Агнасан тарвага гэрт нь хошгирсноос авгай нь галзуурчээ

Тарвага шороо шиг байх үед Дундговьд болсон хэрэг байгаа юм. Дундговь тарваганы орон байсан гэх яриа л үлдэх дөхжээ. Арга ч үгүй биз. Хөгшин залуу, эр эмгүй хядаж орхисон юм чинь дээ. Дундговийн наад талын сумууд ёстой л тарваганы диваажин байсан гэхэд хилсдэхгүй. Машинтай явахад замын хажуугаар, урд хойгуур сүлжээд л гүйлдэнэ шүү дээ. Ялангуяа Эрдэнэдалай сумынхан тарвагандаа бараг бариулах шахаж байсан гэх юм билээ. Талын цагаан тарвага Дундговийн нэг ёсондоо “брэнд” амьтан байсан гэхэд хилсдэхгүй. Монголын тарвага агналтын тоо, төлөвлөгөөг гүйцээхэд гол үүрэгтэй цөөн аймгийн нэг л дээ. Улсын хамаг тарвагачид тарваганы хорио тавигдангуут тийшээ л очдог байжээ. Улсын олон мэргэн төрсний дийлэнх Дундговиос гарсан ч гэдэг билээ. Тэр үеийн улсын анчин Жарантаа гэх эр Улаанбаатарын СБД-ийн Дамбадаржаад аж төрдөг байжээ. Жилд нэг удаа тарвагачилахаас өөр ажил бараг эрхэлдэггүй байсан бололтой. Улсын төлөвлөгөөгөө биелүүлчихээд үлдсэнийг нь өөрөө борлуулдаг байсан юм уу даа. Тарваганы махаар өвөл бараг тасардаггүй айл байсныг тэр үед хамар хашаанд нь байсан Дондог гэх эр хуучилсан билээ. Дондог тэгэхэд 10 жилийн сургуулийн ахлах ангийн сурагч байжээ. Жарантаагийнх хоёр тэрсхэн хүүтэй бөгөөд нэг нь Дондогтой их дотно, үе тэнгийн нөхөр байж. Хамар хашааны хүүхдүүд болохоор нийлж тоглох нь мэдээж шүү дээ. Орж, гарсан ч хамт байдаг тухайгаа ярьсан билээ.

Тэр хүүг Жаргал гэдэг байж. Жаргалтай тоглох сайхан даа. Хааяа хагас, бүтэн сайнд дүн өвлөөр тэднийд тарваганы мах иддэг байсан юм. Хүн итгэхгүй биз дээ. Тосонд нь чанаад том модон торхонд хөлдөөсөн мах тэдний амбаарт хэд хэд байдаг байж билээ. Тэр үеийн эгэл боргил айлууд толгой, цувдайхнаар л хооллодог болохоор хүүхдүүд залхана биз дээ. Тиймээс Жаргалынд байдаг тарваганы махнаас идэж л махсаагаа гаргадаг байв. Жаргал надаас өөр найзгүй болохоор махыг нь хороолцох хүн олон биш л дээ. Би ганц эмэгтэй дүүтэй учраас тэр маань тарваганы мах идэх биш. Амсах төдий л байсан даа. Аав, ээждээ ч хэлдэггүй, зөвхөн амиа аргалдаг байсан гэх үү дээ. Жаргал маань одоо хаана, яаж шүү явдаг юм бол доо? Тэднийх нүүгээд, Жаргал цэрэгт яваад бараг сураг алдарсан даа. Ерээд оны эхээр нэг сураг гарсан юм. Бүр Дорноговьд гэж сонсогдсон шүү. Одоо тавь шүргэж яваа эр бий. Бидэнд тохиолдсон нэг эмгэнэлтэй явдал байдаг юм. Буг чөтгөрийн хорлол байсан юм болов уу, ёстой хэн мэдэхэв дээ. Далаад оны сүүлчээр болсон зүйл л дээ. Хичээл тарсан учраас Жаргал бид хоёр гэрийнхээ ажлыг амжуулангаа тоглодог байлаа. Хааяа хот орж кино үзэхээс өөр юм байсан биш. Хүүхдийн болон баримтат кино театрт л очиж үзнэ шүү дээ. Ингэж байтал тарваганы хорио тавигдан, жаргалын маань аав, ээж хоёр тарвагандаа явах болов. Хоёр хүүгээ дагуулж явах бөгөөд тэр хоёрыг хичээл эхлэхээр ах дүүс нь авчираад сургуульд нь оруулчихдаг байсан даа.

Тэгээд аав, ээж хоёр нь аравдугаар сар буюу тарвага ичтэл ажлаа хийдэг байсан даа. Тарваганд явна гэж ёстой гадаад явахтай адил юм болно шүү дээ. Улсаас мөнгө төгрөгийг нь өгдөг байсан шиг байгаа юм. Хоол хүнс, лаа шүдэнз, тамхи тариа гээд юу эс мундах билээ. Ээжийнх нь бичиж өгсөн зүйлийг бид хоёр дэлгүүрээс цуглуулаад цүнхэлж, савладаг ажилтай байв. Ер нь гэрээрээ нүүгээд явна гэсэн үг л дээ. Улсаас өгсөн гэрээ ачаад өөрийн гэрийг цоожилж орхиод л гар даллаад гарч өгнө дөө. Тэднийх наймдугаар сарын 12-13-нд нүүдэг байлаа. Очоод төвхнөсөөр байтал 15-н болдог байсан байх. Аав нь 15-ны өглөөнөөс тарвага намнах ажилдаа гарч, ээж нь өвчин, хоёр хүүхэд нь махыг нь газар зууханд галлан, том тогоонд чанадаг ажилтай байж. Өвчсөн тарваганаас шилж байгаад чанахыг нь аваад бусдыг нь холхон аваачаад овоолдог ажилтай байснаа сонирхуулан ярьдагсан. Түүн дээр нь тэр хавийн хамаг ноход зоолохоос гадна элээ, тас овоордог байсан юмдаг уу даа. Сонин сонин юм их ярина аа. Өсвөр насны хүүхэд байсан болохоор бага сага давсалдаг ч байсан биз. Тас, элээ хоёр мах булаалдаж зодолдоод элээ дийлсэн шүү гэж ирээд л ярих. Уул, толгод хоёр шиг юмны бяцхан нь дийлээд байхдаа ч яахав. Би ч бас л хүүхэд юм болохоор адал явдалтай кино үзэж, ном унших адил түүний яриаг их л амтархан сонсдогсон доо.

Тарваганаас бууж ирсний дараахь хэдэн өдрийг ч ёстой бялууртлаа мах идэж өнгөрөөдөгсөн. Тарган шинэ мах амттай болохоор тосонд нь чанасан махыг тоохгүй шүү дээ. Чанасан мах дуусахаар нэг хэсэг завсарладаг байсан юм. Юм элбэг үед нэг их санаанд ороод байхгүй ш дээ. Сониноос нэг сайхан хоол хийдэг байлаа. Манай аав хийдэг байсан юм. Тарваганы элэг хэдийг аваад, үхрийн элэг дэлгүүрээс авчираад махны машинаар татаж байгаад л ялбаг хийж орхино шүү дээ. Тогоо дүүрэн ялбагыг талхтай холиод идэхэд салахын аргагүйсэн. Ногоон сонгиноор хачирлачихаар ямар амттай гэж санана. Хоёр гэрээрээ л идэж гарна ш дээ. Үхрийн элэг нэг, тарваганых нэг гэх маягийн харьцаатай холиод базчихдаг байсан даа. Одоогийнхоор бол таташ юм даа. Тиймэрхүү байдлаар долоо хоногийг элбэг үднэ дээ. Тэр жилийн тарвагачлал бидэнд тэрхүү харамсалтай, эмгэнэлтэй явдал авчирна гэж хэн санах билээ. Наймдугаар сарын сүүлчийн өдөр найз маань дүүтэйгээ хичээлдээ суухаар ирэв. Хашаанд нь хамаатных нь байсан юм. Аавынх нь дүүгийнх гэсэн байх шүү. Нэг их сайхан инээсэн ах хүү байж билээ. Сайхан зантай болохоор нь бид их л дотно харьцаатай байв. Найз маань дүүтэйгээ ирээд гэртээ орсон юм. Ахындаа хоол унд болоод гэрээсээ хичээлд явахыг илүүд үздэг байсан биз дээ. Би тэднийд хонож тарваганы сонин сонсов.

Тэр бид хоёр өөр сургуульд сурдаг тул өдөр хичээл тараад л уулздаг байлаа. Тэр шөнө унтаагүй санагдана. Жаргалын маань дүү биднээс хэд дүү болохоор баахан ярьж байгаад яриандаа согтоод унтаад өгч билээ. Бид хоёр унталгүй ярьсан хэрэг л дээ. Тэр өдрийн хичээлийг үүрэглэн барин жинхэнэ тамтай өнгөрөөв. Байсхийгээд л “Хөөе, нөхөөр. Юу болоод үүрэглээд байна вэ?” гэх багшийн дуугаар цочоод сэрдэг ч буцаад л нүд анилдаад байж билээ. Тэр хэдэн өдөр, хоногуудын жаргалтай өнгөрснийг хэлээд яахав. Жаргал бид хоёр хичээл тарж ирээд бараг шууд тэднийд ороод тарваганы махаа л иднэ шүү дээ. Ахынх нь эхнэр чанаад тавьчихдаг байж билээ. Хөргөгч мөргөгч байхгүй ч мууддаггүй л байсан даа. Давстай усанд дүрээд хатаачихдаг байсан юм билээ. Жаахан шорвогдуу ч сайхан даа, сайхан. Араас нь шанага хүйтэн ус уучихад л болоод явдаг байлаа. Сониноос тарваганы мах нүгэлтэй амархан шингэнэ шүү дээ. Хагас цаг болов уу, үгүй юү л идээд байдагсан. Тиймэрхүү маягаар аж төрөөд 10-аад хонож байв. Нэг өдөр найз маань хичээлээсээ нэлээд урвагар ирлээ. Учрыг нь лавлавал ээж нь өвдөөд аймгийн эмнэлэгт хэвтсэн гэнэ. Өвчин зовлон ярьдаггүй залуу хүн байсан даа. Гэнэт өвдөхийг тэгээд эмнэлэгт хэвтэхийг бодоход хүндхэн юм туссан болж таарав. Томчууд тахал биш байгаа гэсэн шүү юм яриад тийм бол нөхөр нь хамт хэвтэж, тусгаарлагдмаар юм.

Ямар сонин хэрэг вэ гэх шүү л юм ярьж байсныг санаж байна. Одоогийнх шиг утас шөрмөс байсан биш. Томчууд хоорондоо сумын холбоогоор л хэл ам авалцдаг байсан байх. Ах нь Төв шуудан руу явлаа л гэдэг байв. Нэг өдөр найз маань бүр ихэд айсан шинжтэй болчихов. Ээж нь галзуурсан сурагтай. Аав, ээж ч гайхаж байлаа. Лхамаа галзуурмаагүй юм. Ээжийг нь Лхамаа гэдэг сайхан ааштай шар эгч байж билээ. Тэгж байтал нөгөө ах нь Дундговь явах болов. Ээжийг нь авчирч хотын эмнэлэгт хэвтүүлэх болсон гэх. Тиймэрхүү маягтай хоёр гурав хонов. Ах нь ч ирлээ. Ээжийг нь авчираад гэрээр нь ч оруулалгүй шууд л “Шар хадны эмнэлэг”-т хэвтүүлсэн гэнэ. Хагас сайнд эргэж болно. Гэхдээ одоохондоо эргэх барих гээд хэрэггүй байх. Яваандаа болох биз гээд битүү, хатуу юм ярих болжээ. Жаргал дүүтэйгээ хичээлдээ явсаар байв. Явахгүй гээд ч яах билээ дээ. Төдөлгүй аав нь ч ангаа дуусгалгүй гэрээ ачаад ирэв. Томчууд тусдаа юм яриад л байсан. Торх торхоор мах буулгадаг байснаа тэгсэнгүй. Одоо бодоход аргагүй ш дээ. Төлөвлөгөөгөө ч биелүүлээгүй хүн ямар юмных нь мах чанаж суух билээ.

Норм төлөвлөгөөгөө биелүүлчихээд тарвага ичихийн өмнөхөн аминдаа нухсан хэдийгээ л тэгж тосонд нь чанаад торхолдог байж таарна шүү дээ. Тэр орой аав, ээж хоёр энэ талаар ярьсан юм. “Миний хүү Жаргалтайгаа эвтэй байгаарай. Дүүг нь уйлуулж болохгүй шүү. Ээж нь их удаан өвдөх байх” гэж ирээд л ярив. Тэр үед томчууд нэг юм ярьдаг байсан нь санаанд үлджээ. “Шар хадны эмнэлэг”-т хэвтсэн хүн эдгэдэггүй гэсэн яриа л даа. Галзуурсан хүн ч гэдэг байв. Манайхан сэтгэцийн өвчнийг галзуу гэж буруу ярьдаг байсан юм билээ. Жинхэнэ галзуу тусвал эмчилгээгүй бөгөөд вакцин хийлгэхгүй л бол шууд үхдэг ш дээ. Галзуу нохойд хазуулахаар галзуурдаг гэдэггүй юү. Түүнээс биш сэтгэцийн эмгэг өөр өвчин юм билээ. Бүр хожим нь болсон явдлыг ийн сонсов. Жарантаа ах тарвагаа агнаад Лхамаа эгч өвчөөд л байж л дээ. Нэг өдөр хэдэн тарвага өвчиж байгаад жаал ядраад хэвтээд өгч л дээ. Агнасан тарвага хаяагаар нь нэг зулаастай байдаг байж. Яг зүүрмэглэхийн даваан дээр гэрт нь тарвага хошгирчээ. Цочоод харвал агнасан тарваганы нэгийнх нь толгой өндөсхийх шиг болсон байна.

Ингээд машид айн, орилж чарлаад гарч гүйсэн юм байх. Гэнэтийн цочрол сэтгэцийн хурц хямралд хүргэж, тэр нь эмчлэгдээгүй бололтой юм билээ. Тэр үед эмчилгээ энэ тэр ч гэж олигтой юу байхав. “Шар хадны эмнэлэг”-т хориод тайвшруулах талын эм тариа хийгээд догшрол нь буухаар нийтийн тасагт шилжүүлчихдэг байж. Ингээд бөөн сэтгэцийн эмгэгтэнгүүдтэй нийлчихээр яаж ч эдгэх билээ. Хүссэн ч, эс хүссэн ч тэр эмнэлэгт л насыг барна гэсэн үг л дээ. Хааяа гэрт нь гаргадаг ч хавар, намар өвчин нь хөдөлдөг болохоор буцаагаад л эмнэлэг рүү нь авч оддог байжээ. Сэтгэцийн эмгэг сэтгэцийн эмгэг л болохоор эмчилгээгүй байжээ. Харин тарвага яагаад хошгиров гэдэг сонин байгаа юм. Дутуу үхсэн буюу эмнэлгийн хэлээр шоконд орсон тарвага байсан байж мэдэх. Гэхдээ агнасан тарвага болгоны өрийг нээгээд гэдэс дотрыг нь аваад хаячихдаг биш үү? Шоконд орсон тарвага сэрлээ гэхэд толгойгоо өндийлгөж, ганц хошгироод буцаад шоконд орчихмооргүй юм гээд л элдэв зүйл байх. Лам түүнийг эдгэхгүй гэснээр тийнхүү эмнэлэгт очсоноор энэхүү эмгэнэлт амьдралын гашуун түүх бичигдсэн гэдэг авай. Дондог яриагаа ийн өндөрлөсөн бөлгөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ