Олимпийн аварга Д.Баатаржав хөгжлийн бэрхшээлтэй хүн мөн үү?

Сохор ч нүдтэйгээс, гаргүй ч гартайгаас, хөлгүй ч хөлтэйгээс илүү хүн байх юм. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Гавьяат тамирчин Д.Баатаржав билээ. Маргаан үүнээс үүдэлтэй гэхэд болно. Бээжингийн Паралимпийн аварга түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн ОУОХ хүлээн зөвшөөрсөн хэрэг. Тэгвэл тэрбээр эрүүл саруул тамирчидтай өрсөлдөн улсын аварга болж, дээд амжилтыг удаа дараа эвдэж байсныг юу гэхэв. Эмнэлгийн дүгнэлтээр хөгжлийн бэрхшээлтэй ч энгийн дүгнэлтээр түүнийг би эрүүл гэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм нөхдийг эрүүлд тооцох ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй гээд спортоор хичээллүүлээгүй бол бид өнөөдөр Олимпийн нэг аваргаар дутах байлаа шүү дээ. Зөвхөн Д.Баатаржав ч биш, хөгжлийн бэрхшээлтэй ч ОУХМ цолын болзол хангасан  бөх, жүдоч, харваач, мэргэн буудагч, хүндийг өргөгч, хөнгөн атлетикч, элсний волейболч, шатарчин манайд бишгүй бий. Бид сайн мэдэх хөгжимчин, дуучин, бүжигчин, циркчин ч байна. Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэхээр “Бүү бас, бүү гадуурх. Би чиний чаддагийг чадна” гээд байгаа юм. За яахав, урлаг, спортынхон онцгой хүмүүс байж болно. Гэхдээ эдгээр үзүүлэлт энгийн иргэд дотор тэдэнтэй мөр зэрэгцээд ажиллах чадвартай хөгжлийн бэрхшээлтнүүд зөндөө гэдгийг нотлоод байгаа юм биш үү? Тэр ширүүн талбарт тэгж үзэж байгаа нөхөд энгийн талбарт илүү ч үзэхийг үгүйсгэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүйгээс хамааралгүй хүний эрх, эрх чөлөөг эн тэнцүү эдлэхийг Үндсэн хуулиндаа бид тусгачихсан. Тиймээс хөдөлмөрлөх эрхийг ч адилхан эдлэх ёстой гэдгийг л хэлэх гээд дээрх жишээ татлаа. Хөдөлмөр, нийгэм хамгааллын нэгэн сайдын алдаж хэлсэн алдарт үг бий. “Тэд хирдээ таарсан хөдөлмөр эрхлэх ёстой” гэсэн билээ. Үүнийг чинь л басамжлал, доромжлол, гадуурхал гээд байгаа юм. Сайд нь ингэж байхад ажил олгогчид аргагүй шүү дээ. Уг нь, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн иргэнийг ажилд авбал тухайн байгууллагыг улсаас “харж үзнэ” гэх заалт бий. Даанч хэрэгждэггүй бололтой. Тэд одоохондоо  илээч, гар урлалч, нэхмэл, хатгамал, үйлчлэгч, цэвэрлэгч мэт аар саар ажил л хийж байна шүү дээ. Мэдээж, тэд маш цөөхүүлээ. Албан ёсны гэх тоогоор манайд тийм хүмүүс 20000 гаруй гэх. Тийм аваас бид төчнөөн иргэнээ гадуурхан зөнд нь орхижээ. Өнөөдрийн тулгамдсан асуудал яах аргагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болов. Тиймээс тэд энэ талаар Үндэсний чуулганаа Төрийн ордонд өнөөдөр хийж байгаа юм. Түүнээс л нааштай шийд харцгаая. Ерөнхийлөгч нь илгээлт явуулж, УИХ-ын дарга, Ерөнхий болон салбарын сайд нь оролцож буй болохоор итгэл найдварын цог улалзаад байгааг хэлэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай хүн амын дөрвөн хувь хөгжлийн бэрхшээлтэй ажээ. Тиймээс төрийн бүх байгууллага, албан тушаалтанд тэдний асуудал хамааралтай гэдгийг төрийн тэргүүний хувьд онцолж байна” гэсэн бол, УИХ-ын дарга З.Энхболд “Миний бие чиглэл өгснөөр Төрийн ордны хойд талын гол хаалганы гадна, дотно шатанд налуу зам тавьж, ариун цэврийн өрөөг тэдэнд зориулан тохижуулав. Ажлыг эндээс эхлэх учиртай. Цаашид бүх байгууллага ийм болно гэдэгт найдаж байна” гэв. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлд тусламж, дэмжлэг үзүүлэхийг онцгойлон, мөрийн хөтөлбөртөө “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлийн төв”-ийг аймаг, дүүрэг бүрт байгуулахаар ажиллаж байна” гэлээ. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Ийм иргэдийн талаас илүү нь эрчүүд байна. Хүүхдийн эзлэх хувь өссөөр байгаа нь харамсалтай. Тэдэнд зориулсан орон сууц барих, эмнэлэг, сургууль, үйлчилгээний газруудыг ээлтэй болгох, ажлын байраар хангах нь чухал” гэсэн юм. Ухаанаа уралдуулж байгаа хойно учир нь олдох байлгүй дээ.

Г.Мөнхнасан

 

//

СЭТГЭГДЭЛ БИЧИХ