Лам ном айлдангаа утсаар ярьж болох уу

Манайхан нээрээ 20-иод жилийн өмнөөс л гар утас хэрэглэдэг болсон гэхэд бас их хурдацтай байна шүү. Хаана л ямар шинэ гар утас зохион бүтээгдэж байна тэр нь тун удалгүй л манайд ороод ирчихийн. Тэгээд тэрийг нь авах хүн ч яасан их болсон юм. Үнэ өртөгийг нь ч тоож байгаа юм алга. Гоё ганган л байвал мөнгө хайрлахаа больсон байна билээ. Яахав манайхан баяжиж байгаагийн илрэл байлгүй дээгэж сайшаахаас даа. Харин гурил будааныхаа мөнгийг хомслоод хурааж хуримтлуулсан мөнгөөрөө утас аваад амьдрал ньхэцүүдэж байвал бас л хэцүү дээ. За тэр баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар пад байна аа гэдэг үг байдаг шүү дээ. За ингээд манайхан яаж ийж байгаад л техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлээд алхаад л байна, алхаад л байна. Гэвч утсаар ярих соёл үнэндээ л дутагдалтай байна.

Ерөөсөө хаа ч хамаагүй ярина. Юу ч хамаагүй ярина. Харин ч утсаа гайхуулсхийгээд аль гоё ганган өнгө төрхтэй хавтас хамгаалагч хийнэ. Тэгээд л тэрнийхээ дуудлаганы аян дээр нь сүүлийн үед гадаад дотоодод хит болж байгаа супер дуунуудыг чанга дээр нь тохируулаад тавьчихна. Тэгээд утас нь дуугарангуут тэр дор нь авахгүй ээ. Утасныхаа дууг олон хүнд сонсгох гэж байгаа аятай удаанаас удаан дуудуулна гээч. Тэгээд орилуулж байж утсаа авчихаад олон нийтийн газар байгаагаа ч үл мэдэн хувийг амьдрал, гэр орны хэрүүл, эхнэр нөхрийн маргаан, эх орны нийгэм улс төрийн байдал, за тэгээд цаашлаад эсэн бусын юм хамж шимж ярина. Ярихдаа их чанга дуугаар орилох шахуу ярихаас гадна тас тас хөхрөөд л. Яахав би жаахан хэтрүүлж байж магадгүй ч энэ үнэхээр байгаа үзэгдэл шүү.

Кинон дээрээс харахад Солонгос, Япончууд хаа явсан газраа байнга лутсаараа оролдож, байнга утсаар ярьж байдаг, бүр донтчихсон юм шиг л харагддаг байсан. Техник технологи их хөгжсөн учраас гар утсыг маш их хэрэглэдэг, тэр бүү хэл сургуулийн сурагч нар нь цүнхэндээ зүүгээд л гүйж явдаг байх гэж боддог байлаа. Бас утсаараа хаа байгаа газраа яриад л, утасных нь ярианы үнэ тариф нь маш бага гэж бодож байлаа. Гэтэл яг үнэндээ тийм биш юм гэнэ. Японд амьдарч байгаад ирсэн хүний ярьж байгаагаар Япончууд гар утсыг маш соёлтой хэрэглэх юм гэнэ. Гудамжинд ч юмуу олон нийтийн газар явахад гар утсаараа чанга чанга ярьж яваа хүн бараг байхгүй. Олон нийтийн газар утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал маш аяархан бусдад төвөг удахааргүй байдлаар ярина. Япончууд бусдад аль болох төвөг удах дургүй ясны зантай болохоор тэгдэг байх. Автобус, галт тэрэг, хурдан галт тэргэн дотор бол утсаараа бүр ч ярихгүй. Нийтийн тээврийн хэрэгсэл рүү ороход “Та бусдад саад болохгүйн тулд гар утсаа Дуугүй төлөвт буюу манайхны хэлдгээр вибраатар дээрээ тохируулна уу” гэсэн бичиг байдаг гэсэн.

Санаандгүй байдлаар хэн нэгний утас чанга дуугарвал бүгд тэр хүн рүү харна. Нөгөө хүн нь “уучлаарай, өршөөгөөрэй” гээд л уучлалт гуйгаад утсаа салгах юмуу “Нийтийн тээврийн хэрэгсэл дотор байна” гэсэн тохиргоон дээр тавина. Утсаа бараг л авахгүй. Хэрэв хэн нэгэн утсаар яриад эхэлбэл хажуугийн хүн нь тэр хүн рүү их сонин харах юмуу эсвэл хоёр гараа зөрүүлэн Х хэлбэртэй болгож харуулна. Тэр нь “Та энд утсаар ярьж болохгүй” гэж хэлж байна гэсэн үг. Хэрэв тэр хүн цааш ярьсаар л байвал “Утсаар ярихаа болино уу” гэж их эелдгээр хэлнэ. Ингэж байхыг нь автобусан дотор, галт тэргэнд хэд хэд харсан гэж байна билээ шүү. Харин дараа нь нийтийн тээврээсээ буучихаад утас руу нь залгасан хүн рүү эргэж залгадаг гэсэн. Бодоод байхад жаахан дарамттай юм шиг боловч энэ бол яах аргагүй гар утас хэрэглэх соёл юм.

Харин манайд гар утсаар ярьж болдоггүй газар гэж алга. Төрийн ордон, түргэн тусламж, эмнэлэг, баар, банк, сургууль, анги танхим, автобус унаа, такси үгүй ер нь хаа л бол хаа дуртай газраа дуртай дуу, хоолойгоороо яриж байна. Тэр байтугай албан ажлаа хийж байхдаа гар утсаараа алба, амины ажил ярихыг яана. Жишээлбэл, эмч хүн үзэнгээ, бариач хүн барингаа, нярав мөнгө тоолонгоо, лам ном айлдангаа, гаальч ачаа шалгангаа, багш хичээл заангаа, оюутан лекц сонсонгоо ярьж л байна. Хүний хойтохыг уншиж байхад л гар утас нь тачигнаад ламд амар заяа үзүүлэхгүй байх жишээтэй. Манайд ирж ном айлдсан лам яг ийм үйлдэл хийсэн шүү. Тэгэхэд л уншуулж байсан тэр номных нь ид шид байхгүй болж, надад мэдрэгдэж байсан итгэл үнэмшил ч тэр дороо үгүй болсон.

Гар утас хэрэглэх, эс хэрэглэх нь тэр хүний хувийн хэрэг боловч соёлтой, журамтай бусдад саад болохгүй хэрэглэх нь соёлт хүний бас нэгэн хэм хэмжүүр болж байна. Нутаг орондоо замбараагүй юманд сурчихаараа замбараатай газар ирэхээрээ өөрсдөө эвгүй байдалд орж, тэрнээсээ болж гайхаад, үглээд, стрестээд суудаг нь манайхан гэнэ шүү. Гар утсаар гайхуулдаг цаг гадна доторгүй өнгөрчихсөн гэдгийг манайхан ойлгоосой. Энгийн юм шиг боловч их чухал энэ асуудлын талаар бодолцоод бүгдээрээ гар утас хэрэглэх наад захын соёлд суралцвал нөгөө сүүлийн үед залуучуудын яриад байгаа “Хотын соёл”-ын нэг хэсэг яах аргагүй мөн дөө.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ