Москвагийн ахлах сургуульд халдлага гарлаа

Москва хотын 263 дугаар ахлах сургуульд буутай этгээд багшийг болон цагдаагийн нэг офицерийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа.
Буудалцаан болох үед ангид 20 сурагч барьцаанд байсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэ нь удахгүй болох гэж байгаа Сочигийн олимп болохоос өмнө нам жим тайван байдалтай байсан тус улсыг сандаргахад хүргэв.
Орост элдэв хэрэг гарах нь олон ч сургуулийн орчинд ийнхүү буу шийдэм бүхий хэрэг гарах нь тун ховор. Мөрдөх албаныхны өгсөн мэдээллээр хэрэгтэн биологийн хичээл орж байсан ангид орж ирэн винтов буугаар гал нээж багшийн амийг хөнөөсөн байна. Тэрээр нийтдээ 11 удаа гал нээсэн байна. Хэрэг явдал гарах үед орон нутгийн цагаар их үд өнгөрч байсан гэнэ.
Сургуульд буун дуу гармагц цагдаагийнхан хүрэлцэн ирсэн бөгөөд цагдаагийн албан хаагчид хаалга руу дөхөх үед хэрэгтэн гал нээж офицерийг хөнөөсөн байна. Амь үрэгдэгсдээс гадна өөр хоёр хүн суманд өрттөж шархадсан гэж Риа Новости мэдээлэв. Одоогоор сургуулийг бүхэлд нь хамгаалалтад аваад байгаа аж.
Цагдаагийнхан энэ хэргийг нарийвчлан шалгахаар болоод байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээд 24 настай залуу гэхээс өөр ямар нэг мэдээлэл нарийвчлан өгөөгүй байна. Хэрэгтний аав нь ирж түүнийг тайвшруулж бууг нь авсан байна. Түүнээс өөр хүнтэй ярилцахгүй байсан гэнэ. Тэрээр аавтайгаа 15 минут орчим ярилцсаны эцэст бууж өгчээ.
Энэ хэрэг гарсантай холбоотой олимпийн наадмын харуул хамгаалалтыг сайжруулж, илүү сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Учир нь олимпийн наадмын үеэр элдэв халдлага гарч магадгүй гэсэн цуу яриа их байгаатай холбоотой тус улс наадмын харуул хамгалалт, аюулгүй байдалд нэлээд сайтар анхаарч, нэлээд хөрөнгө зараад байгаа билээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Волгаград хотын галт тэрэгний буудалд болсон дэлбэрэлтээс эхлэн ОХУ-д болох олимпийн наадмаар ямар нэгэн муу зүйл болохгүй гэсэн баталгаа байхгүй учир сонор сэрэмжээ нэмэх нь зүйтэй хэмээж байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ