Хажуу өрөөнд нь хурхирдаг эрд дасчээ
Энэ хачин үзэгдэл говийн нэг аймагт яг өнөө цаг дор тохиогоод байгаа тул аймгийн нэр, гэрийн эзнийг нууцлахаас аргагүй билээ. Гэрийн эзэн залуу өөрөө бичиглээчид ярьсан билээ. Намрын нэгэн налгар өдөр говийн аймагт болсон спортын тэмцээнд оролцохын зэрэгцээ нутгийн дүүгийнхээр ороод гарсан юм. Айсандаа ч биш хамт олонтойгоо жаал суухын тулд дүүгийнд хоол идээд гарахдаа саяын ярьсан явдлыг бодон нэгэн бодлын дотор жихүүцэвч нөгөө бодлын инээд хүрэн явсан билээ.
Нутгийн дүү МУИС төгсөөд тус аймгийн ЗДТГ-т ажиллах болсоор гурван жилийн нүүр үзэж байгаа юм. Тэндээ бүр дасчээ. Одоохондоо эхнэр, хүүхэдгүй орь залуу хүн л дээ. Тэндээс нь хоёр өрөө байр өгчээ. Хуучивтар боловч дажгүй байр байлаа. Зочны буюу том өрөө, нэг жижиг тасалгаа бүхий байр юм байх. Зурагт, хөргөгч, компьютерээс өөр хөрөнгөгүй шахам нь аргагүй л орчин үеийн залуу хүний амьдралыг харуулж авай.
Уулзаагүй удсан тул Улаанбаатарын сонин хийгээд амьтан ахан дүүсийн амьдралыг хөөрөлдөн хэсэг суув. Говийн таанатай хурцхан амттай хонины махан хоол идэн суутал “Орой болжээ. Айхгүй бол ах хоноод явахгүй юу?” гэв. Юунаас тэгтлээ айх билээ хэмээн асуултыг нь асуултаар хариулснаа өөрөө ч мэдсэнгүй. “Би танд хэлэхгүй бол болохгүй гэж бодсон юм аа. Манайд нэг юм байдаг юм. Би ч яахав, дасч орхижээ. Эхэндээ их л эвгүй байсан даа. Энэ жижиг өрөөнд шөнөжингөө нэг эрэгтэй хүн хурхирдаг юм. Шинжлэх ухаанаар бол юу ч гэж тайлбарламаар юм.
Мэдэхгүй. Ёстой нөгөө хий үзэгдэл, сонсолт энэ тэр нь байлгүй. Ямар ч гэм хоргүй юм билээ. Одоо харин ч ханьтай юм шиг санагддаг болжээ” гэсэн билээ.Өмнө нь тэнд нэгэн өвгөжөөр ганц бие эр амьдардаг байсныг нас барахаар нь аймгийн ЗДТГ өөрийн нэр дээр авсан аж. Өвгөжөөр эрээс өвлөн авах хүн гараагүй агаад үр хүүхэд, ойрын хамаатан садангүй нэгэн байжээ. Харин аймгийн ЗДТГ-т ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэдгийг нь тун хожим мэджээ.
Нутгийн дүү сургуулиа төгсөх үеийн нэгэн дадлагаа тэр аймагт хийхдээ “онц” байсан юм байх. Шууд татаасаар очжээ. Хотын хүн, тэгээд ч таньдаг чөтгөр ч үгүй учраас байр өгөлгүй яахав. Тэндэхийн хүмүүс байрны явдлыг мэдэх тул хэн нь ч түр болтугай толгой хоргодохыг боддоггүй байжээ. Бүгд л дөлөн оддог болохоор түүнтэй барьцах хүн үнэндээ байсангүй.
Харин ч бусдаас элдэв үг яриа сонсоогүй дээр нь байр өгч салахын түүс болсон юм байх. Байраа аваад тохижуулах барих ч шаардлага байсангүй гэх. Гудас, хөнжил хоёртой очсон хүнд юу байх билээ. Очсон өдөр баасан гараг тул маргааш, нөгөөдөр нь амралтын өдөр таарчээ. Замд ядарсных эртхэн унтаж амрахаар шийдсэн байна. Тэгээд том өрөөнийхөө шалан дээр гудсаа хаяад хөнжилдөө шургаж орхижээ. Залуу хүн нойронд лут болохоор ёстой л толгой дэрэн дээр тавиад өөрөө хурхирч орхижээ.
Эрт хэвтсэнийх үү, элдвийн чимээ, анир гарсных уу, нэг мэдсэн чинь тэрүүхэндээ нойр нь сэрвэлзээд эхэлжээ. Гэтэл гэнэт нойрон дунд нь бараг хажууд нь хүн хурхирах шиг санагдсан байна. Нойрмоглон барин өндийгөөд харжээ. Гэтэл үнэхээр хажуугийн жижиг өрөөнд нь хүн улаан цагаан хурхирч байх нь тэр. Эхлээд чихэндээ итгэсэнгүй. Нойрмоглон байж босоод өөрийн мэдэлгүй өнөө өрөө рүүгээ оджээ. Дөхөх тусам хурхирах нь тодроод иржээ.
Гэнэт энэ чинь юу билээ гээд коридорын гэрлээ асаагаад шагайвал хэн ч байсангүй аж. Гэрэл асангуут хурхирах чимээ арилжээ. Үстэй толгой жинхэнэ арзайна биз дээ. Гэвч яаж ч чадсангүй. Гал тогоондоо ороод хэсэг сууж цайлаад өрөөгөө таг түгжиж аваад, цонхоо дэлгэчихээд хэвтээд өгчээ. Нэг мэдсэн чинь өглөө болсон байж. Гэгээн цагаан өдөр тул айх аюул байсангүй. Өдөржин янз бүрийн юм уншин, ажлаа төлөвлөн өнжөөд шөнө нойр дутуу хоносон учраас мөн л эртхэн хажуулджээ. Эртдээ оройн 20 цагийн алдад хэвтсэн байна. Өрөө гэрэлтэй тул тэр үед янз бүрийн юм сонсогдохгүй болохоор нь унтаж орхиж. Шөнө мөн л хүн хурхираад эхэлжээ.
Бас л зүүд нойрны завсар сонсогдсонд сэрчихсэн байна. Ер нь юу болоод байгааг нэлээд сайтар тунгаахыг боджээ. Яах аргагүй жижиг өрөөнд нь хүн хурхирч байлаа. Энэ удаа коридорынхоо гэрлийг асаалгүй шагайжээ. Мөн л хэн ч байсангүй. Бүр алмайрч орхисон байна. Ингээд бүр аргаа барж, цөхрөөд ер нь юу л болвол болог гээд унтчихаж. Юу ч болсонгүй гэнэ.
Даваа гарагт нь ажлаа хүлээж аваад тэр хавьдаа тохижилт хийгээд төвхнөж авсан байна. Ингээд үдийн цайны цагаар харивал үүдэнд нь нэг настай эмэгтэй сууж байжээ. Эмгэнтэй энэ тэрийг ярихын хамт тэр талаар сонирхохыг боджээ. Тэгсэн нь харин ёстой онож. Эмгэн мэдэхийн дээдээр мэдэж байв. “Аан, хоёр давхарын 20 тоотод ирсэн хүү чи юу? Нэг залуу хотоос ирээд орлоо гэсэн юм. Ийм учиртай байжээ. Тэнд Баасан гэх миний үеийн ганц бие хөгшин амьдардаг байсан юм. Ах, дүү байхгүй хүн байлаа. Тамгын газар элдэв ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Бидэнтэй хөзөр, даалуу тоглодог, хааяахан бага сага балгачихдаг хүн байв. Ёстой хорхойд хоргүй хүн байсан даа, хөөрхий. Дөрвөн жилийн өмнө гэртээ өөд болсныг сүүлд нь олсон гэдэг юм.
Намар орой болсон тул муудаж бариагүй, элдэв үнэр танар гарахгүй болохоор хэн мэдлээ. Гэнэт л манай байрныхан бие биенээсээ асуугаад эхэлсэн юм. Хот явна энэ тэр гэж огт ярьдаггүй, хааяа амралт, сувилалд явах бол бидэнд хамгийн түрүүнд дуулгаад бяцхан дайллага хийчихдэг болохоор сайн мэднэ л дээ. Тэгээд гэнэт хаая, хүүе болоод явчихгүй юу. Тэгж тэгж эрчүүд хаалгыг нь эвдээд орсон гэдэг. Тэгэхдээ цагдаа магдаад хэлээгүй байна лээ. Ороод л орилолдоод явчихгүй юу. Хамаг хувцасаа тайлаад хөнжилдөө ороод унтсан чигтээ явчихсан байлаа гэдэг юм.
Тэгээд бөөн асуудал дэгдэж, цагдаа цуух болсон ч гадны нөлөөгүй, зүрх нь зогссон гэдэг оноштой үхсэн дуулдсан. Байр сууцыг нь булаалдах хүн гарахгүй болохоор нь хоёр жил азнаад байрыг нь Тамгын газар авсан гэнэ билээ. Ингээд чам шиг ирж, очдог хүмүүсийг дамжуулсаар өнөө болсон доо. Зарим нь ганц хоёр хоноод л гараад явчихдаг юм. Харин нэг залуу овоо тэссэн дээ. Тэр лав жил хагас болсон дог. Бас жаахан уучихдаг бололтой хүү байсан. Үе үе халамцуу явж харагддаг юм. Тэр харин нэг их тоогоогүй байх шүү. Тэгээд одоо чам дээр ирж байгаа юм.
Уг нь сайн лам, хард хэлээд аргалуулчихмаар юм даа. Хүнийх нь байдал харин хэнд ч муу юм хийхгүй байх аа. Цагаан мөртэй хүн байсан. Ганц бие учраас сэтгэл нь байрандаа хоргодоо биз дээ. Тэгээд авчихвал чам шиг залуу хүн хувьчлаад авчихад болохгүй юу байхав. Саяхан л 10 хүрэхгүй сая төгрөгийн үнэтэй байсан ганц өрөө байр аймгийн төвд 13 сая болчихлоо гэж дуулдлаа. Цаашид ч өсөх биз. Тэгээд ч чи үргэлж ганцаараа байх биш.
Авгай хүүхэд авах байлгүй. Тэд чинь мэдвэл ганц ч хонохгүй байлгүй дээ” хэмээн чин сэтгэлээсээ ярьжээ. Нутгийн дүү надад энэ бүхнийг яриад “Дүү нь удахгүй гэрлэх санаатай. Хотод нэг бүсгүй бий. Ирнэ гэдэг л юм. Түүнийгээ ирэхээс өмнө энэ асуудлыг нэг шийдмээр байна. Үнэхээр лам арилгадаг юм бол хотоос ч хамаагүй авчирахсан. Эмгэний хэлснээр энэ хавьд аргалчихаар хүн үгүй бололтой. Би өөрөө ч мөн их сурлаа. Даанч мартчих юм даа. Хүн муу юманд амархан дасах юм аа.
Одоо бүр айхаа байсан. Надад л лав юм болоогүй. Хурхирч л байдаг юм. Заримдаа бүр ханьтай юм шиг санагддаг шүү” гэснээр бидний яриа өндөрлөв. Нэг талаас бодоход ёстой хааяагүй байдаг ч юм шиг. Бараг аймаг, сум бүрт шахуу л яригддаг шүү дээ. Нөгөө талаас, үнэндээ огт байдаггүй юм бол бусдыг тэгтэл дэвэргэмээргүй санагдана. Далд ертөнц, далд ухамсар энэ тэр гэсэн яриа сүүлийн үед их гарах болжээ. Унших нэг нь уншаад, орхих нэг нь орхино буй за. Би л хувьдаа нутгийн дүү худлаа яриагүй гэдэгт итгэх бөлгөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ