Бөхчүүд маань хааччихаа вэ

Үндэсний бөхөө үзээд монголчууд янз бүрээр бухимддаг, талцаж маргадаг болжээ. Үзэгч түмэн бөхийн хорхойтнуудаа ийм байдалд оруулж байгаа эзэд нь бөхчүүд өөрсдөө. Хамгийн сүүлийн жишээ Ц.Содномдорж харцага ид олны хэл амны бай болж байна. Гэхдээ үүсээд буй асуудлын мөн чанар нь цаагуураа өөр юм.
Жудаг нь хаачаа вэ?
Өнөө цагт бөхийн дэвжээ, үндэсний бөхөөр хичээллэгч залуус гэрлийн хурдаар гэмээр өсөж байгаа нь магтууштай. Хөгжиж буй спортын жамаар зодог шуудагтай залуус нэмэгдсээр хэдий ч тооноос чанарт шилжих хууль үндэсний бөхөд лав үйлчилж чадахгүй байна гэдэгтэй цөөнгүй хүмүүс санал нийлэх биз ээ. Учир нь бөхийн бусад спортоос ялгарах гол шинж чанар болсон бөхийн жудаг гээч энэ цаг үед ховордож, тийм л шинжийг сэтгэл зүрхнийхээ угт тээж үзэгч олноо баясгахыг хүссэн бөхчүүд цөөрсөнөөр тайлбарлагдана.
Одоо жудагтай бөхчүүд хэр олон байна вэ. За даа нэрлэвэл гарын арван хуруунд багтахаар болсон нь нууц биш.
Зарим хүмүүс бөх үзээд байна уу зодоон үзээд байна уу гэдэг үг ойр ойрхон чихэнд сонсогдох нь гутамшигтай. Даваа өгсөх тусам л биесээ хаялцаж чадахгүй шахааны барьц хүлээсэн, цаг нь болохоор барьцаа өгөлцөж авах гэж бөөн жүжиг, цаашлаад нэг нь унахдаа нөгөө нь давахдаа хор шараа гаргана. Иймэрхүү дүр зураг их болжээ.
Шинэ зуун дөнгөж гаруут л Өсөхөө аварга жижиг Сүхбатыг тийрч нүдээр хараагүй бол итгэмгүй үйлдэл хийснээс хойш тохойлдох, өвдөглөх ч яамай болсон гэмээр.
Аварга, арслангууд нь залуустаа үлгэр болдог, залуус нь ах захын ёсоо сахих явдал үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд үнэхээр ховордсон цаг иржээ.
Чанар нь хаана байна?
Дээр дурдсанчлан зодог шуудагтай эрчүүдийн тоо ихээр нэмэгдэж байгаа ч чанар алга байна. Зарим хүмүүс заалны барилдаан байнга шахуу зохиогдож, улмаар залуу бөхчүүдийн бэлтгэл сайжирснаар ямар ч том барилдаанд хэн нь ч хэнийгээ давахад гайхахгүй болжээ, үүнийг л чанар гэнэ гэх байх.
Тэгвэл үгүй юм. Монгол түмэн цахиур хагалан шинээр төрж буй залуусаа хурайлан дэмждэг ч гаргасан амжилтаа улам бататган цолоо ахиулж, түрүүлж үзүүрлэх бөхчүүдээ л цэнгэлийн манлай хэмээн бах нь ханадаг билээ.
Тэгвэл өнгөрсөн жил түрүүлж арслан цол авсан бөх энэ жилийн наадмын гурав, дөрвийн даваанд өнхрөөд өгдөг, шинэхэн гарьд, заанууд нь ч ийм чамлалттай амжилт үзүүлж байхад хаана нь чанар байгаа юм гэж асуумаар.
Д.Цэрэнтогтох аваргын хэлсэнчлэн “Ноднин улсын наадамд үзүүрлэж түрүүлсэн бөхчүүд энэ жилийн долоогийн даваанд яс гозойж байх хэрэгтэй юм” гэсэн үг хэнд очиж биеллээ олж байгааг харахад хэцүү.
Жишээ дурдая л даа. Олон жил төрийн наадмын их шөвгийг эзэгнэж байсан зургаан залуу заанаас хойшхи жишээг. 2006 онд үзүүрлэж арслан цол хүртсэн Д.Азжаргал түүнээс хойш өдийг хүртэл долоо давж үзээгүй, 2008 онд Д.Ганхуяг арсланд өвдөг шороодож үзүүрлэсэн Н.Ганбаатар гарьд өнөөг хүртэл таван наадамд долоо давж үзээгүй, 2009 онд долоо давж заан цолны болзол хангасан М.Өсөхбаяр заан сүүлийн жилүүдэд 4, 5-ын даваанд Булганыхаа бөхчүүдэд (нэг жишээг дурдахад олимпийн аварга Н.Түвшинбаяр) өвдөглөх болсон, 2011 онд долоо давж гарьд цол авсан Ж.Бат-Эрдэнэ ойрын жилүүдэд заалны барилдаанд хүртэл түрүү үзүүр булаалдах нь бараг харагдаагүй, 2012 онд аймгийн арслангаас улсын арслан цол хүртэж түрүүлсэн П.Бүрэнтөгс дараа жилийнхээ наадамд дор даваанд унасан гэх мэтээр дурдвал нэлээд урт жишээ гарна.
Энэ цаг үеийнхээ үндэсний бөхийн нүүр царай болж яваа тэдгээр улсын том цолтой бөхчүүдийг үзэгч бид бүхэн яг л тэртээх зургаан залуу зааны үе шиг өрсөлдөөнтэй, өгөө аваатай барилдахыг нь харахыг хүлээж л суудаг. Ер нь яаж ч бодсон аймгийн цолтой бөхөд аварга, арслан заанууд дараалан тохуулж унаад байдаг барилдааныг хүсэх вэ дээ. Хуучны аваргууд заан начингуудтай шүргээд л өнгөрдөг байсан гэх яриа энэ цагт ул болжээ.
Хөгжиж байна гэж үү?
Компанийн нэр дээр зодоглохоос өөр ажилгүй, халхгар дээл өмсөж, гүзээгээ унжуулсан бөхчүүд олширсон нь спортын хөгжил биш билээ. Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд боодол мөнгө илүү сайн барилдаад байгаа нь нууц биш. Бөөн найраа, бөөн мөнгө тэнд эргэлдэнэ. Улс орныхоо хөгжилд нөлөөлөх ямар ч үр дүн байхгүй.
Сүмочид ядаж л харийн оронд улсынхаа нэр алдрыг цууриатуулдаг. Дараа нь эх орондоо ирээд хийж бүтээсэн нь бас л бишгүй. Тэгвэл үндэсний бөхийн аваргууд юу хийж гийгүүлж байна вэ. Бохир заваан улстөрд хүртэл оролцож, ерөнхийлөгч хүртэл болох юм гэнэ. Аварга болвол нам дагадаг болоо юу гэмээр. Бүр элдвийн хэрэг төвөгт орооцолдох нь ч энүүхэнд болж.
Зүгээр ч барилдаж чадахгүй хэл амны бай болсон бөхчүүд маань самбо, жүдо, чөлөөтөөр хичээллэж олимп, дэлхийн аварга болохоо байг гэхэд ядаж тивийн хэмжээний тэмцээнээс медаль зулгаах нь ч сураггүй.
Үндэсний бөх гээч спорт маань спорт биш болж юу гээч болж хувирч байгааг уншигч та тунгаана бизээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ