Хамгийн их эрэн сурвалжилж буй террористуудын жагсаалтад эмэгтэй хүн анх удаа оров

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хамгийн их эрэн сурвалжилж  буй террористуудын  жагсаалтад эмэгтэй хүнийг анх удаа оруулжээ. Америкийн уг байгууллагаас өчигдөр мэдээлснээр, энэ нь тухайлбал 40 жилийн өмнө Нью-Жерси муж улсын хууль сахиулах байгууллагын ажилтны амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж буй  Жоан Чесимард болжээ.

Холбооны мөрдөх товчооны  энэ  эмэгтэйн тухай мэдээлэл өгсөн хүнд 1 сая доллар, харин Нью-Жерси муж улсын цагдаагийн байгууллага мөн 1 сая доллар өгөхөөр амлажээ. Мөрдөх товчооны мэдээлснээр, эрэн сурвалжилж байгаа эмэгтэй нь 61-66 настай ажээ.

1973 онд  хоёр цагдаа Чесимард болон түүний хамсаатнуудын сууж явсан машиныг зогсоожээ.  Тэр үед уг эмэгтэй “Чөлөөлөх хар арми” гэдэг радикал  бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд  хэд хэдэн гэм хэрэг үйлдэж, тухайлбал банк дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байжээ. Тийнхүү буудалцах үеэр нэг цагдаа шархдаж, нөгөө нь алагдсан байна. Чесимард дараа нь баривчлагдаж, бүх насаараа хоригдох ял сонсжээ. Гэвч удалгүй тэр шоронгоос оргож дөнгөсөн байна. Түүнийг 1984 онд Кубад сүүлчийн удаа харсан бөгөөд зарим мэдээгээр, энд тэр улс төрийн учир шалтгаанаар хоргодох эрх олж авч, өнөөг хүртэл нуугдаж байж болох ажээ.

С.Инда

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ