Украины босогчид Засгийн газартай эхний тохиролцоогоо хийлээ

Украиныг хамарсан бослого үймээнийг намжаах зорилгоор Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний тэргүүнтэй хэлэлцээ хийлээ. Уулзалтын үр дүнд ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн жагсаал, цуглааны эсрэг хуулийг цуцалж, босогчдод өршөөл үзүүлэхээр тохиролцсон байна.

Янукович босогчдод өршөөл үзүүлэх асуудалд тэднийг Засгийн газрын ордон руу халдахаа зогсоож, барилгыг тойруулан тавьсан хаалт, хашилтаа цэвэрлэх нөхцөл тавьжээ. Ийнхүү Украины сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Виктор Януковичтой тохиролцож, бослого үймээнээ намжаахаар болсон байна. Гэхдээ ард иргэдийн зүгээс Украиныг Европын холбоонд нэгтгэхийг саатуулсан Виктор Януковичийг огцрохыг шаардсан хэвээр байна.

Түүнчлэн өчигдөр тус улсын ерөнхий сайд Николай Азаров огцрох өргөдлөө өгч албан тушаалаасаа буужээ. Тус улсын үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд ажлаа хүлээлгэж өгөхөд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм. Азаров хэлэхдээ "Бослого мөргөлдөөний энэ үеэр гарсан хямрал Украины нийгэм, эдийн засаг болоод иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч байна" хэмээн хэлж суудлаасаа буухаа мэдэгджээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ