Хэр чадлынхаа хэмжээнд өмсөцгөөее


Монголчууд шиг ганган атлаа ядуу улс алга. Булган шуба гээд л хагас жилийн цалингаараа хужаад будсан хулганы арьс нөмрөөд л түүнийгээ гурван сар өмсөж есөн сар хадгалаад л. Наадам, цагаан сар болохоор л элдэв үнэтэй хувцасны эрэлд гарцгаана. Алтан шаахай өмсөвч алцан майга нь засагдахгүйн үлгэрээр өөртөө зохистойг сонгоно уу гэхээс өрөөлд гоё байгааг сонгох нь эцэстээ циркийн манежинд сармагчинд сарпаан өмсүүлдэгтэй адил харагддагийг өөрийгөө мэддэггүй хүн бүхэнд захиж байна.
Сар шинийн баяр болох гээд энд тэндэхийн дэлгүүрүүдийн орлого ч ихэд сайжирсан бололтой. Манай эрчүүд, хүүхнүүд цагàан сараар ямар дээл, шуба, нэхийгээр гангарахаа хэлэлцэн дэлгүүр бүрийн хаалга татсаар л явна. “Энэ жил аятайхан хувцас өмсөхгүй бол өнгөрсөн жил тэр тийм хувцастай байсан. Тэрнээс дутна гэж юу байхав. Авч өмсөнө өө” гэсэн хор шарын сэтгэлгээ манайхны сэтнгэлгээнд гүн бат суужээ. Дэлгүүрийн худалдагч, худалдан авагч хоёрыг яриаг сонсоход энэ хувцас дулаахан сайхан шүү, эдэлгээ сайтай, танд зохиж байна гэхээсээ илүүтэй “Юм өмссөн юм шиг харагдаж байна уу гэж нэг нь асуух, нөгөө нь тийм гэж хариулах” хэлбэрт шилжсэн юм шиг. Шуба өмсөөгүй хүн “нүцгэн” мэт харагдах нь л дээ бодвол. Үнэтэй л хувцас өмсөж байвал бусад нь падгүй ч юм шиг. Нэг л сайхан амьтны арьс нөмөрсөн хүүхнүүд болжээ. Саяхан нэг төрийн байгууллагаар орж хүнтэй уулзтал тэндэхийн хүүхнүүд нь бүгдээрээ булган шуба өмссөн байх юм. Булган шубаны үнэ доод тал нь 3 сая төгрөгийн үнэтэй байдаг гэсэн. “Танай байгууллага ч цалин хангамж сайтай юм аа. Өмсөж зүүж байгаа нь ч цаанаа өөр юм” гэтэл уулзаж байсан хүн маань “энэ бүгд чинь өр шүү дээ” хэмээн инээв.
Монголчууд бид өмссөн хувцаснаасаа ичиж байна. Өөртөө таарсан, таалагдсан цэвэр аятайхан хувцсыг бус, үнэтэй брендийн хувцас өмсөхгүй л бол бусдад "тоогдохгүй” болжээ. Бусдад тоогдохын тулд булга минж нөмөрч, үнэтэй брендийн хувцсыг наалтыг нь ил гарган байж өмсөн бусдад "гайхуулцгаана”. Хүмүүс биед эвтэй, өөрт таалагдсан, бас тохиромжтой хувцсаа сонгон өмсдөг байхад, Монголчууд бид бусдад гайхуулах гэж л заавал үнэтэй хувцас өмсдөг болсон гэж үү. Үнэтэй булга минж, үнийг нь харуулах гэсэн, өөрт нь зохисон зохиогүй ядмагхан хувцаслалт дороос баяр баясгалан, гоо үзэмж бус, бусдын атаархлыг "олж харах” гэсэн тачьяадал л мэдрэгдэх аж.
Юм хэтрэхээрээ ямарч үнэ цэнэгүй болдог шүү дээ. Монголд ийм чиг хандлага хэтэрхий газар авсан нь харамсалтай. Европд бол та юу өмссөн зүүсэн ямар ч хамаагүй. Бусдад таалагдах гэж амьдрах биш би хэн бэ? Би юу хүсдэг вэ? гэдэг нь л чухал. Үүнийг эерэг талаас нь харах юм бол манай монгол орон хөгжөөд ч байгаа юм шиг мандан бадраад ч байгаа юм шиг ажиглагддаг шүү. Яахавэнэ бас нэг бодлын дэвшил л дээ. Ер нь хүн аятайхан, цэвэрхэн л харагдаж байвал юу ч өмссөн сайхан л харагдана шүү дээ. Бид өөрсдөө нэг нэгнийгээ өмссөн зүүснээр нь ялгаварладаг муухай зангаа больчихвол л болно.
Эцэст нь гэж хэлэхэд юу өмсмөөр байна, түүнийгээ л өмс. Харин чиний өмссөнийг бусад хүн заавал өмсөх албагүй. Өмсөөгүй гээд чамаас муу, доогуур болчихгүй гэдгийг л ойлго. Юу дуртайгаа өмс. Хэр чадлынхаа хэмжээнд өмс. Хэтрүүлээд хэрэггүй.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ