Газарзүйн өвөө

Өдгөө нас сүүдэр наяыг зооглож байгаа ч улсынхаа эрдмийн хойморт олон шавь нартаа эрдмээ өвлүүлсээр байгаа эрдэмтэн багш, өвгөн профессорын тухай дор сийрүүллээ.
Манай нийтлэлийн баатар Монгол Улсын их сургуулийн Газарзүй-Геологийн сургуулийн газарзүйн тэнхмийн зөвлөх профессор Мөнхнасангийн Баянтөр гуай юм. Түүнийг онцолсоны учир юун гэвээс М.Баянтөр наян настай азай буурал болсон хэрнээ Монгол Улсад газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зүтгэсэн насан туршийн хөдөлмөртөө одоо хэр үнэнчээр байгааг өөрийн эрхгүй бахдах сэтгэл төрсөндөө тэр.
Өвгөн профессор Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт 1934 онд мэндэлсэн. Манай орны түүхэнд хар толбо үлдээсэн хэлмэгдүүлэлтийн шуурга ид эхэлж олон мянган эрдэмтэн мэргэд хэлмэгдэж байхад тэдний хойчис болон мэндэлж байсан ажгуу.
1956 онд Монгол Улсад газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ боловсролын салбарт тулгарч ахуйд хорин хоёр настай ид залуу нийтлэлийн баатрыг маань Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн газарзүйн факультетэдсуралцуулахаар явуулсан гэдэг. Тэр цагаас хойш М.Баянтөр эх орондоо ид үгүйлэгдэж байсан шинэ тутам шинжлэх ухааны салбарт боловсорч, нутагтаа багшилснаас хойш 53 хаврыг үджээ.
Хүний амьдралын хувьд 53 жилийн хугацаа асар их. Энэ их хугацаанд тэрээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж олон шавь нар төрүүлэн гаргасаар эх орондоо асар ихийг хийж бүтээжээ. Асар их гэдэг ойлголт ч түүний 53 жилийн хөдөлмөрт багадахаар. Тэр их хөдөлмөр зүтгэлээс төрж гарсан эрдмийн бүтээлийн жагсаалт зузаан.
Цухас дурдвал М.Баянтөр МУИС-аас төрөн гарсан газарзүйн салбарын багш нарын ерөн хувь, МУБИС, ХААИС-ийн газарзүйн тэнхмийн эрхлэгчид, тэргүүлэх багш, профессорууд, ШУА-ийн газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ихэнх ажилтнууд М.Баянтөрийн шавь нар юм. Мөн тэрээр социализмын үед ЗХУ болон бусад социалист орнуудад 12000 орчим оюутан сурагчдыг хариуцан өөрийн салбарын мэргэжилтэн болгохоор илгээж байв. Өвгөн профессор үүний зэрэгцээ дунд сургуулийн газарзүйг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан хүн.
Газарзүйч, газарзүйн багш, газарзүйч бүс нутаг судлаач, газарзүйч хөрс судлаач, газарзүйч зурагзүйч, газарзүйч аялал жуулчлал, газарзүйч газрын менежмент зэрэг анги салбаруудыг түүний голлох оролцоотойгоор нээн ажиллуулж байна.
Түүний ажил хөдөлмөрөөс нэгэн зүйлийг онцлоход тэрээр 1965 оноос хойш эдийн засгийн газарзүйн мэргэжилтэнг Монголд анх удаа бэлтгэх болсон төдийгүй энэ салбартаа олон бүтээл туурвисан нь манай улсын эдийн засаг, статистикийн шинжлэх ухаанд үнэт эрдэнэ болсоор ирсэн юм.
Эндээс түүнийг цөөн үгээр тодорхойлоход Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны газарзүйн салбарын эцэг гэж хэлж болох юм. Дунд сургуулийн сурагчаас авахуулаад оюутан, багш нар хүртэл түүний бүтээлүүдийг ягштал уншиж, судлаж ширээнийхээ номыг болгодог.
Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан өвгөн профессор ёстой л их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдгийн үлгэрээр ажиллаж амьдарсаар байна.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ