Г.Мэнд-Ооёо буяны мөрөөр нүгэл үйлджээ

Соёлын луйварчин Г.Мэнд-Ооёо бурханы нэрээр нүгэл үйлдэж явна. Уг нь ерээд оны эхээр монгол түмний буян заяаг ашид гийгүүлэх Мэгжид Жанрайсэг бурханыг сэргээн босгож залах тухай Монгол Улсын ууган Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хандив өргөлийн ажил улс орон даяар өрнөсөн билээ. 1993 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тусгайлан барьсан гэрийн хойморт ардын зураач Н.Жамбаагийн бүтээсэн Мэгжид Жанрайсэг бурханы 70 см өндөр гипсэн дүрийг залж, сүсэгтэн олноо толилуулан 50 сая төгрөг санд төвлөрүүлснийг тухайн үеийн Соёлын сангийн тэргүүнээр ажиллаж байсан Г.Мэнд-Ооёо батлан хэлсэн байдаг. Тэр өдрийн орой уран барималч маань, бурханаа аваад харья даа гэхэд сангийн тэргүүн, эндээ байж байг гээд өгсөнгүй. Харин маргааш нь ирэхэд урд шөнө хулгайд алдчихлаа гэсэн гэдэг. Цуглуулсан мөнгөө хуу хамчихсан хэрнээ цуутай бурханаа орхиод явчихсаныг нь бодоход харамсмаар.
Уг нь өвгөн барималч Н.Жамбаа Мэгжид Жанрайсэг бурханы дүрийг анх 1975 онд 70х40 см-ийн хэмжээтэй аравчин дээр бүтээсэн юм. Тэгэхийн тулд бүр 1969 онд ардын зураач Н.Цүлтэм гуайн захиалгын дагуу хамтдаа бурхан байсан дуганад орж, суурь тойрмынх нь хэмжээ дамжааг шашин шүтэх хатуу хориотой цагт машид нууцлан авчээ. 1978 онд нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал даргын тушаалаар Мэгжид Жанрайсэг бурханы дуганыг музей болгохоор шийдвэрлэснээс хойш хоёр жилийн дараа МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Майдар ирж үзээд, аравчийг нь аваад тэр чигээр нь баримлаар хийхийг даалгасан байна. 1980 оны хоёрдугаар сарын эхээр жолоочоо явуулж, тавдугаар сард Намын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хурлаар оруулахад бэлэн болго хэмээн хэлүүлжээ. 70 см өндөртэй бүтээсэн баримал бурханы талаар Ю.Цэдэнбал даргын зүгээс тоймтой хариу ирээгүй ч 1987 онд зургийг нь сонинд тавьж, Мэгжид Жанрайсэг бурханыг дахин сэргээх тухай бичсэн байв. Гэвч аль 1937 онд Коминтерний орос сургагч нарын заавраар эвдэж сүйтгэсэн зэс хөөмөл бурханы эд хэсгүүдийг Эрмитаж, Оросын буриад нутгаас эрж хайгаад ч олсонгүй. Тиймээс гучаад оны дундуур сахил санваараа хадгалж явсан Н.Жамбаагийн нүдээр харснаа сэтгэлдээ сэргээж, оюун ухаандаа ургуулж он удаан жил бодсоны эцэст бурханы тэгийн дагуу донжийг нь тааруулж урласан бүтээлээс өөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм байсангүй.
Ийнхүү Ерөнхийлөгчийн 1991 оны зарлиг гарсны дараа Мэгжид Жанрайсэг бурханыг сэргээн босгохдоо уран барималч Н.Жамбаагийн 1980 оны эл бүтээлээс өөр загвар байгаагүй учир түүгээр хийх ажилдаа шууд орж байсан гэж 1996 оны “Билгийн зул” сонинд Урчуудын эвлэлийн хорооны дэд дарга Л.Болд ярилцлага өгчээ. Харин уг эх загварыг томруулах шаардлагын улмаас Н.Жамбаа уран барималч Ц.Адъяа, Х.Болд нартай хамтран хоёр метр 56 см өндөр болгон дахин бүтээж, 1992 оны тавдугаар сард Монгол Улсын тэргүүнд ёслол төгөлдөр хүлээлгэн өгч байсан.
Гэтэл Г.Мэнд-Ооёогийн “Мэлмий нээгч” номонд томсгосон эх загварыг Х.Болд биш, Л.Болд бүтээлцсэн мэтээр ташаарчээ. Энэ талаар иргэн З.Эрдэнэбаяр, Жамбаа багшийн анхны 70 см загварыг томсгоход Л.Болд оролцоогүй, Х.Болд л ажиллаж байсан. “Мэлмий нээгч” номонд Л.Болдыг анхны эх загвар хийсэн мэтээр бичсэн нь ташаа зүйл гэж 2011 онд нотариатаар батлуулан гэрчилсэн баримт байна. Харин дараа нь түүнийг хоёр метр 50 см болгож өөрчлөхөд Л.Болд ажил үүргийнхээ дагуу гипс бэлтгэх зэрэг аж ахуйн ажилд л оролцож байсныг үгүйсгэсэнгүй.
Хандивын ажиллагааны үеэр хулгайд алдсан гэх бурханы эх загвар маань томорч, бас жаахан жижгэрч гурвантаа төрөл арилжсаны эцэст бүр жинхэнэ зохиогчийн нэр хаягаа хүртэл гээсэн байх юм. Соёлын сангийн тэргүүн асан Г.Мэнд-Ооёогийн хөөцөлдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн Л.Болдод “гавьяат” цол олгуулах тухай тодорхойлолтод Л.Болдыг зохиогчоор гуйвуулан өргөмжилж, эрхийнхээ дагуу барималч урчуудыг удирдаж, уран сайхны асуудлыг хариуцаж ажилласан гэжээ. Мөн бурханы нигуурын дүр төрх гаргах ажлыг биечлэн гүйцэтгэсэн, бурхан бүтээх тэг жаягт чадварлагаар хослуулсан гэх мэт гамгүй хоосон магтаал хавчуулсныг бурхан болооч Н.Жамбаа, Ц.Адъяа, Х.Болд гурав яахан мэдэх билээ, хөөрхий.
Харин дэлхийд данстай найрагч Г.Мэнд-Ооёо талийгаач Хөхөөгийн Болдыг монгол түмний шүтээн Мэгжид Жанрайсэг бурханыг дахин бүтээсэн буянтай үйлсээс зориуд гээж, Лувсангийн Болдыг оронд нь тавьсан нь яавч ариун явдал биш. Яагаад гэвэл тэр зохиогчийн эрхийн асуудлаар болсон удаа дараагийн шүүх хуралдаанд одоо хүртэл Л.Болдын талд зогсож, ардын зураач Н.Жамбаа агсны ясыг өндөлзүүлээд байгаа юм. Тэд шүүхэд Мэгжид Жанрайсэг бурханы эх загварыг зохиогчгүй үүсмэл бүтээл хэмээн мэлзэх атал зохиогч нь болж төрөөс хүртсэн гавьяатын тэмдэг Л.Болдын энгэр дээр гялалзаж байгаа нь хачирхалтай.Үүнийг соёлын луйвар гэх үү, соёлтой луйвар гэх үү.
Өмнө нь Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн гэрчилгээг ардын зураач Н.Жамбаад албан ёсоор олгосон юм билээ. Гэтэл талийгаачаас хойш Л.Болдын зохиогчийн эрхийг авах санаархалд тус газрын нэг ажилтан хэн нь хэн бэ гэдгийг сайн мэддэг болохоор халгаасангүй. Энэ хүний дараа харин Н.Жамбаагийн бүтээлийн эхийг хуулбарлаж авах гэсэн шүүхийн хүсэлтэд хагас дутуу хандах болов. Мөнөөх алга болсон 70 см өндөртэй эх загварын зургийг соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо 2011 оны долдугаар сард болсон шүүх хуралдаан дээр гэнэт гаргаж ирж гайхшруулжээ. Ардын зураач Н.Жамбаагийн зохиогчийн эрхийг Ж.Дашдулам нарын үр хүүхдүүд нь одоо хэр эдэлж чадахгүй ядаж явна.
Гэтэл соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо эхийг нь эхлээд хувилж олшруулсан, дараа нь марк болгосон, тэгээд Японд календарийн хуудсанд хэвлүүлсэн, хамгийн сүүлд их шүтээний хөргийг АНУ-ын аялал жуулчлалын газрын ил захидал болгоод явж байна. Эдгээр нь ардын зураачийн бүтээлийг мөнхлөх гэсэн буяны мөр үү, аль эсвэл амарлингуй дүрт Г.Мэнд-Ооёогийн бирдийн шунал уу. Ж.Дашдулам гуайн нөхөр Б.Пүрэвсүрэн, мөнөөх хандивын үеэр алга болсон бурхан нэгэн соён гэгээрүүлэгч амирлангуй дүртний гэрт заларч байхыг зурагтын нэвтрүүлгээр хальт харснаа хартайгаар өгүүлснийг санавал “Гарын таван хуруу” кинонд Шагдар хүүхдийнхээ тоглоомыг хүний охинд аваачаад өгчихсөнийг олж харсан хүү нь “хулгайч аа, хулгайч аа” гэдэг шиг юм болох вий дээ. Мэгжид Жанрайсэг бурханы зохиогчийн эрхийг ардын зураач Н.Жамбаагийн нэр дээр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрүүд давж заалдах шатандаа Г.Мэнд-Ооёгийн хүслийн дагуу эсрэгээр гарч, энэ хэргийг эцэслэн хаасан гэх ойворгон бодлоор гэмгүй дүр эсгэж явна.
Хүн болгон чадахын хэрээр буян хийхийг хүсэвч нүглийн мөрөөр буян үйлдэж болдоггүй юм. Ном хуруулавч тусыг эс олно. Өөрт нь биш ч үр хойчид нь муугаар үсэрхийлнэ хэмээн хуучцуул ихэд цээрлэдэг байлаа. Жамбаа гуайн үр хүүхдүүдээс үнэн мөний учрыг олохоор арван жил хүлээжээ. Ардын зураачид нэр дэвшүүлсэн УЭХ-ны хурлын шийдвэрийг арай болоогүй ээ гээд аваад ирж байсан Н.Жамбаа агсны бүтээлийг мөнхлөх бус, хийж бүтээх гэсэн амьд сэрүүн цагийнх нь хүслийн зулыг ийнхүү гутааж яваа соёлын луйварчдад Мэгжид Жанрайсэг бурханыг дахин бүтээсэн үнэн түүхийг дахин хатуу сануулах болно.
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ