Хожимдож ухаарахаасаа өмнө хэтийдсэн хэрэглээнээсээ татгалз

Хотын гудамжаар алхах таван залуу тутмын гурав нь нүд нь гөлийж оюун санаа нь хаана явна вэ гэмээр чихэвч зүүн алхалдаг явдал нэгэнт нүдэнд харагдсаар дасал болсон билээ.

Бүр байтлаа гадуур чихэвч зүүж явах нь их хотын соёл гэж ярих хүн хүртэл байх юм.

Нийгмийн элдэв бухимдал, хэрүүл шуугианаас өөрийгөө тусгаарлаж дуртай дуу хөгжмөө сонсоод, сэтгэл санаагаа сэргээн цовоо байлгана гэдэг нэг бодлын зөв ч гэсэн хэтийдүүлсэн хэрэглээ рүү орохоороо өвчин болж, өөртөө лай хураадагийг хүмүүс тэр бүр анхаарахгүй, тоохгүй явсаар. Хэзээ нэг цагтхүний ярьсныг сонсох гэж чихээ татан үйлээ үзэж суухдаа л амаа барьж харамсаж суух вий.

Чихэвч гэдэг, цаашлаад чанга дуу чимээ гэдэг хүний чихэнд орших хумсын чинээхэн ямх эрхтэн хэнгэргийг хагалахад ямар ч төвөггүй байдаг аж. Гэхдээ энэ үгийг залуус сонсоогүй биш сонссон. Өдөр бүр эцэг эх, ах эгч нараасаа сонсдог ч тэдний үгэнд орж, авч хэлэлцэх нь тоотойхон байдаг билээ.

Чихэвчний хөгжим сонсоод орчноос тусгаарлагдсан үедээ авто осолд орж, тэнгэрээс унах төмрөнд даруулж амиа алдсан хэргүүд гарч байсныг та бүхэн мэдэж буй биз. Хаанаас юу ч унаж ирж мэдэх, хаанас ямар ч машин гарч ирээд дайрч мэдэх амьд явах баталгаагүй улсад амьдарч байгаа монголчууд бидний хувьд энэ бүр ч чухал асуудал. Чихэвч зүүчихээд ногоон гэрэлд найдан зам гарч яваад гэрлэн дохионы өнгө мэддэггүй жолоочийн “дугуйны нөхөөс” болохыг ч үгүйсгэхгүй.

Чихний өвчлөл манайд хэр их байгаа талаар “ЭМЖЖ” Чих хамар Хоолой, Сонсголын улсын үйлчилгээний СЭШ-ний төвийн сонсгол судлалын эмч, АУ-ны доктор М.Заяагаас тодруулав.

Чихний өвчлөл манайд хэр байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Ер нь чихний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Ялангуяа хүүхэд, залуусын дунд чихний өвлөл их болсон. Насанд хүрэгчдийн хувьд үйлдвэржилт, уул уурхайн дуу чимээтэй холбоотой сонсголын бууралтууд их байгаа.

-Чихэвчний хөгжим сонсдог хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь сонсголд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-Чихэвчний хөгжмийг өдөрт 30 минутаас илүү сонсох ёсгүй. Гэтэл манайхан өдөржингөө шахам чихнээсээ авахгүй байна. Хоёрдугаарт маш чанга дуутай сонсож байна. Жишээ нь чихэвчний хөгжимтэй хүүхэд явж байхад хажууд нь байгаа хүн ямар дуу сонсож байгааг нь төвөггүй мэдэж болж байна. Энэ нь эргээд нөхөшгүй хэлбэрийн мэдрэл, сонсголын бууралт үүсгэнэ.Сүүлийн үед манай дээр нэлээд хүүхэд ирж сонсголоо шалгуулж байгаа. Чих нь шуугиад, сонсголын бууралт эхэлчихсэн байсан. Чихэвчнээс болсон сонсголын бууралттай хүн өдрөөс өдөрт олширсоор байна. 85 хүртэл дицебилийн дуу чимээнд хүн дээд тал нь найман цаг байх ёстой. Тэрнээс илүү байвал сонсголын бууралт үүснэ гэж үздэг. Эсвэл гэнэтийн чанга чимээ сонсох үе бууралт үүснэ. Хувь хүмүүсийн онцлогоос шалтгаална.

Техникийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч Япон улсын хэрвээ чихэвчний хөгжимтэй авто замаар гарч байгаад осолд орвол өөрийнх нь буруу болох талаар хуулиндаа тусгаад хүн бүрийн яс маханд шингэтэл ойлгуулсан байдаг гэнэ. Уг хуулийг хэрэгжүүлсний дараах судалгаагаар чихэвчний хөгжим сонсох хүний тоо 60 хувиар буурсан гэх үзүүлэлт гарсан байна.

Техник технологийн хурдацтай хөгжлийг дагаад хүн болгон л тэдэнд уусаж байна. Мэдээж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Гэсэн ч юм бүхэн хэмжээтэй,хэмжээнээсээ хэтэрвэл хор болдог гэдэг үгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ