Гэр бүлийн хил хязгаар ба сэтгэлийн тань тав тух

“Чиний энэ байнга манайхаар эргэлдэж байдаг ах дүүгээс чинь би үнэхээр залхаж байна... халуун ам бүлээрээ, гадны хүнгүйгээр хэзээ нэг амьдрах юм бэ?” – хэмээн нөхөр нь цухалдах. “Чи миний ах дүү, найз нөхдийг ад үзээд байгаа юм уу, чи юу яриад байгаа юм бэ, гадны хүн байхдаа яадаг юм, энэ чинь миний эгч шүү дээ, яаж чадаж байна аа...” хэмээн эхнэр нь гомдоно. Хэдий хоёр биендээ хайртай байвч хосууд бие биенээ ийнхүү ойлгохгүй байх нь хэрүүл гомдолд хүргээд зогсохгүй гэр бүл задран салах шалтгаан ч болдог.

Энэ асуудал өнгөц харахад энгийн мэт боловч тийм ч амархан шийдэгдчихдэг асуудал биш юм. Гэр бүлийн оршин тогтнолын чухал бүрэлдхүүн болох гэр бүлийн хил хязгаар хэмээн тодорхойлогддог нэгэн асуудал байдаг. Аливаа гэр бүл өөрийн хил хязгаарын дотор оршин тогтнодог юм.

Хэрэв эхнэр нөхөр хоёрын өсч бойжсон гэр бүлийн хил хязгаар эсрэг тэсрэг хэлбэртэй байсан бол ийм залуус эвтэй найртай гэр бүл байгуулахад тун хэцүү байх болно, яагаад гэвэл аль аль нь өөрийнхөө төрж өссөн гэр бүлийнх шигээ хил хязгаарыг санагалзан яг тийм хил хязгаарыг одооны гэр бүлдээ би болгохыг хүсдэг, тэрийгээ хамгийн зөвд тооцдог.

Хэрэв нөхрийнх нь эцэг эхийн гэр бүл халуун ам бүлээрээ л байхыг илүүд үздэг, ах дүү хамаатан садан нь хөдөө гадаанаас ирж зочлохыг гамшигийн хэмжээнд хүлээж авч дургүйцдэг байсан бол одоо өөрийнхөө гэр орондоо ч илүү дутуу хүнгүйгээр, зөвхөн халуун бүлээрээ байхыг л илүүд үзэж энэ тохиолдолд л сэтгэлийн тав тухаа эдэлж чадна. Харин олон хүүхэдтэй айлаас гаралтай, зочломтгой, ах дүүтэйгээ байнга уулзаж харьцаж байх дуртай эхнэр нь түүнд ойлгомжгүй, амьтан цуглуулж хооллон мөнгө үрэхээс гадна өөрийг нь гэхээсээ илүү ах дүү хамаатан садандаа л хайртай мэт сэтгэгдэлтөрүүлнэ.

Гэр бүлийн хил хязгаар гэдэг нэр томъёог сэтгэл зүйн эмчилгээний салбарт гэр бүлийн дотоод харьцаа болон бусад хүмүүстэй харьцах харьцааг судлахад хэрэглэдэг. Аливаа нэгэн системийн адилаар, ямар ч гэр бүл өөрийн гэсэн хил хязгаар дотор оршдог тухай америкийн сэтгэл зүйн эмч С. Минухин анхлан ярьж эхэлсэн билээ. Хоёр хүн гэр бүл болон хамт амьдарч эхлэхдээ ухамсарласан ухамсарлаагүй гэр бүлийнхээ хил хязгаарыг тодорхойлдог.

Минухин эмчийн тодорхойлолтоор, энэ хил хязгаар нь нэвтэрдэг ( нээлттэй ), нэвтэрдэггүй ( хаалттай ), тохиромжтой ( дундаж ) гэж хуваагддаг. Нэвтэрдэг болон нэвтэрдэггүй гэр бүлийн системүүдийг( гэр бүлүүд) Минухин эмч зөрчилдөөнт систем гэж нэрлэсэн байна, учир нь чухамхүү ийм гэр бүлүүд л хоорондын дотоод зөрчилдөөнөө бие даан шийдвэрлэж чадалгүй салах сарнихдаа тулан сэтгэл зүйчид ханддаг нь ажиглагджээ.

Бидний авсан жишээнд нөхөр нь “хаалттай” гэр бүлээс гаралтай, харин эхнэр нь “нээлттэй” гэр бүлд өссөн байна. Эхнэр нь эхэндээ залуугийн сэтгэлийг түүний хувьд ер бусын гайхамшигтай нээлттэй, чин сэтгэлийн нийцтэй харьцаагаараа татсан. Харин гэр бүл болоод хамт амьдраад иртэл эхнэрийнх нь айл хэсэх дуртай, өөрөө ч өдөр шөнө гэлгүй найз нөхөд ах дүүгээ гэртээ хүлээн авахдаа дуртай байдаг зан нь тун удалгүй нөхрийн хувьдбөөн зовлон дарамт болж ирдэг.

“Хаалттай” гэр бүлээс гарч ирсэн нөхрийн хувьд гэрт нь байсгээд л гадны хүн зочилж байдаг нь огт таалагдахгүй байх нь мэдээж. Дураараа, тав тухтай байж чадахгүй байгаадаа ундууцан уцаарлана. Харин эхнэр нь нөхрөө хамаатан садан найз нөхдөд нь хүйтнээр хандаад эхлэхээр мөн л уурлан гомдоно. Нөхрөө бодон гэртээ хүн авчрахаа больж хаалттай байдалд байя гэсэн ч тэсч чадалгүй үе үе уурлан найз нөхөд, хамаатан садан руугаа “гүйж”,“зожиг” нөхрөө муулан гомдоллоно. Ийнхүү шийдэж чадаагүй гэр бүлийн хязгаарын асуудал хоёр биендээ хайртай байсан хосын хайр сэтгэл, дотны итгэлт харьцааг аажимдаа үгүй болгодог аюултай. (Хэдийгээр зурхайн дагуу хоорондоо төгс тохирч байгаа ч)

Харамсалтай нь, хаалттай болон нээлттэй гэр бүлийн системээс нэгдсэн хүмүүсийн гэр бүл салж сарних нь их байдаг. Нөхөр нь төрж өссөн гэр шиг нь гадны хүн холхиод байдаггүй гэртэй хүүхэн рүү сэтгэлийн амар амгалан байдлаа бодоод яваад өгдөг. Харин эхнэр нь нээлттэй хил хязгаарт дургүйцдэггүй өөр шигээ хүн олбол жаргах болно.

Хэтэрхий “нээлттэй” гэр бүлийн гишүүдийн хоорондын холбоос нэг их бат бөх биш байх нь элбэг: гэр бүлээсээ гадуур харьцах харьцаа нь хамаг хүч чадал анхаарлыг нь сорчихдог. Асрамжийн газар, нийтийн байр, олон хүүхэдтэй гэр бүл, бүгд нэг нэгийгээ таньдаг жижиг тосгон зэрэгт өсч өндийсөн хүмүүс ихэнхи тохиолдолд дэндүү нээлттэй гэр бүлийн хил хязгаарыг байгуулдаг. Том хотуудад иймэрхүү нээлттэй гэр бүл улам цөөрч байгаа нь ажиглагдаж байна.

Хэрэв гэр бүл хэтэрхий хаалттай байвал гишүүдийнх нь хоорондын харьцаа хэт ойр, нэг нэгээсээ дэндүү их хамааралтай болчихдог. Гэр бүл хөгжиж байдаг учраас ( хүүхдүүд нь том болно, эхнэр нөхөр авна) ийм хаалттай байдлаар амьдарч дассан гэр бүл байдал өөрчлөгдөхөд ихээхэн хүндээр хүлээж аван чадах ядахаараа эсэргүүцдэг. Гадны хүн нь ч ( хүргэн, бэр) ийм хаалттай гэр бүлд орох гэж зовох болдог: түүнийг гадуурхан гэр бүлээсээ зайлуулж амрах гэсэн бусад гишүүд түүнийг янз бүрээр гоочлох, хийсэн болгоныг нь голон шүүмжлэх, муулах зэргээр хил хязгаараа хамгаалан дайтах нь цөөнгүй.

Гэхдээ бас хүүхэд бүрт гэр бүлийнх нь хил хязгаар таалагдаад байдаггүй гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Зарим хүүхэд бага балчир байхаасаа л гэрийнхээ дэндүү нээлттэй байдалд дургүйцдэг. Гаднах ертөнцтэй харьцах дургүй, дотоод ертөнцөөсөө энергээ авч байдаг интроверт – хүүхдүүд ийм байдаг бөгөөд том болсон хойноо ийм хүн хаалттай гэр бүл байгуулж авч санаа нь амардаг.

Тэгэхээр, хаалттай гэр бүлд өссөн байж нээлттэй гэр бүлээс гаралтай бүсгүйтэй амьдралаа холбосон хүн яах вэ? Хоёр өөр хил хязгаартай гэр бүлээс гаралтай хайртууд хэрхэн хайр сэтгэл болон гэр бүлээ хадгалж үлдэх вэ?

Юуны өмнө та хоёрын сэтгэлийн тав тухыг алдагдуулж байгаа, та хоёрыг зовоож, уур уцаарыг хүргэж байгаа хил хязгаарын проблем байна гэдгийг ухаарах нь чухал. Хоёрдугаарт, нэг нэгэндээ уурлаж цухалдалгүйгээр, проблемыг ярилцаж харилцан хийх буултуудаа тохирох замаар аажим аажмаар тохиромжит хил хязгаарыг байгуулахыг эрмэлзээрэй. Хэрэв өөрсдөө асуудлыг зохицуулж чадахгүй байвал гэр бүлийн харьцааны асуудлаар зөвөлгөө өгдөг мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ