"Женев II" уулзалтын эхний үр дүн гарлаа

Сирийн хямралыг энхийн аргаар зохицуулахад чиглэгдсэн уулзалт хэлэлцээ Щвейцарийн Женев хотноо үргэлжилж байна. Уулзалтын эхний үр дүн гарч эхэллээ гэж хэлэхэд болохоор байгаа бөгөөд Сирийн эрх баригчид болоод сөрөг хүчнийхэн Хомс хотоос хүүхэд, эмэгтэйчүүдийг гаргах тохиролцоонд хүрсэн талаар ВВС агентлаг мэдээллээ.
Сирийн Хомс хот сүүлийн нэг жилийн турш Засгийн газрын хүчний бүслэлтэд байгаа. Сирийн Засгийн газар Хомсхотын оршин суугчдад зориулан хүмүүнлэгийн хонгил нээнэ гэсэн найдвар байсантай харьцуулахад энэ нь бага алхам боловч хэлэлцээний бодит үр дүн болж байгаагаараа чухал юм.
“Женев II” уулзалтын зорилгод Сирийн сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулах, хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй нэвтрүүлэх зэрэг асуудлууд багтаж байгаа юм. Уулзалтын эхний өдөр Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон сөрөг хүчний “Үндэсний эвсэл”-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн боловч нүүр тулж уулзаагүй юм. Тэд шууд харилцахаас татгалзаж, НҮБ-ын эвлэрүүлэн зуучлагч Лахдар Брахимиар дамжуулан харилцаж байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ