Зэрлэг цэнгэлийн хохирогчид

Өнгөрсөн жилийн өдийд байна уу. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хурдан морь унаач хүүхдүүд олноороо бэртэж гэмтэн, амь насаа алдаж байгаа тухай аймшигтай мэдээллүүдийг дэлгэн тавьж олныг шуугиулж байсан билээ.
Тэрүүхэн тэр үедээ л шуугиад өнгөрснөөс хойш өнөөг хүртэл шинэ цагийн цээж хөөргөн баячууд доод тал нь 30 40 саяар үнэлэгдэх хурдан морь худалдан авч өвөл зуны бооцоот уралдаан зохион байгуулсаар. Унаач хүүхдүүд ч бэртэж гэмтэж амиа алдсаар л байна. Хамгийн сүүлийн жишээг дурдахад л Өвөрхангай аймагт болсон шинийн гуравны уралдааны урьтал болсон их сорилгод нэгэн уяач өөрийн морийг таслаж авах гэж байгаад унаач хүүг морьтой нь дайрч хүнд гэмтээсэн байна. Уг нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг дэмжээгүй ч хахир өвлийн уралдаан буюу баячуудын зэрлэг тансаглал ийнхүү эхэлж, хүүхдүүд хохирч эхэллээ.
Сар шинэ нэгэнт өнгөрсөн хойно бүс бүсийн, нутаг нутгийн хаврын уралдаанууд шил даран зохиогдох нь дамжиггүй. Тэр болгонд компанийн захирал, нударган баячуудын үнэ цохиж авсан морио хэрхэн хурдлахыг харах гэсэн зэрлэг тансаглалд хүүхдүүд хохирно. Бүр амь насаа ч алдана.
Айлын чигчийн чинээ үрсийг адгуусны нуруун дээр мордуулж олон километрийн хүйтэнд хар эрчээр нь давхиулчихаад бай шагналдаа авсан юмнаасаа өчүүхэн жаахныг нь л хялайлгадаг гэнэ лээ. Морийг нь унаж яваад эндсэн хүүхдийн ар гэрт тэд ямар туслалцаа үзүүлж, яаж туслаж тэтгэсэн бол. Хамгийн гол нь хүүхдийн амь үрэгдсээр байна.
Хамгийн аймшигтай нь бид харсаар, хүүхэд эндэнэ, гэмтэнэ гэж мэдсээр хэрнээ юу ч хийж чадалгүй хэний морь түрүүлж алтан жолоогоо өргүүлэх нь вэ хэмээж суудаг.
Ойрхны хугацаанд гарсан эмгэнэлт жишээг дахин давтан сануулая.
2012 оны өвөл гэхэд л хурдан морь унаач зургаан хүүхэд дөрөөндөө чирүүлэх, моринд өшиглүүлэх, тархины хүнд гэмтлийн улмаас цаг бусаар хорвоог орхиж, эцэг эхчүүдээ амьдын хагацалд учруулжээ.
Харин 2013 оны мөн өвөл гурван хүүхэд унаж явсан дөрвөн хөлтэй адгуусандаа чирэгдэж, өшиглүүлж амь насаа алдаад байгаа аж. Долоо, наймдугаар сард аймаг, сум бүр хурдан морины уралдаан зохион байгуулдаг. Тэдгээр уралдаанд хэчнээн хүүхэд гэмтэж бэртэж, наанадаж насаараа тахир дутуу болох цаашлаад эцэг эхээс заяасан халуун амиа алдаж байгааг бид мэдэж байгаа билүү.
Хөдөөгийн мал багатай, олон хүүхэдтэй, ядруухан айлыг сонгон авч эцэг, эхчүүдэд нь хэдэн халтар төгрөг атгуулсан болоод л долоо, наймхан настай нялх үрсийн амь насаар зугаацаж байдаг аймшигтай цэнгэл Монголоос өөр улс оронд байхгүй.
Эмээл тохоод нурууг нь авчихна гэж морио хайрлах хэрнээ ээж аавын алгын чинээхэн хүүг яагаад хайрлахгүй байна вэ бид.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ