Осолдсон дүүгийнхээ дүрийг харснаас хойш түүгээр явахдаа сигналддаг болжээ

Энэ бол тун саяхны хэрэг л дээ. Ерээд оны сүүлээр болсон хэрэг байгаа юм. Төв аймгийн Баянчандмань буюу хуучнаар “72” гэдэг нэгэн газар хотоос холгүй байдаг шүү дээ. Тэнд трактор, комбайны ТМС гэж байсныг зарим хүн андахгүй биз. Одоо Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв гэдэг болсон гэнэ билээ. Улаанбаатарын Баянгол дүүргийн Гуравдугаар хорооллын Зургаадугаар бичил хороололд оршин суудаг иргэн Нямдаваа энэ талаар сонирхуулан ярьсан болно. Эхээс ах, дүү гурван хөвүүн байж л дээ. Дунд дүү Давааням нь тэр сургуульд сурах болсон юм байх. Ерэн найман оны хэрэг гэж байгаа. Жил хагас суралцаад трактор, комбайнч болоод эх орныхоо ургац хураалтад хувь нэмрээ оруулахаар дунд дүү нь тийм мэргэжил сонгосон хэрэг л дээ. Ер нь хар багын л машин техникт дуртай, бараг л машиныг “Үүднээ” гэж хэлд орсон шахуу ярьдаг юм. Айлд нэг сонин хүүхэд байдаг даа. Бүр нялхаасаа л нэг юм онцгойлон сонирхоод, түүнийгээ хөөсөөр байгаад хоолоо олж идэх мэргэжилтэй болж орхидог. Тэднийхний хувьд Давааням тийм хүүхэд байсан шиг байгаа юм. Тэгэхдээ чухам яагаад заавал трактор, комбайн сонгосныг мэдэхгүй юм. Ах, дүү хоёр нь ч мэддэггүй байжээ. Ах нь болох үүнийг өгүүлэгч Нийслэлийн нэгэн цэргийн газар офицер байгаад тэр үеэр сайн дураар халагдан бизнест хөл тавьжээ. Жаал жуул юмтай болоод суудлын жижиг тэрэг авч халтуур хийж үзээд болохгүй болохоор нь Солонгос явж хэдэн жил ажиллаж л дээ. Ингэж явахдаа суудлын машинаа дүүдээ унаж байхыг хэлээд өгчээ. Машины донтой дүү нь тэрийг нь унаж аваад Баянчандмань руугаа явжээ. Ангийнхандаа машинтай мундаг хүн болох гээ биз ээ. Залуу насыг ямар мэдэхгүй биш дээ.

Ангийнхан нь ч машиныг нь ээлжилж бариад, бараг бүгд жолооч болоод авсан юм байх. Тэд ч сургуулиа төгсөх ойртжээ. Ах нь Солонгост жил хагас ажиллаад ар гэртээ ч овоо юм илгээсэн гэдэг билээ. Хавар болчихсон оюутнууд хичээл давтахаасаа илүү гадуур дардаг цаг ирж л дээ. Баянчандманийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд ч тэдний жаягаас яахин гарах билээ. Хичээл тарав уу, үгүй юү л машиныг нь бариад тэр хавиар зугаалдаг ажилтай болжээ. Ээлжит нэг зугаалга болж, ангийнхаа дөрвөн бандитай гадуур баахан дараад харанхуй бүрий болсон хойно сумынхаа төв рүү орж ирсэн байна. Сургуулийнхаа оюутны дотуур байрны тэнд ирээд замаас гарах гэтэл гэнэт урдаас нь ганц “нүд”-тэй аварга машин гараад иржээ. Хүүхдүүд хажуу тийш дарах гээд чадсангүй аж. Ачааны машинтай улаан нүүрээрээ мөргөлдөн хэдэн метр газар түрэгдээд зогсчээ. Эрхбиш сумын төв юм болохоор эмнэлэг, цагдаа болно биз дээ. Машин жолоодож явсан хүү газар дээрээ нас барж, хажууд нь урд сууж явсан Давааням их хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Нөгөө хоёр нь гайгүй боловч бас эмнэлэгт очсон байна. Давааням мэдээж сэхээнд очилгүй яахав. Сэхээнд орохынхоо өмнө нөхдөдөө ганц л үг хэлжээ. “Ахад л дуулгахгүй байхсан. Ахыг их санаж байна. Энэ талаар хэлчихвэл хүний газарт ажлаа хийж чадахгүй ш дээ” гээд эмчилгээнд оржээ. Тэрбээр тэр шөнө нь нас барсан байна. Ингээд хүссэн ч, эс хүссэн ч Нямдаваад хэл хүрэлгүй хаачих билээ.

Гэхдээ “Дүүгийн чинь бие маш муу байна” гэсэн битүү хатуу мэдээ очжээ. Ингээд хоёр дүүгийнхээ нэгийг алдсан хүн ухаан зулаггүй ирэлгүй яах билээ. Ирээд оршуулга энэ тэр болоод өнгөрчээ. Машин нь авах юмгүй болчихсон байжээ. Тэр ч мэдээж л дээ. Ингээд Нямдаваа Солонгос руугаа буцалгүй эндээ үлджээ. Тэнд хараар шахуу явсан болохоор тэр биз. Ямар ч байсан холбоо барих боломжтой байсан юм билээ. Хэрэг явдал ийн болоод хоёр жил өнгөрчээ. Нямдаваад гэнэт Хөтөл явах ажил гарав. Юм ч саналгүй гараад өгсөн байна. Санаанд ч оролгүй явж байгаад Баянчандмань хүрээд иржээ. Яагаад ч юм үдшийн бүрий болж байсанд гэрлээ асаагаад давхиж явжээ. “Яг энд дүү маань эндсэн шүү дээ” гэх бодол төрөхүйеэ хартал замын тэхий дунд дүү нь зогсч байж. Машинаа аажуухан болгоод аяархан дөхөөд очтол алга болчихжээ. Уг нь ч баараггүй харагдсан аж. Гэнэт ухаан ороод ухаан зулаггүй давхин явжээ. Нэг мэдсэн чинь Дархан орчихсон явсан гэдэг юм. Тэндээ айж жихүүцэн хоноод Дарханы сүмийн нэг зурхайчид хэлбэл “Айх юмгүй. Ахаа их санаж байжээ. Тэр хавиар явахдаа тэр газраас 100 метр зайтайгаас сигналдаад дахиад 100 метр явбал гэмгүй” гэжээ. Түүнээс хойш тэрүүгээр явбал тийн аргалдан болсон байна. Түүнийгээ хаа очиж харин ч нэг мартдаггүй юм байна. Дахиж тийм зүйл харагдаагүй гэнэ билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ