алдаа огт гаргадаггүй нь түүний оюуны чадамж өндрөөс гадна, авьяас, билэг төгөлдөр нэгэн гэдгийг нь давхар баталдаг даа. Хөгжлийн бэрхшээлтэй ч, хэнээс ч, юугаар ч дутахгүй хүн байдгийн амьд жишээ гэхэд хилсдэхгүй. Ер нь тийм гэдгийн жинхэнэ баталгаа болсон хүн гэхэд ч болно. Тэдний студи улиралд нэг нэвтрүүлэг бэлдэн бусад телевизээр олонд хүргэдэг юм билээ. Нэвтрүүлгээ өөрөө бэлддэг нь мэдээж. Сэтгүүлчдийн дунд зарласан нэгэн уралдаанд оролцохоор нэвтрүүлгээ хийж суулаа. Санаа, сэдэв нь их сонин санагдсан шүү. Одоохондоо нууцыг нь задлах боломжгүйг болгооно буй за. Найздаа амжилт хүсье. Анд маань яриан дундаа нэгэн сонин санаа хэлснийг хүргэх нь зөв байх. Тэрээр, бодолхийлэн сууснаа, би зовлонгоос илүү жаргалыг мэдэрч амьдардаг. Ажилтай, цалинтай байхад амьдрал сайхаан гэж билээ. Эрүүл саруул бид тэгэхэд юм бүхэнд бухимдан, ертөнцийг өөнтөглөн, өрөөсөн талаас нь харж явдаг улс юм даа гэсэн бодол төрж, цээжний цаагуур харлаад явчихав. Ай хө, амьдралаа гэж... “Амьддаа бие биенээ хайрла” гэж Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар зүгээр нэг хэлээгүй байх. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй хэнийг ч хорвоогийн шаргал наран нэгэн адил ээдэг бус уу. Цэнхэр гаригийгхаа цээжин дээр багтаж л байгаа цагт хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, хар, цагаан, шар гэлгүй, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгалгүй нэгэн эхийн үрс мэт бие биенээ хайрлаж, хамтран амьдарцгаая хэмээн сурвалжилгаа өндөрлөе дөө.

Эмч, сэтгүүлч Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ