“Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг” гэхийг өөрөөр юу гэх вэ

Нэгэн залуугийн блог хуудсандаа бичсэн зүйр үгний талаарх бодлын хэсгээс та бүхэнд хүргэе. Тэрээр: “...Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэнээ. Ямар юмаараа хүнс нэмэгддэг юм. Өдөрт 200 сая хос үүл бороо хоёрын ажлыг хийж, хүн ам 400 мянгаар нэмэгдэж байна гэж сонссоноос өдөрт 200 сая хос загас наадуулж, дэлхийн хүнсний нөөц төдий хэмжээний загасаар нэмэгдлээ гэж сонсоогүй л юм байна. Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гэнэ үү. Энэ одоо хэзээ хэн ч зүйрлэж, цэцэлсэн үг юм бүү мэд. Лав оо сойз, бохь гараагүй үеийнх болов уу. Гарсан байсан ч хэрэглэж мэддэггүй, заваан балиар, эрүүл ахуйн аруйн цэврийг уландаа гишгэсэн, унхиагүй нэгэн нь л зохиосон хэмээн бодогдох юм. Өмхийрөөд л яваад байдаг. Эсвэл жигтэйхэн ариун цэвэрч хүн ч байж мэдэх. Их, бага нь хамаагүй идсэний дараа шүд амаа угаах хүртэлх хугацаанд өмхий байх тул заавал шүдээ угаа гэж захиад л. Энэ ч тэгээд хувийн ариун цэвэр, зохион байгуулалтын л асуудал болохоос хэлж захиад, сургамжлаад, үеийн үед үрийн үрд түгээгээд байх үнэн үг мөн ч юм уу биш ч юм уу бүү мэд.

100 хүний 99 нь лав ууцаа хугалуулж байснаас урмаа хугалуулъя гэнэ дээ. Газар даавуу байдаг нь ч юув дээ, байлаа ч зөөлөн байгаа ч уу үгүй ч үү. Төрийг хийсвэр ойлголт гэдгийг мэдэхээс биш түмэн ширхэг нүдтэй амьд организм гэж мэдэх ч үгүй юм байна. Төрсөн бие болгон хоёр нүдтэй байх албабайх ч үгүй, нэг нүдтэй махчин загас байдаг гэж сонссон л биз дээ...” гэхмэтчилэн бичжээ.

Энэ хүнийг яагаад ингэж бичсэнийг сайн мэдэхгүй байна. Зүйр цэцэн үгний далд утга санааг ор тас мэддэггүй монгол хүн баймааргүй л юм. Би энэ илэрхийлэлүүдийг нь огт муулахгүй, буруушаах ч үгүй. Харин ийм байдлаар ойлгох нь маш буруу шүү гэдгийг нь л хэлэхийг хүсч байна. Зүйр цэцэн үг болгоны ард сайхан сургамж, гүн утга агуулга байгаа шүү гэдгийг хүмүүст хэлж байна. Монгол хэлний ёгтлол гэж нэг юм байдаг даа, ердөө л тэр.Зүйр цэцэн үгийг цаад утгаар нь биш шууд утгаар нь ойлгодог хүмүүст хандаж тайлбарласан гэж ойлголоо. Бараг алдаагүй болов уу, миний мунхаглал. Зүйр цэцэн үгийг ямар үед хэрэглэдэг, юу гэсэн санааг илэрхийлэхэд хэрэглэдэг гэж илэрхийлэх утгаар нь ойлгох хэрэгтэй. Түүнээс биш мушгаад л ахгүй бол хүн биш гээд байж болохгүй.

Монгол зүйр үгэнд авууштай, бодууштай, санаж явбал тустай олон мянган сайхан үг бий. Гээмээр, хаямаар, хэрэглээнээс хасмаар үг бас бий. Тиймээс бүгдээрээ бүтээлчээр сэтгэн аль зүйр үгийг ямар нөхцөлд хэрэглэбэл илүү оновчтой болон, алийг хэрэглэх нь зохимжгүйг дор дороо бодож байх нь зүйтэй биз. Зүйр үг, хэлц үг болгон олон салаа утгатай байдаг. Тэр дундаа Монгол хэл соёл хаа ч байхгүй олон салаа утга илэрхийлдэг. Ингэж хэт туйлширах нь зохимжгүй байх. Амьдралын олон хэв маяг, дэг жаягт тохируулж л хэрэглэнээ үү гэхээс огт үгүйсгэж, хасаж, үеэ өнгөрөөсөн гэж болохгүй шүү дээ. Хаана, хэзээ, хэнтэй, юу ярихаа дор бүрнээ л хичээвээс энэ сайхан үг хэллэгийг ялгаж, салгаж, гоочилж, шилэх хэрэг юун байна. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдгийг орчин үедээ зохицуулаад өөрчлөөд хэл гэвэл, эсвэл оронд нь өөр зүйр үг хэл гэвэл юу гэж хэлмээр байна даа.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ