Бразилд хөлбөмбөгийн ДАШТ болохгүй ч байж мэднэ

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болоход таван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үнэндээ энэ үед тэмцээний бүх л бэлтгэл ажил бараг дуусах шатандаа орж, үйлчилгээ тамирчдыг байрлуулах газар, хот тохижилт зэрэг ажлууд явагдаж байдаг бол Бразилд үнэндээ байдал хүндхэн байна.
Тоглолт явагдах төв стадион өнөөдөр гэхэд баригдаж дуусаагүй, өөр бусад стадионуудын ажил дутуу гэх мэтчилэн тулгарах асуудлууд олон байна. Эдгээрээс гадна иргэдийн эсэргүүцэл нэлээд томоохон шалтгаан болоод байгаа билээ.
Бразилийн иргэд эдийн засгийн хүндхэн нөхцөлд хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулж байгаа нь буруу хэмээж байгаа бөгөөд үүнийгээ илэрхийлэн жагсаал цуглаанууд хийж байна. Бэлтгэл базаагаагүй байдал болон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан зэргээс Дэлхийн Хөлбөмбөгийн холбоо /FIFA/ мухардмал байдалд хүрээд байгаа ч одоохондоо ямар нэгэн шийд гаргаагүй байна. Гэсэн ч ирэх сарын 18 гэхэд стадионы ажлыг дуусгасан байх эцсийн хугацаа өгөөд байгаа. Хараахан баригдаж дуусаагүй байгаа стадион нь 40 мянган хүний суудалтай байх юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард 88 хувийн гүйцэтгэлтэй байсан энэхүү стадион бүтэн гурван сарын дараа гэхэд 90 хувийн гүйцэтгэлтэй буюу дөнгөж хоёрхон хувийн өсөлттэй ажилласан байгаа нь чамлалттай үзүүлэлт юм.
Эсэргүүцэл илэрхийлж буй иргэд стадионы ойролцоо ирж барилгын ажлыг зогсоож “Та нар стадионгүй бол тэмцээнээ зохиож чадахгүй. Бид эсэргүүцлээ илэрхийлсээр байна” гэжээ. Иргэдийн таагүй байдалд нөлөөлж байгаа зүйлийн нэг нь энэ удаагийн хөлбөмбөгийн тэмцээнээр хүний амь нас эрсдэх магадлал өндөр байгаа гэсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард стадионы дээврийн ажлыг гүйцэтгэж байх үед нэг хүн амь насаа алдсан нь иргэдэд муу совин татаж байна хэмээн санагдахад хүргэжээ.
Эдгээр жагсаал эсэргүүцлийн эсрэг Бразилын Спортын яамнаас “Бид иргэдийн жагсаал цуглаанаа тарааж, эв нэгдлийн бэлгэдэл агуулсан дэлхийн аваргын тэмцээнийг товлосон хугацаандаа хийх боломж олгоно хэмээн найдаж байна” гэж мэдэгджээ. Харин үүний хариуд иргэд “Хөлбөмбөгийн ДАШТ эсвэл 2016 оны зуны олимпийн наадам аль нэгийг цуцлахыг Бразилийн засгийн газраас шаардаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ