Охидыг Сайпан аралд худалдагдахаас аварлаа

Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гаригт АНУ-ын иргэн И гэдэг эрэгтэйг гэрээс нь баривчиллаа. Тэрээр сүүлийн зургаан жил манай улсад амьдарч байгаа бөгөөд энэ хугацаандаа монгол охид, бүсгүйчүүдийг гадаадад ажиллуулах нэрээр биеийг нь үнэлүүлэхээр зуучилдаг байжээ. Тэрээр өөрийн эхнэр болох Монгол Улсын иргэн Ө-тэй хамтарч уг хэргийг үйлддэг байжээ. Америк эрийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлахад эхнэр Ө нь АНУ-ын газар нутгийн бүрэлдэхүүнд багтах Сайпан арал руу явсан байжээ. УМБГ-ынхан одоогийн байдлаар найман эмэгтэйг гадагш худалдагдахаас авраад байгаа юм. Америк эрийн гэрээс АНУ-д гаргах гэж байсан эмэгтэйчүүдийн нүцгэн зургууд олджээ. Тэрээр эмэгтэйчүүдийг ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт гадагшаа гаргахаар бэлтгэлээ хэдийнэ хангасан байжээ. Энэ хэргийн мөрөөр эх сурвалжаас мэдээлэл цуглуулан хүргэж байна.

20-24 насны арван эмэгтэйг золиослохоор төлөвлөжээ

Америкийн иргэн И нь 2008 онд манай улсад иржээ.

Ингээд Хөвсгөл аймгийн харь яат Ө-тэй хамтран амьдарч хо ёр охинтой болсон байна. Өөрсдөө охин үртэй мөртлөө бусдын охин, магадгүй ээжийг харь улсад худалдахаар зуучилсан тэднийг УМБГ-т шалгаж байна. Байцаан шийтгэх ажиллагааны явцад, эхнэр Ө нь монгол охид бүсгүйчүүдийг АНУ-д ажиллуулна хэмээн хуурч , гадагшаа гаргах ажлыг голлон зохион байгуулдаг байсныг илтгэх сэжүүрүүд олджээ. Энэ шугамаараа АНУ, Монголын хооронд ирж, буцдаг Монголд ажлын байртай болсон байжээ. Тэд бүсгүйчүүдтэй олсон ашгийн 20 хувийг хүртээх , 200 ам.долларын ашгаас 40 ам.доллар өгөх аман тохиролцоо хийдэг байжээ. Хариуд нь бүсгүйчүүдээс АНУ-д очоод шөнийн цэнгээний газар, караокед тайчигч, ширээний хүүхнээр ажиллах, боломжтой бол бэлгийн харилцаанд орохыг шаардсан бололтой. Ийм байдлаар Ө нь олон бүсгүйчүүдээс 10 хүнийг сонгосон байна. Зарим нь өөрсдөө ирсэн гэж байгаа. 20-24 насны эдгээр бүсгүйн гурав нь Толгойтын Зүүнсалаанд амьдардаг бол зарим нь Чингэлтэйн Дэнжийн мянга орчимд амьдардаг байжээ. Ар гэрийнх нь амьжиргааны төвшин сайнгүй байсан нь ийм санал хүлээж авахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Албаныхан хохирогч эмэгтэйчүүдийн хоёрыг хараахан олоогүй байна. Харин үлдсэн наймыг нь жуулчлалын визээр АНУ-д гаргахын даваан дээр аварч үлджээ. Энэ талаар албаны хүн хэлэхдээ, “Жуулчлалын виз 30 хоногийн хугацаатай байдаг. Визийн хугацаа дуусахаар тэднийг харлуулахаар төлөвлөсөн юм билээ. Практикаас харахад ийм хүмүүс золиос болсон эмэгтэйчүүдийн бичиг баримтыг нь хураагаад цагдаа нарын нүднээс нууж , ил задгай газраар явуулалгүй нэг газар бөөгнүүлж хянадаг. Хэрвээ энэ бүсгүйчүүд гадагшаа явсан бол Малайзад амиа алдсан Монгол эмэгтэйн гашуун түүх давтагдаж болзошгүй байсан ” гэлээ.

Сайпан аралд хар тамхины хэрэглээ хяналтаас гарчээ

АНУ-ын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтдаг Марианы арлуудын нэг Сайпан арал гэж бий. Хүмүүс энэ жижигхэн арлыг зугаа цэнгэлийн хяналтгүй бүс гэдгээр нь илүү мэддэг. Учир нь, энд зөвхөн шөнийн цэнгээний газар, караоке баар, казино, саун массаж л хөгжжээ. Тус аралд Орос, Зүүн Өмнөд Азийн орнууд , Филлипин, Тайландаас охид , бүсгүйчүүдийг авчирч шөнийн цэнгээний газарт илээр болон нууцаар биеийг нь үнэлүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд л монгол бүсгүйчүүд үзэгддэг болсон гэх. Америк эр И нь өөрийн эхнэр Ө-тэйгээ монгол бүсгүйчүүдийг ч шөнийн цэнгээний газарт ажиллуулахаар төлөвлөсөн байжээ. Хэрвээ цагдаагийнхан энэ хэргийг цаг алдалгүй таслан зогсоож чадаагүй бол найман монгол охин харийн нутагт бусдын боол болох байжээ. Сайпан аралд Хавай зэрэг арлыг бодвол цагдаа хуулийнхны хяналт сул байдаг гэнэ. Ийм учраас героиныг нууцаар худалддаг байна. Харин марихуан буюу каннабисыг ямар ч хяналтгүй задгай хэрэглэдэг ажээ. Ийм учраас элдвийг сонирхож , гаж зүйлд дурласан жуулчид тус аралд амралтаараа маш их мөнгө цацдаг байна. Интерполоос Сайпан аралд ажиллаж /биеэ үнэлж , тайчигчаар ажиллаж/ байгаа охидууд хо ёр сарын дотор л хар тамхи хэрэглэдэг болдог гэсэн сэрэмжлүүлгийг гишүүн орнуудынхаа цагдаагийн байгууллагуудад тараасан байдаг юм байна.

Гэмт этгээдүүд эмэгтэйчүүдийг, эмэгтэйчүүд гэрийнхнээ хуурсан байжээ

Сүүлийн жилүүдэд манай улсын эмэгтэйчүүдийг гадаад улсад хуурч мэхлэх , мөнгө амлах замаар хүчээр биеийг нь үнэлүүлэх , боолчлох үзэгдэл гарах болсон. Хятад, БНСУ, Филиппин, Макао, Малайз, Тайланд, Турк, Хонконгод сураг алдарсан олон эмэгтэйн араас албаныхан хөөцөлдөж буй. Тэгвэл “АНУ-д тэтгэлгээр суралцуулна, ажилд зуучилна гэсэн зар, мэдээлэлд хууртаж гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол ч гарах болжээ. Шар толгойтой болгон сайн хүн, Америк гэхээр аз жаргал , эрх чөлөөний орон гэж үздэг манайхны сэтгэлгээг гэмт этгээдүүд овжиноор ашиглах болсны дохио нь дээрх хэрэг юм. Америк эрд итгэж АНУ ч биш Сайпан арал руу худалдагдах дөхсөн найман эмэгтэйн тохиолдлоо сургамж аваасай хэмээн цагдаагийнхан хүсч байна. Учир нь, эдгээр найман бүсгүй ар гэрийнхнийгээ ч хуурсан байжээ. Тодруулбал , АНУ-д суралцана, хэлний бэлтгэлд сурна гэж гэрийнхэндээ хэлсэн байсан ажээ. Нээрээ ч “Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа. Сургалтын төлбөрийг маань... сангаас төлж АНУ-д суралцуулах боллоо ” гээд хүүхдүүд маань хүрээд ирвэл бидний заримынх нь толгойд хар төрөхгүй ч байж мэднэ. Иймээс хэн нэгэн таныг эсвэл таны төрөл садан, найз нөхрийг гадаадад сургана , ажилд зуучилна гэсэн бол ядаж холбогдох гэрээг нь, албан ёсны зөвшөөрлийг нь, ажлын байрыг нь үзэж танилцаж байх хэрэгтэй ажээ.

Г.Улсболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ