Нэг л хаврын настай төмөр бетон гүүр

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдгийн адил зүйл монголд олонтаа тохиолдох юм. Түүний нэг бол улс орны өнцөг булан бүрт явагдаж байгаа шил шилээ дарсан бүтээн байгуулалт. Төсвийн мөнгөнд тамтаггүй ихийг тусгасан мөртлөө түүнийхээ багахан хэсгээр барьдаг босгочихдог тийм л улс.

Түүний нэг бол Увс аймгийн Тэс суманд өнгөрсөн оны аравдугаар сарын 12-нд ашиглалтад орсон Нарийний голын гүүр. Анх нээлтээ хийхдээ УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүн хамба лам Чойжамцыг залж, буян номын хур буулгаж, золтой л наадам хийгээгүй. Хавар намрын цагт үер усны асуудлаас болж эх дэлхийгээсээ хэсэгтээ тасардаг нутгийн зон олон санаа зовох юмгүй болсон хэмээн баяр хөөр болж байсан цаг саяхан. Гэтэл ганц жилийн хаврыг даалгүй нөгөө шинэ гүүр тал бүрээсээ эвдэрч, машин тэрэг байтугай хүн явахын эцэсгүй болжээ. Төмөр бетон гүүр ийнхүү тал бүрээсээ эмтэрсэнд нутгийн иргэд гайхаж, нөгөө төсвийн мөнгөөр бүтээн босгосон их бүтээн байгуулалт нь ийнхүү зурсхийн үгүйрч байгаад харамсаж, халаглаж сууна.

Анх тендер зарлахад БНХАУ-ын “HKB” консурциум ялж, 5.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 325 метр урттай төмөр бетон гүүр барьж босгосон. Манай улсын бүтээн байгуулалт, уул уурхайн ихэнх тендерийг нөгөө л урд хөршийнхөн авч, бүтээн байгуулалт хийдэг. Гэтэл иймэрхүү жишгээр гурилдаж, олон жилийн баталгаат чанар нь ийнхүү хэдхэн сарын дараа л үр дүнгээ өгч эхэлдэг. Гэтэл бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч компани хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг тасарсан байдаг.

Төсвийн мөнгө хэмнэж байгаа нэрийдлээр хуучин гүүрнээсээ нэлээд хол барьсан нь 100 гаруй километр замаар тойруу явах болсон байна. Угтаа бол хуучин гүүрийн хажууд барьсан бол хамгийн уртдаа л 500 метр болох байж. Иймд нутгийн иргэд мөнгөө хэмнэх үүднээс хуучин гүүрээрээ аз туршин явж, хааяа хааяа “ослын буулт” хийдэг байна. Улс нь төсвийн мөнгөө хэмнэж, ард иргэд халаасан дахь хэдэн төгрөгөө бодож зорчих эзэнгүй болсон гүүр ийнхүү эвдэрч эхэллээ. Дарга, сайд нарын гэж тодорхойлж болох энэхүү гүүрээр хааяа л машин тэрэг гарч байдаг хэмээн нутгийн иргэд ярьж байна.

Иймэрхүү бүтээн байгуулалт монгол орны өнцөг булан бүрт байгаа. Улсын комисс хүлээн авсан бол хариуцлага үүрэх эзэнгүй болдог ийм улс дэлхийд байхгүй. Угтаа бол улсын комисс бүтээн байгуулалтын ажлын үед хяналт тавих ёстой. Түүнээс биш дууссан хойно нь эргүүлж тойруулж харан, баяр цэнгэл хийгээд баймааргүй байна. Буух эзэн, буцах хаяггүй бүтээн байгуулалтыг хүлээн авдаг улсын комисст хариуцлага оноодог тогтолцоо Монголд дутагдаж байна.

Б.Тэмүүлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ